В. Путин, Си Жиньпин хоёрын уулзалт 4 цаг гаруй үргэлжиллээ

Twitter Print
2023 оны 03-р сар 21-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн хамгийн хүчирхэг түнш БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинийг Кремльд угтан авч, оройн зоогоор дайлсан байна.

Вашингтон Си Жиньпиний ОХУ дахь айлчлал нь Москвад гэмт хэрэг  үйлдэхэд нь "дипломат халхавч" болж өгнө гэж үзэж байна

Өнгөрсөн сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлаар БНХАУ-ын Ерөнхийлөгчөөр 3 дахь удаагаа томилогдсон Си Жиньпин ойрын түнштэйгээ эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ ОХУ-Украины  асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд туслах хүсэлтэй байгаагаа харуулахыг эрмэлзэж байгаа билээ.

Кремльд уулзах үеэрээ В. Путин, Си Жиньпин хоёр бие биенийгээ "хүндэт нөхөр" хэмээн дуудаж, В. Путин Си Жиньпинд Бээжингийн боловсруулсан  ОХУ-Украины асуудлыг шийдвэрлэх тухай саналыг уншиж судалсан гэдгээ мөн Бээжингийн "эдийн засгаа хөгжүүлэх, улс орноо бэхжүүлэх асар үр дүнтэй бодлого"-ыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн бол Си Жиньпин оросууд ирэх жил В. Путиныг дахин Ерөнхийлөгчөөр сонгох нь гарцаагүй, В. Путины удирдлага дор ОХУ маш том амжилтууд гаргасан хэмээн мэдэгджээ.

Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн албан ёсны уулзалт 4 цаг хагас үргэлжилсэн тухай Оросын төрийн өмчит мэдээллийн агентлаг онцолжээ.

Москва БНХАУ-ын төрийн тэргүүний Москвад хийх айлчлалыг өнгөрсөн саруудад удаа дараа онцолж байсан ба түүний айлчлал Гааг дахь Олон Улсын Эрүүгийн Шүүхээс В. Путиныг гэмт хэрэгтэн хэмээн зарласны дараахан болж байгаа нь Оросын төрийн тэргүүнд маш том дэмжлэг болж өгч байгааг олон улсын ажиглагчид онцолж байна.

Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, "ОУЭШ-ээс Ерөнхийлөгч В. Путиныг баривчлах захирамж гаргаснаас хэдхэн өдрийн дараа Ерөнхийлөгч Си Жиньпин ОХУ-д айлчилж байгаа нь Бээжин Кремлийн Украинд үйлдсэн балмад хэрцгий гэмт үйлдлүүдэд нь хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодохгүй байгааг харуулж байна. ОХУ-ыг буруутгахын оронд Бээжин оросуудад тэдгээр онц ноцтой гэмт хэргүүдээ үргэлжлүүлэн үйлдэхэд нь дипломат халхавчаар хангаж өгч байна." хэмээн онцолжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Си Жиньпин өөрийн нэр нөлөөг ашиглаж В. Путиныг Украинаас цэргүүдээ гаргахыг шаардах ёстой бөгөөд нөгөө талаас Бээжин талуудыг галаа зогсоохыг уриалбал ОХУ-ын цэргүүдэд Украинд үлдэх боломжийг олгох аж.

Бээжин Украины хямралыг шйидвэрлэх тухай санал боловсруулаад байгаа ч үүнийг барууны орнууд ОХУ-д зэвсэгт хүчнийхээ анги бүрэлдэхүүнүүдийг шинээр хуваарилах, эзэлсэн газар нутаг дахь хяналтаа чангатгах боломжийг олгох зорилготой гэж үзэж байна.

Киев оросууд цэргээ Украины газар нутгаас гаргахаас нааш дайн дуусахгүй хэмээн мэдэгдсэн ба Бээжингийн зүгээс энх тайван тогтоох саналтай байгааг таатай хүлээн авсан юм.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Бээжин оросуудад зэвсэг нийлүүлэх нь Дэлхийн 3-р дайнд хүргэж болзошгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн ба Бээжин ийм эрсдэл гаргахгүй гэдэгт итгэлтэй байгаа аж.

Украины зүүн зүгийн Бахмут хотод тулаан үргэлжилсээр байна. Өнгөрсөн 8-р сараас хойш тулааны талбарт ямар нэг амжилт үзүүлээгүй Оросын арми энэ өвөл довтолгоогоо идэвхжүүлж, олон зуун мянган эрчүүдийг эгнээндээ шинээр элсүүлсэн юм.

Талууд тулааны талбарт болж байгаа үйл явдлуудыг "махны машин" хэмээн тодорхойлж байгаа ба сүүлийн 4 сарын хугацаанд фронтын шугамд өөрчлөлт ороогүй хэвээр байна.

2022 оны 2-р хагаст их хэмжээний газар нутгаа эргүүлэн хяналтандаа авч чадсан украинчууд өнгөрсөн 11-р сараас хойш фронтын шугамаа хамгаалах байр суурийг баримтлан тулалдаж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.