Бээжин 2008-2021 оны хооронд гадаадын улс орнуудад нийт 240 тэрбум ам.долларын зээл олгожээ

Twitter Print
2023 оны 03-р сар 29-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Бээжин 2008-2021 оны хооронд "Нэг Бүс Нэг Зам" санаачлагын хүрээнд гадаадын улс орнуудад нийт 240 тэрбум ам.долларын зээл олгожээ. Хятадын эрх баригчид Аргентин, Пакистан, Шри Ланка, Украин зэрэг нийт 22 улсад санхүүгийн тусламж үзүүлсэн байна.

Бээжингийн зүгээс олгосон шуурхай зээлийн 80 орчим хувь нь 2016 оноос хойш олгогдсон ба 2021 он гэхэд 40 тэрбум ам.долларт хүрчээ. Шуурхай зээл олгох явдал 2016 оноос хойш идэвхжсэн нь Бээжингийн зүгээс "Нэг Бүс Нэг Зам" санаачлагын хүрээнд гадаадын дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтаа бууруулсан явдалтай давхцаж байгаа аж.

Бостоны их сургуулийн зүгээс хийсэн дүн шинжилгээгээр Хятадын Хөгжлийн банк болон Хятадын Экспорт-Импортын банкаас гаргасан зээлийн хэмжээ 2016 онд 87 тэрбум ам.доллар байсан бол 2021 онд 3.7 тэрбум ам.доллар болж буурсан байна.

Зээлдэгч орнууд эдийн засгийн асуудлуудтай тулгарч, дэд бүтцийн хэд хэдэн төсөл нь бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор Бээжин гадаадын хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчлөхөд хүрсэн ба үүн дээр Украин дахь дайн, коронавирусын цар тахал зэрэг асуудлууд нэмэгдэж, дэлхий даяараа эдийн засгийн уналтанд орсон билээ.

Бээжин шуурхай зээл олгох явдлаа идэвхжүүлсэн нь "Нэг Бүс Нэг Зам" санаачлага нь зөвхөн дэд бүтэц хөгжүүлэх үүрэгтэй бус харилцаа тогтоох чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч, энэ хөгжиж буй орнуудын цаашдын эдийн засгийн өсөлтөнд Бээжин чухал үүрэг гүйцэтгэх боломжтойгоо ойлгосон хэмээн China Global South Project сайтын ерөнхий редактор Кобус ван Штаден онцолжээ.

AidData, Дэлхийн банк, Харвард дахь Кеннедигийн нэрэмжит Удирдлагын сургууль, Дэлхийн эдийн засгийг судлах Кийлийн институт нарын судлаачдын хийсэн хамтын судалгаагаар эдийн засгийн хямралд өртсөн улс орнуудад Бээжингийн зүгээс үзүүлсэн санхүүгийн шуурхай тусламжийн хэмжээ 2010 онд 5% байсан бол 2022 онд 60% болж өссөн байна.

Судалгаанд оролцсон Брэдли Парксын хэлснээр шуурхай зээл олгох нь маш эрсдэлтэй алхам бөгөөд тусламж хүсэж буй дефолт зарласан эсвэл дефолтын ирмэг дээр ирсэн улсын эдийн засгийн асуудал богино хугацааных байна уу эсвэл урт хугацааных уу гэдгийг зээл олгогч тал тодорхойлох ёстой болдог. Бээжингээс зээл авсан улс орнуудын 80 хувийг дунд орлоготой орнууд эзэлж байгаа бөгөөд Хятадын банкууд тэдгээр улс орнуудын засгийн газар "Нэг Бүс Нэг Зам" санаачлагын хүрээнд авсан зээлээ цаг тухайд нь төлж байхад анхаарах ёстой аж.

Бээжин бага болон дунд орлоготой улс орнуудын хамгийн том зээлдэгч учраас эдийн засгийн хямралд өртсөн улс орнуудад Бээжингийн зүгээс үзүүлэх тусламж хамгийн чухал ач холбогдолтой болоод байна. Энэ сард л гэхэд Бээжин Шри Ланкагийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаа мэдэгдсэний дараа ОУВС Шри Ланкад 2.9 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсон билээ.

Нөгөөтээгүүр Бээжингийн санхүүгийн тусламж хямддаа орохгүй бөгөөд ОУВС-гийн зээлийн хүү дунджаах 2 хувь байдаг бол Бээжингийн шуурхай зээлийн хүү 5 хувь аж.

Түүнчлэн Хятадын эрх баригчид Бээжинд хэдийн их хэмжээний өртэй улс орнуудад шуурхай зээл олгох нь элбэг мөн зарим орнууд Бээжингээс санхүүгийн дэмжлэг тогтмол авдагтай холбоотойгоор олон улсын байгууллагуудад Хятадын зээлийн мэдээллийг тодорхой тооцож гаргахад хүндрэлтэй болдог аж.

Мэргэжилтнүүд Бээжингээс олгож буй зээлийн хэмжээ өсөж буй нь олон улсын эдийн засгийн тогтолцоо илүү олон салаалсан, ил тод бус болж байгааг харуулж байна хэмээн үзэж байгаа ба Хятад өнөөдөр 1930-аад оноос Дэлхийн 2-р дайныг дууссаны дараа АНУ хэрхэн дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болсон түүнтэй адил зам мөрөөр явж байна гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.