Клуб 99 буюу байхгүй зүйлийн төлөө гунихрах нь...

Twitter Print
2020 оны 07-р сар 31-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Нэгэн хаан амьдарч байжээ. Гайхалтай баян тансаг амьдралаар амьдравч аз жаргалгүй, юунд ч сэтгэл ханамжгүй амьдардаг байв. Нэг удаа хаан гадуур явж байгаад ажлаа хийнгээ аз жаргалтайгаар дуулан суугаа зарцыг харав. Хаан хамаг бүхнийг эрхшээж байхад, хамаг бүхэн надад байхад, хамаг ард иргэд зөвхөн надад үйлчилж байхад би яагаад аз жаргалгүй, гунигтай амьдарч байна вэ, харин юу ч үгүй үгээгүй хоосон зарц юунд ийм их аз жаргалтай амьдарна вэ гэж бодов. Тэгээд хаан зарцаас асуув. Чи яагаад ийм их аз жаргалтай юм бэ? Зарц хариулав. Эрхэм дээдэс ээ, би эгэл жирийн нэг зарц билээ. Надад болон миний гэр бүлд олон зүйл хэрэггүй ээ, амьдрах толгой хоргодох оромж, ходоод баярлуулах халуун хоол байхад л болно гэлээ.

Хаантанд энэхүү хариулт хангалтгүй байлаа. Тэр өдрийн оройхон хаан бодлогоширон байснаа өөрийн итгэмжит зөвлөх түшмэлээс асуув. Хааны асуудлыг сонссон түшмэл "Эрхэмсэг хаантаан, таны зарц аз жаргалтай байгаагийн хариулт бол тэр ердоо "Клуб 99"-ийн гишүүн болоогүйд байна гэв. Хаантан гайхаж, "Клуб 99 өө? Ийм юм юу байдаг билээ гэв. Түшмэл түүнд хариулав. Та Клуб 99 гэж юу байдаг тухай үнэхээр мэдье, ойлгоё гэж бодож байгаа бол зарцынхаа гэрийн үүдэнд 99 ширхэг алтан зоос тавина уу. Тэгээд удалгүй та мэдэх болно гэв.

Хаан зөвлөсөн ёсоор болгов.

Зарц ажилдаа гарч явтал үүдэнд нь уутай зүйл хэвтэж байхыг хараад түүнийг аван буцаж оров. Задламагцаа баярлаж бахдсандаа болоод өөрийн эрхгүй хашгирч орхив. Ийм олон алтан зоос тэр амьдралдаа барих нь битгий хэл харж ч байсангүй. Тэгээд хаалга үүдээ сайтар хааж бэхлээд тоолж эхлэв. Хэдэн удаа тоолсон ч алтан зоос 99 ширхэг байв. Тэр, 100 л байх ёстой доо, сүүлийн ганц зоос хаашаа орчихов хэмээн үглэж, уутыг сэгсрэн, гарч орж нэг үзэн, байж болох бүх л хонгил саваар нэгжиж, зооснуудыг дахин дахин тоолсоор байв. 

Хэн ч 99 алтан зоос орхихгүй дээ хэмээн бат нут бодно. Гагцхүү тэр сүүлийн алтан зоос хааш одов хэмээн толгойгоо гашилгана. Тэгэж тэгэж бүр ядрав. Тэгээд бодов. Одоо би нэг ширхэг алтан зоос олчихвол илүү сайхан амьдарна. Илүү их хөдөлмөрлөхөд ганц алтан зоос юухан байхав. Гагцхүү алтан зоосны цуглуулгаа л 100 болгочихвол бүр их аз жаргалтай болно. Тэр ингэж бодно.

Энэ өдрөөс эхлэн зарц эрс өөрчлөгдөв. Тэр урд урдынхаас улам олон цагаар, өдөр шөнөгүй зүтгэн ажиллана. Нүд, сэтгэлд нь тэрхүү 100 дахь алтан зоос байнга бодогдож зовооно. Ганцхан алтан зоос нэмээд олчиход л болно шүү дээ хэмээн гэр орноо ч мартан зүтгэсээр байв. 100 дахь алтан зоос цуглуулахад нэмэр хандив болохгүй байна хэмээн гомдоллон уурлаж, гэр бүлээ харааж зүхнэ. Тэр урдын адил ажлаа хийж байхдаа дуулахаа болив. Уур уцаартай, гунигтай, ширүүн догшин болов. 

Энэ бүх өөрчлөлтийг ажиглаж байсан хаан түшмэлээсээ юу болоод байгаа тухай асуув. Түшмэл хариулав. "Хаантаан, таны зарц одоо клуб 99-ийн албан ёсны гишүүн болсон". Тэгээд цааш үргэлжлүүлэн хэлэв. Клуб 99 гэдэг нэр бол амьдралд нь хүрэлцээтэй хэрэгцээт бүхэн нь байсаар байтал хэзээ ч түүндээ сэтгэл ханаж, аз жаргал эдэлж чаддаггүй хүмүүст өгдөг нэр юм. Тэд байгаа зүйл дээрээ дахиад жоохныг ч болов нэмээд авчихвал амьдралдаа аз жаргалтай болно гэж бодож, түүнийгээ олохын төлөө зовж шаналж, аз жаргалгүй болдог юм" гэлээ.

Бид байгаа зүйлдээ сэтгэл ханаж амьдарвал аз жаргалтай байж болох ч арай ихийг олоод ирэнгүүтээ улам ихийг олохын шуналд автаж эхэлдэг нь юутай харамсалтай вэ. Бид үүний төлөө зовж шаналж, өдрийн бодол шөнийн зүүд болж, хажуу дахь хайртай хүмүүсээ мартаж, гомдоож эхэлдэг. Гэтэл тэр хурааж хумьсан илүү их зүйл бидний амьдралын төгсгөл ирэх тэр цаг мөчид хэнд ч хэрэггүй зүйл болон хувирсан байдаг. Харин тэр цагт та амсах ёстой цагтаа эдэлж чадаагүй аз жаргалынхаа төлөө гунихран харамсах болно.  

Амьдралынхаа хором бүхэнд аз жаргалыг мэдрээрэй!

Зураг дээр: Зураач Wang Yi Guang, нисч буй Түвд орон

Эх сурвалж: Учения Единства

Орос хэлнээс орчуулсан: 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.31.191) 2020-05-22 20:58
      • 0
      • 2

      Шуналаасаа болж хүн төрөлхтөн өөрсдийгөө хөнөөх юм даа. Аймаар их хөрөнгөтэй мөртлөө эдэлж чадаагүй нөгөө ертөнцөд явчихсан хүмүүсийн жишээ олон бий шүү.

      Хариулах