
Африкийн Орон нутгийн магадлан итгэмжлэх зөвлөлөөс мэдээлснээр Африк тив халдварт саа өвчнөөс бүрэн ангижирчээ. Африк тивийн нийт хүн амын 95 гаруй хувь нь халдварт саагийн эсрэг вакцинд хамрагдаж чадсан байна. Халдварт саа буюу полиомиелитээр ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүд өвчилдөг ба тус өвчний улмаас саажилттай болох, нас барах өндөр эрсдэлтэй аж.
25 жилийн өмнө Африкт хэдэн мянган хүүхдүүд халдварт саагаар өвчилж, саажилттай болж байсан гашуун түүх бий. Африк тив халдварт сааг устгаснаар тус халдварт өвчин дэлхийн хоёр л улсад бүрэн устаагүй үлдэж байгаа нь Афганистан болон Пакистан улс аж. Халдварт саа өвчнийг эмчлэх эмчилгээ байхгүй ч тус өвчний эсрэг вакцин нь хүүхдийг уг халдвараас насан туршид нь хамгаалдаг юм.
Нигери улс халдварт саа өвчнийг устгасан Африк тивийн хамгийн сүүлчийн улс болсон байна. 10 хүрэхгүй жилийн өмнө дэлхий дээрх халдварт саа өвчний нийт тохиолдлын талаас илүү хувь нь Нигери улсад бүртгэгдэж байсан ба тус өвчний эсрэг дархлаажуулалтанд Нигерийн иргэдийг хамруулах ажил олон тооны аюул бэрхшээлтэй тулгарсан байна. Дархлаажуулалтын аяны хүрээнд эрүүл мэндийн хэд хэдэн ажилчид зэвсэгт бүлэглэлүүдийн гарт амиа алдсан юм.
Полиовирус нь хүнээс хүнд халдварладаг ба халдвар бохир усаар дамждаг байна. Полиовирус нь хүний мэдрэлийн тогтолцоонд нөлөөлснөөр халдвар авсан хүний бие эрхтэн саажилттай болдог аж. 1952 онд Америкийн эрдэмтэн Жонас Салк халдварт саагийн эсрэг вакцин амжилттай гаргаж авсан ба 1961 онд Польш гаралтай судлаач Альберт Сабин халдварт саагийн эсрэг вакциныг ууж болох хэлбэрээр гаргаж авсан нь одоог хүртэл дэлхийн дийлэнх улс оронд хэрэглэгдэж байна.
1995 онд Африк тивийн бүх улс орнуудад халдварт саа өвчин тархаж, улмаар 75 мянга гаруй хүүхэд саажилттай болсон юм. Ингээд 1996 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Нельсон Мандела "Африк тивийг халдварт саа өвчнөөс ангижруулах" аяныг эхлүүлж, эрүүл мэндийн сая сая ажилчид Африкийн өнцөг булан бүрт очиж, иргэдийг халдварт саагийн эсрэг вакцинд хамруулж байжээ. 5-аас доош насныхан илүүтэй өртдөг халдварт саа өвчний үед халуурах, ядрах, толгой өвдөх, бөөлжих, хүзүү хөших, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг илэрдэг ба халдвар авсан 200 тохиолдлын нэгд полиовирус нь саажилт үүсгэдэг байна. Түүнчлэн саажилтын улмаас амьсгалын эрхтэн тогтолцооны булчин давхар хөшиж, үхэлд хүргэх аюултай байдаг аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.