
-НЭГ ШИРХЭГ СЭДЭВТ ФЕЛЬЕТОН-
• Монгол наадмыг хуушуургүйгээр төсөөлөх аргагүй. Гадаадын зарим сурвалжид “Монголчуудын эрийн гурван наадамд морь, бөх, сур/хуушуур орно” гэж бичсэн байдаг гэсэн.
• Монгол хуушуурыг а.нимгэн, б.супер нимгэн, в.ультра хөнгөн гэж ангилна.
• Наадмын анхны хуушуурыг хайраад “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан болог (борлог!)” гэж ерөөдөг байжээ.
• Хуушуурын мах анхдагч уу, гурил анхдагч уу гэдэг мөнхийн асуулт одоо болтол хариугаа хүлээсээр...
• Зарим хуушуураас мах олддоггүй нь “хоосон чанар мөөн” гэж лам нар хэлдэг
• “Хамгийн сайн хуушуур бол идэж амжаагүй хуушуур” гэж Аристотель хэлсэн байна.
• Манайх ардчилсан орон учраас бүх иргэн өөрийн хуушуурыг хийх, эвлэлдэн нэгдэж хуушуурдах эрхтэй байдаг.
• Хуушуурыг ууж хэрэггүй гэж эмч зөвлөж байна.
• Хуушуурыг “халуунаараа халуун” ба “хөрсөн халуун” гэж хоёр хуваана. Халуунаараа хуушуурыг пээчинд халаасан, тосонд халаасан, халуунаар нь байлгасан, наранд ээсэн, гарын алгаар халаасан, амьсгаагаараа халаасан гэж ангилна.
• Эрдэмтэд хуушуурыг насжилтаар нь уржигдрын шинэ, өчигдрийн шинэ, өнөөдрийнх шиг шинэ гэж ангилжээ.
• Хуушуур хавтгай байдаг нь глобалчлал, технологийн дэвшлийн үрээр дэлхий хавтгай болохыг бэлгэдсэн хэрэг байжээ гэж археологичид хэлж байна.
• Монголчууд 70 сая жилийн өмнө хуушуур хийдэг байсны нэгэн баталгаа бол тиранозавр Батаар юм. Батаарын яс нь олдсон боловч мах нь олдоогүй билээ.
• Хуушуурын мах маш бага, харин гурил хавьгүй их буй нь хүн ам цөөтэй ч нутаг дэвсгэр том гэсэн санаа ажээ.
• Хуушуур жижгэрэхийн хэрээр үнэ нь нэмэгдэж байдаг нь жижиг улс ч үнэ цэнэтэй байдгийн бэлгэдэл ажгуу.
• Хуушуураас хордсон тохиолдол байдаг ч түүгээр хүн цохиж, дүрж алсан удаа үгүй тул хүмүүнлэг энэрэнгүй хүнс гэлтэй.
• Зарим нутагт морины хүүхэд хөнгөн байхыг бэлгэдэн хуушуураа нимгэлдэг.
• Хуушуурын махыг илүүдэл жинтэй иргэн цөөрөхийг бэлгэдэн зориуд багасгадаг.
• Гэрэлтсэн нимгэн хуушуур нь “ирээдүй гэрэлтэх”-ийг бэлгэдсэн ерөөл агуулна
• Монголчууд хүндэтгэлтэй юмаа “хуушуур” хэмээн авгайлдаг ба улс орныхоо удирдагчдын нэрийг цээрлэж “Төрийн гурван хуушуур” хэмээн ахайлах нь бий.
• Хятадууд хуушуурын маханд янз бүрийн нарийн ногоо байцаа жууцай хольсоор нарийн хоол болгох бодлоготой , харин оросууд гурилд нь дрож нэмж хөөлгөсөөр байгаад пирожки болгох санаархалтай хэмээн монголчууд сэжиглэдэг. Эдгээр хандлагыг Нарийн хуушуурын бодлого, өргөн хуушуурын бодлого гэнэ.
• Ардын хувьсгал ялахаас өмнө ард түмэнд хуушуур олддоггүй, түүнийг зөвхөн баячууд иддэг байсан хэмээн хувьсгалт түүхнээ бичжээ.
• Ардын засгийн жилүүдэд бүх хуушуурыг нийгэмчилсэн ба хувьдаа хуушууртай байхыг хориглодог байжээ. Харин ардчилсан хувьсгалаар хуушуурыг хувьчилсан төдийгүй, хайруулын тавгийг нь үнэгүй өгсөн байна.
• Ардчилсан хувьсгалын дараагаар “Нээлттэй хуушуурын бодлого”, “гурав дахь хуушуурын бодлого” зарласан байна.
• Монголчууд хуушуурыг тавьж хонох дургүй. Учир нь Чингэс хаан багадаа найман шарга хуушуураа тавьж хоноод хулгайд алдаж байжээ.
• Хуушуурын тухай шилдэг ишлэл олон. “Монголын хуушуурыг 200.000.000-д хүргэх хэрэгтэй” Сталин. “Хуушуурд, хуушуурд, бас дахин хуушуурд” Ленин.“Миний хуушуураас бурхан гуйсан ч бүү хазуул” Модун.
• Хуушуурын тухай олон сайхан дуу ХХ зуунд зохиогджээ.“Миний хуушуурын бараа”, “Арав дахь хуушуураа идье”, “Тэмээн дээрээс хуушуур ойрхон” гэх мэт.
• Монголын зохиолчид хуушуурын тухай олон сайхан бүтээл туурвисны заримаас дурьдвал: “Хоёулаа миний хуушуур”, “Гологдсон хуушуур”, “Алс газар хуушуурдахаар одохуй” “Улаанбаатарын хуушуураас берлинбургер хүртэл”
• ХХ зууны монголын яруу найрагчид “Би хаана хуушуурдаа вэ”, “90 хуушуурын дууль” “Алтан шар хуушуур” “ Шөнийн талд хуушуур үнэртэнэ”, “ Боржгоны бор хуушуур” “Хуушууртайгаа байхад би цатгалан байсаан”, “Пискаревын гуанзнаас олдсон хуушуур” “Есөн эрдэнийн хуушуур” гэх мэт олон шилдэг бүтээл туурвижээ.
• Хуушуураа магтан дуулсан олон сайхан мөр бадаг ард түмний сэтгэлд хоногшсон юм. Жишээ нь, “Миний монголын хуушуур бусдын нутагт гурилаа гээдэггүй...”, “Зүлгэн дээр гуанзаа бариад, зүгээр л нэг хуушуурдах юмсан”, “ хуушуураа хөргөгчинд муудсан байхыг харлаа, хувьгүй тогооч оо, би”...
• Хуушуурын сэдэвтэй олон арван дууг одоо ч аялсаар байна. Тухайлбал, “Үе үехэн шүлс гоожмоор, үнэн хонгор (шаргал) хуушуур юм аа хө” , “Гурилаа тайл, хуушуур минь”...
• Мөн түлэгдсэн ч гэсэн амт чанараа алддаггүй монгол хуушуурын тухай “хар хархан хуушуур” дуу олон түмэнд машид үнэлэгджээ...
• Монголчууд “Хуушуур гурав хуваагдавч буузны дайтай” хэмээн бахархдаг. Мөн “Аавын бийд гуанз хэсч, агтны бийд хуушуур ид”, “Могойн эрээн гаднаа, хуушуурын эрээн дотроо” хэмээн хэлэлцдэг аж...
• Монгол хуушуурыг махныхаа сиймхийгээр хөх цоорхойтой байдаг тул дэлхий нийт андахгүй.
Нийтлэлч Б.Цэнддоо
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.