Хятадын Батлан хамгаалахын сайд олны өмнө ил гаралгүй хоёр долоо хонож байна

Twitter Print
2023 оны 09-р сар 17-нд 13:02 цагт
Мэдээний зураг,

Хятадын Батлан хамгаалахын сайд олны өмнө ил гараагүй 2 долоо хоног болж байна БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдаар өнгөрсөн 3-р сард томилогдсон Ли Шаньфу олон нийтийн өмнө ил гараагүй 2 долоо хоног гаруй болсон нь олон улсын хувьд анхаарал татсан сэдэв болоод байна.

Түүний ийнхүү алга болсон нь өнгөрсөн зун Хятадын эрх баригч коммунист намын зүгээс зэвсэгт хүчний салбар дахь томоохон албан тушаалтнуудыг сольсон явдалтай холбоотой, мөрдөн шалгагдаж байгаа гэсэн цуу яриа гарахад хүргэжээ.

Файнэншнл Таймс сонин өнгөрсөн пүрэв гарагт Америкийн засгийн газар Хятадын эрх баригчид Ли Шаньфуг шалгаж байгаа гэдэгт итгэлтэй байгаа гэж бичсэн бол Уолл Стрийт Жорнал Ли Шаньфуг өнгөрсөн долоо хоногт баривчилсан хэмээн мэдээлжээ.

Нөгөөтээгүүр аль нь ч Ли Шаньфуг баривчлах эсвэл шалгах болсон шалтгааныг дурдаагүй байна. Өнгөрсөн баасан гарагт Хятадын Гадаад харилцааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Батлан хамгаалахын сайд Ли Шаньфугийн тухай асуултанд Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч, "Би энэ талаар мэдэхгүй байна." хэмээн хариулжээ.

Батлан хамгаалахын сайд Ли Шаньфугийн олон хоног олон нийтийн өмнө гараагүй асуудалд иргэд анхаарлаа хандуулж байгаа нь Хятадын Гадаад харилцааны сайд Чин Ган мөн л гэнэт олон нийтийн өмнө ил гарахаа больж, түүнийг албан тушаалаас нь огцруулсан явдалтай холбоотой юм.

Чин Ганы хувьд Гадаад харилцааны сайдын албан тушаалд томилогдоод удаагүй байсан ба тэрээр 6-р сарын 25-наас хойш олон нийтийн өмнө ил гараагүй юм. Уг асуудал олон нийтийн анхаарлыг татаж, түүнийг гэр бүлээс гадуурх харилцаанаас болж шалгаж байгаа гэсэн цуу яриа хүртэл гараад амжсан билээ. Удалгүй Хятадын Коммунист нам түүнийг албан тушаалаас нь огцруулсан юм.

Хятадын Коммунист намаас Чин Ганы хаана байгааг, түүнийг ямар үндэслэлээр огцруулсан тухай ямар нэг тайлбар, мэдээлэл өгөөгүй нь мөн л олны анхаарлыг татсан билээ. Хятадын засгийн газар болон зэвсэгт хүчний албан ёсны сайтуудад Батлан хамгаалахын сайдын албан тушаалын ард Ли Шаньфугийн нэр байгаа хэвээр аж.

Өнгөрсөн 7-р сард Ардын Чөлөөлөх арми Хятад улсын цөмийн болон баллистик пуужингийн нөөцийг хянах элит анги бүрэлдэхүүн болох Пуужингийн хүчний хоёр том албан тушаалтныг сольсон ба албан тушаалаасаа огцорсон нэг дарга нь одоог хүртэл олон нийтийн өмнө ил гараагүй аж.

Батлан хамгаалахын сайдаар томилогдохоосоо өмнө Ли Шаньфу зэр зэвсгийн хангамж хариуцсан албаны даргаар 5 жил ажилласан ба 2018 онд Вашингтон Бээжин Москвагаас зэр зэвсэг худалдан авсан гэсэн үнпэслэлээр Ли Шаньфуг хоригт оруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын зэвсэгт хүчний зэр зэвсгийн хангамж хариуцсан алба 2017 оноос эхлэн уг салбарт гарсан авлига, хээл хахуулийн тухай мэдээ мэдээлэл авна гэдгээ мэдэгдсэн нь Ли Шаньфу авлигын асуудлаас болж шалгагдаж байж болзошгүй гэж таамаглахад хүргэжээ.

Тэрээр хамгийн сүүлд 8-р сарын 29-нд Бээжин хотноо болсон Хятад-Африкийн Энх тайван, Аюулгүй байдлын форумд оролцож, үг хэлсэн аж.

Өнгөрсөн долоо хоногт Ли Шаньфу Вьетнамын Батлан хамгаалахын сайдтай хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцалжээ.

Бээжингийн зүгээс уулзалт Батлан хамгаалахын сайд Ли Шаньфуд эрүүл мэндийн асуудал гарсантай холбоотой гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.235.198) 2023-09-18 15:09
      • 0
      • 0

      ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597 ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

      Хариулах