“Сайн ломбард”-ыг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа

Twitter Print
2020 оны 04-р сар 05-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Гуравдугаар сарын 30-ны өдрийн 14.46 цагт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Цахлайн тойргийн "Сайн” ломбарданд үл таних масктай хоёр этгээд дайрч орж ирээд гар хүлээд эд зүйл дээрэмдлээ” гэх дуудлага мэдээлэл 102 дугаарын утсаар иржээ. Тодруулбал, баг өмссөн хоёр эрэгтэй, ломбардын ажилтанд хутга тулган 11.588.000 төгрөгийг бэлнээр, их хэмжээний үнэт эдлэл дээрэмдээд хэргийн газраас зугтсан байна.

Дээрэмчид битүү баг өмссөн байснаас илрүүлэх ажиллагаа хэцүү байсан ч цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан, 96 цагийн дотор дээрмдсэн эд зүйл болон бэлэн мөнгийг эд мөрийн баримтаар хураан авч илрүүлэн баривчилж шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Дээрмийг тодорхой эрхэлсэн ажилгүй 35 настай Э, 34 настай Д, 31 настай М нар бүлэглэн үгсэн тохиролцож, урьдаас төлөвлөж үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Мөн уг байцаалтаар тэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зэвсгийн чанартай зүйл ашиглан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь илрэн шалгагдаж байгаа аж. Уг этгээдүүд нь урьд нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт холбогдон хорих ялаар шийтгүүлж байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, БЗД дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Харин "Сайн ломбард"-ыг аюулгүй байдлаа хангах “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх стандарт шаардлага” дагаж мөрдөөгүйгээс гэмт этгээдүүд боломж олгосон, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой ажил, арга хэмжээ зохион байгууллаагүйгээс дээрх гэмт хэрэг гарсан байх магадлалтай, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, тус цагдаагийн газраас өгсөн “Мэдэгдэл”-ийн мөрөөр хэрхэн ажил зохион байгуулсан эсэхийг шалгаж байна. Иймд аж ахуйн нэгж байгууллагад аюулгүй байдлаа хангах, хууль дүрэм журмын дагуу үйл ажиллагаа эрхлэх явуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж /анхааруулж/ байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.