
Өнөө жил Халхын голын түүхт ялалтын 76 жилийн ой тохиож байна. Энэхүү тулалдаанаас олон баатрууд төрөн гарч эх орон тусгаар тогтнолынхоо төлөө алтан амиа өргөсөн. БНМАУ-ын баатар Л.Дандар, Ц.Олзвой, Б.Дорж, Н.Дугаржав дивиз командлан захирагч Ч.Шарийбуу, Тамсагийн YI дивизийн холбоочин Д.Лхгава зэрэг олон аавын хүү Дорнодын талд эх орныхоо төлөө амь хайргүй туладаж явсан он жилүүд түүх болон үлджээ. Бүх эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэж өнөөгийн залуус бид тэргүүн бөхийж, алтан амиараа хамгаалсан эх орноо сэтгэл зүрхнээсээ хайрлан хамгаалах нь учиртай.
Эх орон тусгаар тогтнолын төлөө эрсдэхгүй амь, урсахгүй цус гэж байхгүй. Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн, эрх чөлөө тусгаар тогтнолыг та нартаа үлдээв... БНМАУ-ын Маршал, Ерөнхий сайд асан Х.Чойбалсан
Монголын цэрэг, байлдааны түүхэнд нэр алдар нь тодоор бичигдэн үлдсэн эрэлхэг дайчдын нэг бол Тамсагийн 6-р дивизийн холбоо сумангийн эх зохиогч Даргиагийн Лхагва юм. Түүнтэй хамт байлдаанд орж явсан нөхөд нь “жинхэнэ дайчин эр, баатар байсан юм” гэж ярьж суусан үе саяхан. Гэвч тэд насны эрхээр ертөнцийн мөнх бусыг дагажээ.
1939 оны 5-р сарын 28-ны өдрийн ширүүн тулалдааны үеэр Д.Лхагватай хоёулхнаа таслагдаж, дайсан бүчин орж ирэхэд “Штабын байр руу түргэн гүй. Чи амьд үлдэх хэрэгтэй мэдэв үү? Хоёр амины нэгийг аварч байвал ялалтад нэмэртэй. Яв “ гэсэн эрсхэн үгийг нь даган бүртэлзэн гүйж явсан бүрээч хүү, хожим нь хөгжмийн нэртэй зохиолч болсон Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Бирваа ч алга. Одоо Д.Лхагвагийн гавьяаг гэрчлэх хэн ч байхгүй.
Нэгэнтээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд- Оёо эрэлхэг дайчин Д.Лхагвагийн тухай түүхэн найрууллаа “Бусдын өмнө хийж чадна гэж тооцдог үйлийг гэрчгүй цагт үйлдвэл эр зоригийн дээд тэр мөн” гэсэн Ф.Ларошфукогийн үгээр эхэлж байсанчлан түүний "гэрчгүй “ гавьяаг мартаж болохгүй ч яалтай билээ.
Халх голын ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан Баянцагааны нуруунд босгосон эрэлхэг дайчдад зориулсан цогцолбор хөшөөнд “Эх зохиогч Даргиагийн Лхагва” гэсэн нэр тодоор бичигдсэн. Мөн Өвөрхангай аймгийн төвд Л.Аюуш баатрын талбай дахь “Мөнх дуурсагдах гавьяатнууд” самбарт Д.Лхагва гэсэн нэр бий. Эдгээр дурсгалуудыг үзсэн харсан бүхэн Д.Лхагва гэдэг нэрээс цаашгүй хоцрох нь харамсалтай.
Уг нь Халхын голын дайчин, монгол цэргийн дарга Даргиагийн Лхагва нь судлаач нарын тогтоосноор жинхэнэ эх оронч, эрэлхэг дайчин байсны дээр дайны тэр цагт гавьяагаараа ялгарсан нэгэн гэдэг.
Д.Лхагва дээр дурдснаар бүрээч хүүг яаралтай буцаасны дараа дайсныг хориглон тулалдаж 30 орчим минут барьж 6-р дивизийн штабыг байр сэлгэх бололцоогоор хангасны дээр хүч нэмэх боломж олгосон гэдэг. Д.Лхагва ганцаараа үлдсэн учир түүний хэрхэн тулалдсаныг харсан гэрч байдаггүй. Харин тулалдаан шувтарсны дараа түүний шарилыг олоход дайсан хичнээн их хорсолтойгоор нүд хальтрам болгосон байсныг үзсэн хүн олон. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Оёо 6-р дивизийн амьд үлдсэн ахмад дайчидтай уулзан олж тогтоосноор “16 шархтай түүний дээрээс нь халуун ус асгаж шалзлаад, толгойг нь хуйхалж, хөл гарынх нь хумсыг шатааж тарчлаагаад, дараа нь хөлөөс нь тэрэгний араас олсоор чирч хэсэг яваад орхисон байсан” баримт бий. Дайсныг ингэж хорсгож, арга бачийг нь бартал тулалдана гэдэг үнэхээр эрэлхэг дайчин эрийн л гүйцэлдүүлж чадах хэрэг.
Д.Лхагва агсны шарилыг халуун манхны бөөрнөөс очиж авсан “мөндөл” хэмээх Содном гуай “Хоёр өдөр үргэлжилсэн тулалдааны дараа нар, дарь хоёрт улайдсан элсэн манхны бөөрнөөс ахыг чинь тэврээд босч байхдаа эмтэрсэн элэг өнөө болтол бүтэн болоогүй юм шүү. Хүн үзэхэд нүдний зовлон, ярихад хэлний зовлон, сонсоход чихний зовлон. Үзсэн нүд тэрнийгээ ганцаараа харсаар нүд анивал таарах юм” хэмээн дүүд нь ярьж нударгаараа нулимсаа арчиж суусан гэдэг.
Энэ нүдээр үзэж, чихээр сонсомгүй яргалалыг үзсэн эмэгнэл, харууслын цаана монгол цэргийн дарга Даргиагийн Лхагвагийн баатарлаг гавьяа нуугдан хоцорсон юм. Д.Лхагва бүрээч хүүг штабын байр руу явуулаад ганцаараа хоцрохдоо 16 сумтай гар буутай бас сэлэмтэйгээ үлдсэн гэдэг. Төдхөн түүний нууцлан бүгсэн төгөл хайлаас руу дайсны салаа цэрэг бүчин орж ирснийг хориглолтод орсон нөхөд нь бүгд харжээ. Дайсны энэ давшилт нь Тамсагийн 6-р дивизийн салааны дарга байсан ахмад дайчин Л.Бадамжавын тэмдэглэн үлдээснээр “Япончууд явган болон морин цэрэг, их буу, пулемёт, хуягт машины үлэмж хүчийг хуралдуулж, манай дивизийг бүслэн авахаар 5-р сарын 28- ний өглөө дайран давшиж эхэлсэн” /”Үнэн” сонин1979 он. №140/ аж. Эдгээр баримтаас үзэхэд тэр жижигхэн төгөлд хүч тэнцвэргүй тун ширүүн тулалдаан болсон нь тодорхой байна.
Д.Лхагва нь бичиг үсэг сайтай учир сумынхаа “Улаан гэрийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд сүүлд цэргийн эрдэмд бузгай суралцжээ. Тэр 1939 оны дайн эхлэхээс өмнөхөн “М” пикап маркийн машин хөлөглөн Улаанбаатар хотын цэргийн ангид алба хааж байсан нутгийн оны цэрэг П.Очирцэнд, “ мөндөл” хэмээх Содном, Д.Вандансэнгэ, “халзан” Содном нартай уулзаж бэлэг сэлт өгч байсан тухай нөхөд нь дурсан ярьж байсан баримт бий. Ямартаа ч Д.Лхагва нь бичиг үсэгтэйн дээр өөрийн авхаалж самбаа, эр зоригоороо үеийнхэн дундаасаа ялгарсан нэгэн байжээ. Тэр цэрэгт татагдахын өмнө мал аж ахуй дээр ажиллаж байгаад дээр дурьдснаар сумынхаа “Улаан гэр”-ийн эрхлэгчээр томилогдсон хэрэг. Түүний урласан буга согооны сийлбэр бүхий саа хошооны хайрцаг, хэвтэж байгаа сарлагийн бух зэрэг бүтээлүүд нь терсөн эгч Д. Мөнхнямын үр хүүхдүүдэд хадгалагдаж иржээ.
1979-1981 онуудад Д.Лхагвагийн баатарлаг гавьяаны тухай сурвалжилж “Халагдаагүй цэрэг”, “Зүрх мартаагүй” нэртэй радио найрууллууд, “Халхын голын дайчин Даргиагийн Лхагвагийн зүрхний бичлэг 1939.05.28” шүлгээ бичиж байсан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Оёо уг сийлбэрийн талаар “Онцгой содон сийлбэр байсан. Би найруулалдаа дурсан бичиж байсан санагдана. Ер нь энд хэлэхэд бид Даргиагийн Лхагвагийн гавьяаг тодруулж “Улсын баатар” цол нэхэн олгуулахыг зорьсон юм. Даанч болж өгөөгүй. Д.Лхагва бол амь насаараа гавьяа байгуулсан жинхэнэ баатар шүү” хэмээн ярьж байлаа.
Үнэхээр тийм дайчин эрийг түүх мартах ёсгүй. Төр ч үнэлэхгүй байж болохгүй. Өнөө жил Халх голын ялалтын 75 жилийн ой тохиож байна. Ийм онцгой онд Д.Лхагвагийн гавьяаг үнэлэн үзэж Улсын баатар цолыг нэхэн олгоход гажуудах зүйл байхгүй. Д.Лхагва нь 1915 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд Шуранганы хөндийн Арслангийн ам гэдэг газар ард Даргиагийн хүү болон мэндэлсэн. Иймд ахмад дaйчин Д.Лхагва агсны гавьяаг үнэлэн алдаршуулан мөнхжүүлэх хэрэгтэй байна. Дайны тийм хэцүү цаг үе дахин тохиохгүйн нэгэн адил тийм дайчин хүү олон төрдөггүйг саналтай.
Н.Дашдаваа /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(203.91.115.48) 2021-03-22 02:56миний өвөөгийн ах шүү дэ үеийн үед ахаа дээдлэн хүндэлж явнаа
Хариулах