Шатахууны үнэ хүчээр буулгаж орхивол заавал эргээд өсдөг хуультай. Дэлхийн хамгийн их нефттэй Вэнэсуэлд хүртэл шатахууны үнэ тэнгэрт тулсан, үнийг нь төрөөс хүчээр барьсан учраас тэр. Манайд ч бас үнэ хүчээр барьж эхэлсэнээр А-95 тасраад байна, захаасаа зарим сумдын колонкууд бүр огт ажиллахгүй хаалгаа хаагаад эхэлсэн. Сэлэнгэ, Булганыхан хил гарч банкаа дүүргээд ирье гэсэн ч нэмэргүй, орос улсад шатахуун манайхаас ч үнэтэй байгаа. Манайд уг нь нефтийн үйлдвэр баригдаж байгаа, жилдээ 1.5 – 2 сая тонн шатахуун нэрэх тооцоотой. Даанч үүнд ашиглах түүхий нефт манайд хангалтгүй, жилд ердөө 800 мянган тонн олборлож байгаа. Нефтийн олборлолтоо нэмэгдүүлье, нөөцөө судлья гэхээр нутгийнхан нь хөөж туугаад горьгүй. Тэгвэл гаднаас аваад ирье гэхээр заавал хямдхан авчир гэж шахаж шаардана. Бүүр нэг морин заяандаа морио унаад явмарууд. Үгүй тэгээд Монгол улс бүр огт бэнзингүй болоод, морио уная гэсэн ч морины тэжээл эмээл нь бараг бэнзинээсээ дутахгүй зардалтай байх вий.

“Гуйлгачин сэтгэхүйгээс салаагүй цагт гуйлгачин хэвээрээ л үлдэнэ” гэж үг бий, их ерөнхий утгатай тун чиг ойлгомжтой ч гэмээр зүйр үг. Гэхдээ бэнзиний үнэ дээр нийтээрээ нэг ийм гуйлгачин сэтгэхүйтэй байгаагаа бид өөрсдөө анзаардаггүй. Жишээ нь дээр дурдсан бэнзиний үнэ ямар байх логикийг нийтээрээ ойлгодог юмаа, нийтээрээ банкны дансны дугаар 10 оронтой тоог цээжээрээ хэлж чаддаг улс дэлхийд байхгүй гэнэ билээ. Монголчууд тоондоо тийм муу биш, зүгээр л хэн нэгэн, бурхан ч юмуу төр засаг ч юмуу ямар нэг аргаар бэнзиний үнэ хямд байлгах ёстой гэж итгэдэг тэр нэг гуйлгачин араншин л биднээс ерөөсөө салж өгөхгүй байгаа хэрэг. Гуйлгачин сэтгэхүй биднийг хамгийн хямд бэнзин хэрэглүүлдэг, хамгийн хямдыг нь түүсээр байгаад одоо евро-2 төрлийн буюу дэлхийн дундаж евро-5 хэрэглээнээс бараг 200 дахин их хүхэртэй бэнзин хэрэглэж байна, гуйж хямдруулж байж шүү. Хэрвээ ард түмэн төр засгаас бэнзиний үнэ хямд байлга гэж нэхсэн хэвээр байсаар байвал бид 20 жилийн дараа ч евро-2 төрлийн бэнзинээ хэрэглэсээр, дэлхий евро-100 бэнзинтэй болчихсон байх биз. Гуйлгачин сэтгэхүйгээ хаяад, угаасаа л цаанаа өсөж буй зүйл дээр гомдоллохоо больж, үнийг нь чөлөөтэй тавьчихвал нэг удаадаа өвдөлт мэдэрнэ, цаашдаа гуйлгачин байхаа болино. Угаасаа гадаадад тогтоож байгаа бэнзиний үнийг Монголын төр засаг буулгах ямар ч боломжгүй. Харин зүгээр буулгаж байгаа юм шиг хуурч бол чадна. 30 жилийн энэ хууралт л биднийг өдий хүртэл ийм гуйлгачин сэтгэхүйтэй амьдруулж байна. 

Эцэст нь, бензиний үнэ хүчээр барих нь бүх нийтийг хамарсан хамгийн том халамжийн бодлого мөн. Ардчилсан нийгэмд хэн ч хэнийг ч халамжлах албагүй, шатахууны компаниуд бүгд хаалгаа бариад, зөвхөн төр л шатахуун импортоор оруулж ирдэг, тэр нь олддоггүй, соц үе шиг танил талаараа хөөцөлдөж авдаг, эсвэл хар зах дээр бэнзиний шагийн үнэ нь талийсан хачин заваан нийгэм хүсээгүй л юм бол бэнзиний үнэ буулга гэж төр засгаас нэхэхээ больцгооё.

Нийтлэлч Аанхаа