Үгийн дээд язгуурын сайхныг хэлдэг монголчууд үгийн доодын доод язгуурын муухай үгээр дайрдаг болж байна

Twitter Print
2021 оны 08-р сар 01-нд 12:29 цагт
Мэдээний зураг,

Үгийн дайн

Гүжир гүтгэлгэ, муу муухай хар үгийн дайн болж байна гэхэд хилсдэхээргүй болжээ. Хааяа нэг олон нийтийн сүлжээ рүү шагайвал, бузрын хар үгийн шуурганд амьсгал давчдмаар болжээ. Энэ Монголд чинь эгэл жирийн мөрөөрөө явж байгаа, сайн сайхан, нэртэй зүстэй хүн байхгүй мэт болжээ гэмээр байна. Энд дээр дорын ялгаа алга болжээ. "Гүжир үгэнд сөөм хариугүй" гэдэг үг үнэн аж. Хүний санаанд оромгүй, зүүдэнд ч ормооргүй хар үгийн цунами энэ орныг аван хайлан цалгилна.

Монголыг минь гаднаас хэн ч нураахгүй. Цээжин дотроо байж ядаж байгаа хар энерги буцалгаж байгаа хүмүүс нураана. Улс төр мэдэхгүй байж улстөржиж, шар шүлсээ үсчүүлнэ. Тэртээ холуур өнгөрөх дайсныг үгийн муу муухайгаар Монгол руугаа даллана. Энэ дэлхийд хамгийн цөөхүүлээ, хамгийн дорой байж том гүрэн мэт данхалзана. Нанж аварга могой арсланг ч залгина, юухан байхав дээ. Дотроо бие биеэ барьж идэхдээ тулжээ. Үгээ хэлэх эрх чөлөө гэдгээр халхавч хийж үгийн дайныг үүсгэж байна.

"Салшгүй сайн нөхөртөө марташгүй муу үгийг бүү хэл" гэж "Оюун түлхүүрт" байдагсан билүү? Үг үлдэнэ. Зуун зуун жилээр арилшгүй үлдэнэ. Үгийн дээд язгуурын сайхныг хэлдэг монголчууд үгийн доодын доод язгуурын муухай үгээр дайрдаг болж байна. Тэр нь од болно. Үг алж чадна, үг сэхээж чадна. Үгээс болж дайн үүсдэг. Үгээс болж дажин үүснэ. Ерөөлч ард түмэн хараалч ард түмэн болох нь энэ үү?

Өчигдөрхөн найзаа гэж налчигнасан амьтас бөөлжис цутгам бузрын хар шүлсээ нүүр рүү нулимна. Найз нөхөд гэдэг ер нь хэн юм бэ? "Хуруун чинээ могойн зулзага хурмастын тэнгэртэй заалдах гээ юу?" гэж их Нацаг "Учиртай гурван толгойдоо" эвгүй шургуулжээ. Юм хийсэн болгон адлуулна.

ХАРДАХ ЭРХТЭЙ гэж дээд доргүй хашгирна. ХАРДАХ ЭРХИЙГ ТУГ МЭТ МАНДУУЛБАЛ хүн чоно хоёр агаар нэгэн буй болно. Гэр бүлүүд хардалтаас болоод салж сарних ч юу ч биш болж байна. Аминд ч хүрнэ. Нийгэм тэр чигээрээ хардалтын хар тойрогт орвол "Иргэний дайн" ч гарна. Үг ямар ч зэвсгээс аюултай гэж эртний мэргэд болгон айлдсан. Чи хэлж чаддаг бол би хэлж чадна. Бүр давуулж хэлж чадна гэдэг бол энэ "хараалын философи" юм байна.

Ганцхан гайхалтай үг миний амьдралыг өөрчилсөн гэх хүнтэй тааралдаж байсан шүү. Нууцдуухан, нухацтайхан, нухлууртайхан, нуруутайхан ард түмэн байхсан. "Хүн болгоныг хайрла, Гэхдээ цөөн хүнд итгэ. Хэнд ч муу юм бүү хий" У.Шекспир хэлжээ гэсэн үг тааралдсан. Үнэн гэвэл энэ үнэн.

Дундуур итгэж дундуур нөхөрлө. Арван андтай хүн баян. Түүнээс олдвол дайснууд сэтгэл дотор чинь үүрээ засч зүрхийг чинь мэрнэ. Хөнжилдөө ортолоо найзлаад хөгөө дэлгэтлээ шившиг ч тарьж магад. Итгэл маань намайг ийм болголоо, өршөөгөөрэй. "Муу хүнээс аварга могой үзсэн мэт зайл" гэж Дулдуйтын Равжаа айлдсан шүү.

Ер нь энэ аварга соён гэгээрүүлэгчийн бүтээлд энэ ертөнц тэр чигээрээ эргэлддэг юм шүү дээ. Юун Сократ...Ер нь Сократыг шавь нар нь л Сократ болгосон шүү дээ. Равжаагаа нэг удаа ч болохноо өнгийж харвал АМЬДРАЛ гээч юу вэ? гэдгийг мөн ч айхтар томоор сүмбэрлүүлсэн дээ. Хөнгөн нимгэн хүмүүсээс хөнгөн нимгэнээр дэгдэн зугтаасугай.

До.Цэнджав

2021. 07.31

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.