Цөсний өвчний шалтгаан

Twitter Print
2021 оны 03-р сар 07-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Цөсний өвчний үед баруун гар, баруун дал мөрөөр өвдөх, баруун хавирганы нумаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэгийг хүмүүс мэддэг.

Харин өвдөж мэдэгддэггүй шинж тэмдэг их байдаг. Тухайлбал, үс унах, хумс хугарах, нүүрэнд нөсөө толбо гарах, нүд шарлах, ам хатах, хоолны дуршилгүй болох нь ч бий. Ялангуяа нүд шарлах, арьс загатнах нь хамгийн гол шинж тэмдэг. Батгашилт үүсч байгаа нь мөн л цөсний үйл ажиллагаа доройтсонтой холбоотой. Эдгээр шинж тэмдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. 

Цөсний өвчлөл нь хүний идэж байгаа хоол хүнстэй шууд холбоотой. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадган гэсэн гурван чухал ойлголт дээр өвчлөл явагдаж байдаг. Цөс нь шарын бэлгэ чанартай хамгийн том эрхтэн. Халуун, хурц, тослог бэлгэ чанарууд шарыг үүсгэдэг. Тиймээс шарсан хуурсан, халуун ногоотой хоол, даршилсан нөөшилсөн, хоносон хоолноос татгалзах хэрэгтэй. Хүмүүс хоносон хоол муу гэдгийг мэддэг мөртөө идээд л байдаг. Хоносон хоолыг уламжлалт анагаах ухаанд нэхшсэн хоол гэх бөгөөд нэхшсэн хоол гэдэг нь урьд орой нь чанаж болгоод халуунаар таглаж хонуулсан хоолыг хэлнэ. Нэхшсэн хоол нь шарын бэлгэ чанарыг хамгийн их үүсгэдэг. 

Түүнээс гадна цөсний өвчний хамгийн том шалтгаан бол мах юм. Монголчуудын дунд цөсний өвчлөл түгээмэл байгаа нь мах их иддэгтэй холбоотой. Гэхдээ мах их идэх нь цөсний өвчний шалтгаан гээд ногоон хоолтон ч юм уу, цагаан хоолтон болох нь буруу. Зөвхөн махны зохистой хэрэглээ чухал. Өвөл хөлдүү махаа идэж, зун борц, цагаан идээ гэх зэргээр хоол хүнсээ тохируулж идэх ёстой. Өнөөгийн нийгэмд ихэнх хүн суугаа ажилтай, дээрээс нь жилийн дөрвөн улиралд хөргөгчний хөлдөөсөн мах идэж байгаа нь анхаарах ёстой асуудал. Учир нь хөлдөөсөн мах нь хүнд чадалтай, шингэхдээ удаан учраас байнга хөлдүү мах идэх нь цөсний өвчлөлтүүдийн том шалтгаан болж байна.

Мөн ямар ч шим тэжээлгүй, нөөшилсөн, даршилсан, удаан хугацаагаар хадгалагддаг хоол хүнс нь цөсний өвчлөлийг үүсгэдэг. Тиймээс эход харуулсан хүн бүр бараг цөсний өтгөрөлттэй, цөсний нугаралттай, чулуутай гэж гараад байгаа нь амьдралын буруу хэв зуршлаас л болж байгаа юм.

Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, АУ-ы магистр, их эмч Л.Чимэдцогзол

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.