
"ХАРЛАСАН" ГАДИЛ
Хэд хоногийн өмнө нэг харласан гадилнаас дээж аваад микроскопоор харуулж байгаа бичлэг манайхны хэн ч билээ шэйрлээд асууж байсан. Өнөөх бичлэг дээр нь нэг бактери бараг араа шүдээ арзайлгаад, хэл амаа долоогоод байдаг наасан Идэж болох уу, болохгүй юу, одоо хариулъя.
Ногоон банана
Банана болцын эхэн үедээ ногоон өнгөтэй байдаг бөгөөд энэ үедээ агуулагдах цардуул нь бүрэн бүтцээ олоогүй, гликемийн индексээр бага байдаг. Нөгөө турах мурах хүсэлтэй хүмүүс цууны хүчил уугаад байлгүй ганц ширхэг ногоон гадилаар өл дарчихаж болно оо.
Банана хураахдаа ногоон өнгөтэй байхад нь хурааж тээвэрлэдэг бөгөөд хадгалалт, тээвэрлэлтийн үед бүрэн боловсорч шар өнгөтэй болдог. Нэгэнт модон дээрээ шарласан бол хадгалалт тээвэрлэлт даахгүй, замдаа будаа болно.
Шар банана
Жимс бүрэн боловсорсон үе. Ногоон өнгөтэй нь нэг их чихэрлэг амтгүй байсан банана шар болохоороо чихэрлэг, идэхэд аятайхан болж эхэлдэг. Боловсорсон үедээ тухайн жимсэнд байх шим бодисуудыг бүрэн гүйцэт агуулахаас гадна аминдэмүүд, антиоксидант, биологийн үнэт нэгдлүүдээр баялаг болж ирнэ.
Харласан банана
Ажигладаг бол жимс болгон дотроо юм уу гаднаа үр агуулдаг. Тухайн ургамлын үр гэсэн үг. Гаднаа үртэй жимсний бидний сайн мэдэх нь гүзээлзгэнэ. Гадуураа цоохор үүртэй, үүр болгонд нь үр нь байж байдаг. Дотроо үртэй жимс бол мойл, жүрж, тоор, банана гээд мэднэ дээ.
Аль нь ч бай үрийг тойрсон, эсвэл үр суусан бидний жимс гэж нэрлэн амтархан иддэг хэсэг нь хөрсөнд унахдаа тухайн үрийг эхний ээлжинд амьдруулж тэтгэх шим бодисын хуримтлал байдаг юм аа.
Харлаж цоохортсон банана нь ердөө л хэт боловсорсон гэсэн үг. Жимс хэт боловсрох үед үрийг тэтгэхээр жимсний зөөлөн эдүүдэд агуулагдах том молекулт шимт бодисууд ферментүүдийн нөлөөгөөр задарч үрийг тэтгэхэд бэлдэж эхлэх биологийн процесс явагдаж эхлэдэг. Үүний үр дүнд хальс нь харлаж цоохортохоос гадна харласан бананыг идэхэд илүү их чихэрлэг, амтлаг, эвтэйхэн болж ирдэг.
Идэхэд аюулгүй байтугай харин ч сайхан. Хэдэн шар банана авч хөргөгчиндөө хадгалж харлуулчихаад идэхэд ч бас л аятайхан шүү дээ.
Хүнсний инженер О.Гал-Очир