
1960 оны эхээр Америкийн дуун хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж, тэргүүлэх зуун дууны Биллбоард жагсаалтын эхэнд хэдэн сар бичигдэж, пянз нь хамгийн их зарагдсан япон хэл дээрх цорын ганц хит дуу нь Сакамато Кюгийн дуулсан "Дээшээ хараад алх!" (Цэх болоод алх!) ажээ.
Энэ дууг алдартай Капитал Рекордс бичлэгийн студи 1963 онд гаргаж ирэхээс өмнөхөн Кальфорниа мужийн Фресно хотын ФМ радиод DJ хийдэг Сам Жуан гэдэг америк хүн олж сонсоод, ямар ч зөвшөөрөлгүйгээр радиогоор цацаж, тус мужид газар тариалан эрхэлдэг 1, 2-р үеийн япончууд, мөн америк хүмүүсийн зүрх сэтгэлд хүрчээ. Тэр орон зайг олж харсан Капитал Рекордс бичлэгийн студийн Давид Данкер гэдэг хүн тус дууны бичлэгийг японд гаргасан хүмүүстэй холбоо барьж, "Сүкияки" гэдэг пянз Америкт худалдаанд гаргажээ.
Гайхалтай нь Давид тус пянз Битлзийн "Love Me Do" паянзыг цохиж гарч ирсэн гэнэ. "Сүкияки" дуу Америкийн болоод дэлхийн дууны ертөнцийг доргиож, 66 оронд нийт 23 сая орчим пянз зарагдаж, дэлхийд үнэн шуугиан дэгдээжээ. 21 настай Сакамото Кюг Америкт тусгай нислэгээр урин авчирахад хэсэгтээ л Америкийн зурагтаар од болж тодорсон байна. 1963 оноос хойш Америкийн дууны ертөнцийг түүн шиг байлдан дагуулсан гадаад дуучин хараахан гараагүй гэнэ. Манай "Ху" хамтлаг л жаахан дөхөж очих байх.
Дайны дараах хүнд жилүүдэд Сакамото Кю рок-н-роллын хаан хэмээгдэх Элвис Преслийг сонсож, дуурайн дуулж өссөн тэрээр олон янзаар дуучин болохыг мөрөөдөж, жижиг хамтлагт дуулж байжээ. Түүний өвөрмөц инээмсгэлийг Японы урлагийн удирдах байгууллагын ажилтан Вадасэ Нобико гэдэг бүсгүй анх олж харжээ. Сакамотогийн өвөрмөц царай, урлагийн авьяасыг онцгойлж сонирхсон Вадасэ зурагтын хүүхэд залуусын хөтөлбөрт түүнийг анх оруулсан байна. Харин түүнийг дуучин болох авьяасыг Кимура Хачидай гэдэг хөгжмийн зохиолч мэдэрч, өөрийн хөтөлбөртөө оруулжээ.
Хөгжмийн зохиолч Кимура бол Америйкн рок-н-ролл хөгжмийн ертөнцийг сайн судалсан нэгэн болохоор зэрэг бүжиглэж дуулж чадах задгай гэмээр тийм өнцгийг Сакамотогоос олж харсан байна. Дайны дараах япон залуусын амьдрал үнэн хүнд, ирээдүй тод харагдахгүй, нэн гунигтай, гутрангуй байсан учир түүнд эерэгээр нөлөөхийн тулд "Жаахан л тэвччих. Тэгвэл сайхан амьдрал алган дээр чинь ирнэ" гэсэн санааг илэрхийлж "Нулимсаа унагахгүй төлөө дээшээ хараад алх!" гэсэн үг бүхий энэ дууг Кимура бичээд, Сакамотогоор дуулуулсан байна. 1961 он 7 сарын 21-нд хийсэн тайлан тоглолтондоо Кимура "Дээшээ хараад алх!" дуугаа Сакамотогоор дуулуулжээ.
Тус дууг 1980 онд англиар дуулж, ахиж Америкт хит болгон амьдруулсан дуучин нь Лос Анжелес хотын ядуусын хороололд өссөн өнгөт арьстан Женис Марий Жонсон ажээ. Зүүн Японы их газар хөдлөлтийн гамшгаар гэр орноо алдсан мянга мянган япон хүмүүс зовсон цагтаа тус дууг ахин дуулж амьдруулсан билээ. Харамсалтай нь Сакамото Кю идэр залуу насандаа 1985 онд онгоцны ослоор гэнэт нас баржээ. Япон хүн зовсон цагтаа "Дээшээ хараад алх!" дууг дуулдаг болсон тухай өгүүлэхэд энэ болюу.
Та бүхэн тус дууг анхны эхээр нь эндээс сонсоорой.
Ш.Баатар