Чулуутын халуун рашаан

Twitter Print
2020 оны 08-р сар 28-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Архангай аймгийн ариун дагшин халуун рашааны нэг нь Чулуут сумын нутаг дахь Халуун рашаан билээ. Энэ рашаан эртний авшигтай ариун дагшин усан юм. Монголын тамгатай хэдхэн хутагтын нэг Шива ширээтийн ширгэлэн шившсэн усан гээд бодохоор ид шидийн мэт.

Ид шидийн гэхээсээ илүү эрүүл энхжингийн дусал ундран бургилах бөлгөө. Уух рашаантай агаад ходоод , гэдсэнд сайн. Харин умбан сууж, шавшин шивших рашаан бол үе мөч, нуруу зэрэгт сайн засал болдог. Энэхүү рашаан мэдээж дээхэн цагтаа ноёд, хутагт, дээд зэргийн лам, тайж нарын засал усан байсан байж таарна. Монголын рашаан усны эхлэл, засал, алдаршсан түүхүүд ийм л язгуур угтай байдаг. Энэ рашаан ч гэсэн эртнээс нууцлаг, аглаг газар байсан, өдгөө ч тийм. Одоо цагт олны өмнө нээлттэй, түмний хөлд буулттай байх болжээ.

Нэгжилжих хөдөлгөөний үеэс л нийт олон, малчин түмэндээ үйлчлэх үүдээ нээжээ. Рашаан олноо нээлттэй болоод 62 жил элээжээ. Арын хангайн хойдох сум Жаргалантынхан Доёд бариачаараа ахлуулан ачааны тэрэг дүүрэн малчин, нэгдэлчдээ рашаанд оруулаад буцдаг байсан гэдэг. Энэ мэт сум, нэгдлээс зориуд рашаан усанд иргэд, малчдаа оруулдаг ч байжээ. Рашааныг тухлах амбаар дотор тусгайлсан модон ваннтай болгон ашиглаад эдүгээ мөн л 62 жил болж буй ажгуу. 1958 онд анх яг л энэ Чулуут нутгийн мужаан өвгөчүүл энэхүү модон технологи, нарийн инженерчлэл бүхий усан рашааны цогцолбор барьжээ. Цогцолбор гэхэд томдох ч, аргагүй нарийн модон хийцийн инженерийн ухаанаар нандин урласан бүтээл юм байна. Модон хийцийн инженер урлагийг монгол инжаан нар л хийж чадна. Чаджээ. Нэгэн амбаарт хоёр талдаа дөрөв, дөрвөн усан суулгац буюу модон ванн хийж, тэр нь тус бүртээ усан цорготой, зэрэг усаа юүлж дүүргээд тус бүрнээ 8 хүн рашаанд суухад бие биедээ саадгүй, тус бүрийн усыг ч сэлгэх боломжтой. Орчин цагийн саун мэт тохилог модон өрөөнд та 15-39 минутанд л усан рашаанаар булхана гэсэн үг.

Харин энэ жил бүрэн үйлчилгээ авахад хүндрэл үүсчээ. Хэд хэдэн ванны сувгийг эвдэж, ашиглалтаас гарчээ. 4-5 ванныг усаар дүүргэх гэж сувгийг таглаж бөглөөд рашаанчид хувиа хэт бодсоноос бусаддаа саад учруулах болжээ. Уран гарт ухаант мужаан өвгөдийн бүтээлийг энэчлэн эвдвэл дахин сэргээж засах хүн олдохгүй. Үүний жишээ нь хэдхэн жилийн өмнө хэсэг залуус шинэ амбаар залгаж бариад ванныг урлаж, усан сувгийг залгаж чадаагүй орхижээ. Өвгөн мужааны инжаан / инженер/ ухаан хүрсэнгүй. Ийм нандин модон сав, цорго, сувгийг эвдэлгүй ашиглахсан.

За одоо рашааны тухай хэд гурван үг цухуйлгая. Монгол оронд ашиглаж байгаа 250 гаруй рашаан уснаас эхний тавд нэрлэгдэх бол энэ Халуун рашаан юм. Халуун нь 42 хэм. Хүний биеийн хэм 36. Уг нь дээхэн үед 60-70 гаруй хэмтэй, өвөл ч халуухнаараа байдаг байж. Гэхдээ одоо ч 42 хэмээс илүү хүйтрэхгүй л бол хөлдөхгүй нь тодорхой. Өвөл ч нутгийнхан халуун усанд ордог хэвээр. Рашааны савдаг нь эм хүн юм гэнэлээ. Тиймээс рашаан бүсгүй хүнд ивээлтэй гэсэн. Энэ жил рашааны урсац багассан гэлцэнэ. Арай үгүй, харин рашааныг самнаж цэвэрлэжээ. Ер нь рашааны эхийг цэвэрлэж самнахдаа жил судрыг харж, бүсгүй хүнээр модон тармуураар шүүрдэж самнан ариусгадаг байна. Ноднин рашааныг цэвэрлэх гээд жил судар нь таарах бүсгүй олдохгүй байна гэж байсан. Энэ жил ашгүй ээлтэй бүсгүй олдож цэвэрлэсэн бололтой. Рашааны эхний ой савдаг догшин гэлцдэг. Түүний баримт ч байнаа. Рашаанд бузар оруулах, буруу харьцах гэм, цээртэй. Зүй бус харьцасны гороор рашааны дээд эхний модон дотор нэг өвгөн боож үхсэн явдал гарчээ. Мөн зүүн талын ойн модны үзүүрт нэг хархүү ч боож амиа егүүтгэжээ. Энэ мэт буруу үйл хийсэн эр хүнд бол нэн ширүүн. Ийм л догшин хайрхдаар хамгаалсан ариун дагшин рашаан бөлгөө. Рашааныг ариглан хаацайлж, хамгаалж буй хүн нэг хоёрхон. Энэ жил рашааныг Даваасүрэн, гэргий Ц.Мягмарсүрэн болон Махгалсүрэнгийн гэр бүл хариуцан сахиж, олон түмэнд байр сууцаар үйлчилж байна.

Рашааны дэргэд гурван овоо буй. Эдгээр овоонд бараа болгон Мэргэн Сүх буюу Мэргэн жийгийн хойд дүр гэгдэх бөө бүсгүй ноднин ирж хоёр овоо босгожээ. Энэ жил рашааны овоог нэгэн сүсэгтэн торгоор хулдан ороожээ. Энэ мэт хайрлах, хямгадах хүн байгаа л аж. Харин дээр дурдсан модон сав, цорго, сувгийг эвдэлгүй, өрөө бүрийн эвдэрч үлтэрсэн шал, хана, хаалга зэргийг шинэчлэн засах цаг болжээ. Рашааны орчныг тохижуулж, додомдох сэтгэл рашаанчид болон нутгийнханд илт дутсаар байна.

Аль 2004 оны үед рашаан руу татсан өндөр хүчдэлийн шугамыг ашиглалтад оруулчихвал гэрэл цахилгаантай сайхан болохсон. Өндөр хүчдэлийн трансформаторыг хулгайлаад 7 жил болсон ч эзэнгүй хэвээр байсаар. Нутгийн иргэд Өндөр-Улаан зүгээс хулгайлсан гэж хардах ч эзнийг хэлж чадахгүй. Мэдээж цахилгааны мэргэжлийн хүн л хулгайлах төхөөрөмж. Явган ярьж, шалдан суулгүй Чулуут сумын удирдлагууд энэ асуудлыг хэлэлцэж рашаанаа "цахилгаанжуулж" болохоор л доо. Рашаанчид алийн болгон лаатай суух билээ. Энэ зун сонгуульд ялсан арын хангайн гурван залуу түшээ халуун рашаанд орж ариулаад явцгаасан гэнэ. Тэд нэгийг бодож явсан байх гэж нутгийнхан өгүүлнэ лээ. Сортоотой гурван залуу түшээ сонгогчдынхоо энэ мэт санал хүсэлтийг болгоох буйз аа.

Чулуут нутгийнхан энэ жил киноныхон ирж зураг авч байгаа гэж хуучиллаа. "UBS" телевизийн уран бүтээлчид Чулуут нутгийн сарлагийг кинондоо тоглуулж байгаа болохоор бахархалгүй ч яах вэ?

Ж.Батсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.