НЭМГ болон НЦУГ-т бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө

Twitter Print
2020 оны 08-р сар 17-нд 14:55 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд ойр байлгах, тусламж үйлчилгээний түргэн шуурхай байдлыг хангах зорилгоор 2010 оноос эхлэн түргэн тусламжийн салбар төвүүдийг байгуулж эхэлсэн билээ. 2020 онд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн салбар төвийг ашиглалтад орууллаа.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 81 автомашинаар иргэдэд үйлчилж байна. Стандартын дагуу 10.000 хүн ам тутамд нэг автомашин үйлчлэх ёстой гэж үзвэл 130-140 автомашин шаардлагатай байгаа юм. Энэ ч үүднээс НЭМГ-т 40 ширхэг автомашиныг Нийслэлийн төсвөөс шийдвэрлэн өгөх юм. Өнөөдөр эхний ээлжийн 12 автомашиныг хүлээлгэн өглөө. Яаралтай дуудлагад 20 минут дотор очих ёстой. 2016 онд яаралтай дуудлагын очилт 82.1 хувьтай байсан бол 2019 онд 85.4 болон нэмэгджээ. Ийнхүү 40 автомашиныг олгож, парк шинэчлэлт хийснээр яаралтай дуудлагын хүлээгдлийн хугацаа богиносно гэдгийг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар хэлж байв.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “2019 онд Нийслэлийн түргэн тусламжийн төв, Налайх, Багануур дүүргийн ЭМТ-үүдэд таван ширхэг машиныг хүлээлгэн өгсөн.  Өнөөдөр 4.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 40 ширхэг автомашиныг шийдвэрлэн, эхнээс нь хүлээлгэн өгч байна. Парк шинэчлэл хийснээр түргэн тусламжийн хүртээмж, чанар, дуудлагын 20 минутын доторх очилт нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Харин НЦУГ-т нийслэлийн төсвөөс 90 автомашин өгөхөөр шийдвэрлэсэн. Өнөөдөр 65 автомашиныг хүлээлгэн өглөө. Ингэснээр Нийслэл хотын иргэд, оршин суугчид маань аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэж байна" гэв.  

НЦУГ, харьяа нэгжүүдэд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хөдөлгөөнт эргүүл, жижүүрийн шуурхай албанд 2013 онд 75, 2015 онд 8, 2018 онд 19 автомашины парк шинэчлэл хийжээ. Тэгвэл өнөөдөр туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон 64 автомашиныг хүлээлгэн өглөө. Ингэснээр гэмт хэрэг, зөрчлийн газарт 3-5 минутад түргэн шуурхай очиж иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах боломж бүрдэж байна. 

Эх сурвалж:Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.