Англид хатуу хөл хорио тогтооно

Twitter Print
2021 оны 01-р сар 05-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Английн нутаг дэвсгэрт хатуу хөл хорионы дэглэм тогтоох тухай мэдэгджээ. Энэ нь Их Британид анх бүртгэгдсэн коронавирусын мутацид орсон шинэ хувилбарын халдвар тархаж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэхээс сэргийлж буй арга хэмжээ аж.

Энэ удаагийн хөл хорионы дэглэм нь Английн нутаг дэвсгэрт тогтоосон 3 дахь удаагийн хөл хорионы дэглэм бөгөөд хөл хорио 2-р сарын 15 хүртэл үргэлжлэх аж. Ирэх лхагва гарагт Их Британийн парламент засгийн газраас санал болгож буй журмуудыг хэлэлцэх ч парламентын шийдвэрийг хүлээлгүйгээр иргэдийг даваа гарагийн оройноос эхлэн хөл хорионы дэглэм баримталж эхлэхийг зөвлөсөн байна. Ерөнхий сайд Борис Жонсоны мэдэгдсэнээр хүнсний дэлгүүрүүдээс бусад худалдаа үйлчилгээний төвүүд хаагдах ба зоогийн газрууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх гэнэ.

Түүнчлэн ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд хаагдаж, зайнаас сургалт явуулах гэнэ. Иргэдийг зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан орох, яаралтай эмнэлгийн тусламж авах, дасгал хөдөлгөөн хийхийн тулд л гадагш гарахыг зөвшөөрч байгаа аж. Түүнчлэн гэрээсээ ажиллах боломжгүй иргэд ажилдаа явах, асаргаа сувилгаа шаардлагатай иргэдийг эргэж очих боломжтой гэнэ. Хөл хорионы дэглэмийг зөвхөн Английн нутаг дэвсгэрт дагах ба бусад нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох эсэхийг орон нутгийн удирдлагууд нь шийдэх аж.

Даваа гарагийн мэдээгээр Их Британид долоо дахь өдрөө дараалан коронавирусын халдварын 50 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Англид л гэхэд КОВИД-19 өвчний улмаас 26 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэж байгаа ба Зул сараас хойш эмнэлэгт хэвтсэн коронавирусын халдвартай иргэдийн тоо 50 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.