
2014 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээн 11 хоногийн дараа ОХУ-ын Челябинск хотод эхэлнэ. 36 дахь удаагийн ДАШТ-нд 120 орны 800 гаруй жүдочид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монгол улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин ОУХМ Г.Болдбаатар, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, 73 кг-д Олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар, Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, 90 кг-д ОУХМ Л.Отгонбаатр, -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр нар оролцоно.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг, 52 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ А.Цолмон, 57 кг-д ОУХМ Д.Сумьяа, 63 кг-д ОУХМ Б.Мөнгөнчимэг, ОУХМ Ц.Цэрэннадмид, 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал, -78 кг-д ОУХМ Б.Мөнхтуяа нар багтсан бол дасгалжуулагчаар дэлхийн аваргын мөнгөн медальт, ардын багш О.Балжинням, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, Г.Дашдаваа, Ш.Цэвэлмаа, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нар ажиллах юм.
Монголын багийн бүрэлдэхүүнд Олимп, дэлхийн медальт зургаан тамирчин байгаа нь Олон улсын мэргэжилтнүүдээс амжилт гаргана хэмээн өндөр үнэлгээ аваад байна. 2013 онд Бразилд болсон тэмцээн жүдочид нэг алт, мөнгө медалт хүртэж багийн дүнгээр айргийн тавд орсон нь түүхэнд байгаагүй өндөр амжилт билээ.
Жүдо бөхийн төрөл нь 1964 оноос Олимпийн хөтөлбөрт багтсан бол 1956 онд Японы Токио хотноо анхны дэлхийн аваргын тэмцээн болж байжээ. 35 удаа ДАШТ зохион байгуулагдахад Япон улс 116 алт, 76 мөнгө, 84 хүрэл, Франц 44 алт, 29 мөнгө, 64 хүрэл, БНСУ 25 алт, 8 мөнгө, 50 хүрэл, Куба 17 алт, 18 мөнгэ, 34 хүрэл, Их Британи 16 алт, 17 мөнгө, 29 хүрэл, БНХАУ 16 алт, 12 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн аж.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505