
Хайрт хүүхдүүд ээ, та бүхэн зуныхаа амралтыг зугаатай сайхан өнгөрөөж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн жил хүүхдүүд маань хэрхэн амарсан тухай бидний бэлдсэн сурвалжлагыг уншаад энэ жилийн "Хөдөө хотын хөөрхөн хүүхдүүд хэрхэн яаж амрав" цувралыг үргэлжлүүлэхэд туслаарай. Зуныг хэрхэн өнгөрөөж байгаа болон өөрт тохиолдсон хөгжилтэй явдлын тухай бичээд зурагтайгаа хамт mongolcom.mn@gmail.com хаягаар илгээж бусад найзуудтайгаа хэрхэн амарснаа хуваалцаарай. Бүтэн овог нэр, нас, сурдаг сургуулиа тодорхой бичээрэй. Ах эгч нар нь хөөрхөн дүү нарынхаа хэрхэн амарсныг дуулах гээд тэсч ядан хүлээж байгаа шүү.
Наадмын дараа намар гэгчээр сургууль, цэцэрлэг гээд дээр дооргүй ид ажлын үе ирж, зуны налгар өдрүүд дуусахад хэдхэн өдөр үлдээд байна. Сургуулийн бяцхан сурагчид маань зуны дэлгэр сайхан өдрүүдэд хэрхэн амарч, цагийг зугаатай өнгөрүүлж байгаа талаар бид сурвалжлага бэлтгэсэн юм. Энэ сурвалжлагаас харахад хөдөөний хүүхдүүд ихэвчлэн аав ээж, амьдрал ахуйдаа туслаж, харин хотын хүүхдүүд аав ээжтэйгээ хөдөө орон нутгаар аялах, курс дамжаанд сурах, зусланд амрах гээд аль болох өөрсдийгөө хөгжүүлэх, зугаатай ажлуудыг хийсэн байх юм.
Бидний уулзсан хүүхдүүд цагийг дэмий өнгөрөөгөөгүй, хийсэн бүтээсэн, хэлэх зүйлтэй байсанд сэтгүүлч ах эгч нар чинь талархахын ялдамд ирэх хичээлийн жилдээ эрүүл энх, аз жаргалтай байж, амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөе!
Хүүхдүүдээс зуныхаа амралтыг хэрхэн өнгөрөөж байгаа, ирээдүйдээ юу хийнэ гэж боддог болон найз нөхөд, сонирхдог зүйлийнх нь тухай асууж ярилцсан юм.
Мөнхтөрийн Эрхшагай: Амралтаараа Хари Потертой нөхөрлөж байна
Би 12 настай. Энэ жил Орчлон сургуулийн 7-р ангид дэвшин суралцана. Саяхан найзуудтайгаа “Найрамдал” зуслан явж сайхан амарчихаад ирсэн. Зусланд их олон найзуудтай болж, цагийг хөгжилтэй бөгөөд спортлог өнгөрүүлсэн. Зуслангаас явуулсан олон уралдаан тэмцээнд идэвхитэй оролцсон. Энэ зун ээжийнхээ төрсөн нутаг Баянхонгор аймгаар аялаж, Өвөрхангай аймгийн Хужиртын Рашаан сувилалд очиж амарсан.
Бас ном унших дуртай. Гэртээ 1 цагаас хойш өдөр бүр бага багаар ном уншиж байгаа. Бусад цагт нь зуслан дээрээ найзуудтайгаа сагс тоглож өнгөрөөдөг.
Эмээдээ сүү авч өгч, заримдаа ой руу орж хаягдал мод цуглуулж өгдөг. Чөлөөт цагаараа бассейнд сэлж, биеэ чийрэгжvvлдэг.
Баттөрийн Баасандорж: Би барилдахдаа их аварга Асашёрюү шиг өөрийгөө ирлэж барилддаг
Би Баянхонгор аймгийн Жаргалант сумын дунд сургуулийн 6-р ангид орно. Хичээл сургуульдаа бол гайгүй. Бөх барилдах, гүйх, сагс воллейбол, теннис тоглох дуртай. Асашёрюу аваргыг шүтдэг, мундаг тамирчин гэж боддог. Шатар, даамаар Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Бага насны ангилалд оролцож байр эзэлж байсан. Компьютер дээр бол зураг зурах, тоглох дуртай. Манай сум энэ жил интернеттэй болсон болохоор өөр олон олон гоё юмнууд хийж сурна гэж бодож байгаа.
Манай аав ээж хоёр хоёулаа сургуульд ажилладаг. Би том болоод эмч болж өвчтэй хүмүүсийг эмчилж эдгээнэ. Аав ээжийгээ эмчилж, урт наслуулна. Тэдэнтэйгээ хамт удаан байхыг хүсдэг.
Энхбатын Ричард: Монголдоо зун ирэх үнэхээр сайхан
Намайг Энхбатын Ричи (Ричард) гэдэг. 12 настай. Би Америкт төрж өссөн Монгол аав ээжтэй монгол хүүхэд. Энэ жил 2 дахь удаагаа Монголд, эмээ дээрээ ирж амарч байна. Өнгөрсөн жил Төв аймгийн нутгуудаар, харин энэ жил Архангай, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудаар аялсан. Элсэн тасархайд очиж тэмээ унасан маань надад хэзээ ч мартагдашгүй дурсамж болсон. Наадмаар аавтайгаа Хөвсгөл далай руу онгоцоор явж аялсан нь үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлсэн.
Өнгөрсөн жил Улаанбаатар хотоос 70 км зайд орших Мөрөөдөл хүүхдийн зусланд амарсан бол энэ жил Найрамдал хүүхдийн зусланд амарлаа. Америкт хүүхдүүд гадаа ихэнх цагийг өнгөрөөдөг. Тэнд бүх л спорт тоглоомын талбай, усан бассейн гээд бүх зүйл бэлэн, үнэ төлбөргүй байдаг бол энд хотод гарах газар байхгүй, тоглох, дугуй унах талбай байхгүй нь жаахан хэцүү санагддаг.
Өнгөрсөн жил миний монгол хэл маш муу байсан. Харин энэ жил хүүхдүүдийн ярьсан бүх яриаг ойлгож байгаа. Гэхдээ англиар хариулдаг. Удахгүй монгол хэлээрээ маш сайн ярьж сурна гэж бодож байна. Би Намуунаа, Мандухай, Мишээл гээд 3 эгчтэй.
Би Монголдоо ирэх болгондоо улам хайртай болж байгаа. Яагаад гэвэл энд миний эмээ, аав, зөндөө олон хамаатан садангууд, хайртай дотны минь хүмүүс байдаг. Ноднин ирэхдээ Улаанбаатарыг ийм гоё хот гэж бодоогүй. Харин энэ жил их сайхан өнгө үзэмжтэй, гудамж талбай нь цэвэрхэн, сайхан цэцэгсээр чимсэн гоё хот юмаа гэж бахархаж байна.
Бууз, хуушуур гээд Монгол үндэснийхээ хоолонд дуртай. Миний эмээ 80 гарсан, өндөр настай болохоор би юмаа олоход нь тусладаг. Бас цай хоолыг нь ширээн дээр нь тавих, эмийг нь олж өгөх, гадаа гарахад нь туслах зэргээр тусладаг. Энд ирэхээрээ ээжийгээ, Америкт очихоороо эмээгээ их санадаг даа.
Гантулгын Энхтулга, Гантулгын Ариунболд: Бид малдаа хайртай
Энэ хоёр хөөрхөн, дэрсхэн хүү Баянхонгор аймгийн Жаргалант сумын Мод тохойд зусах малчин Б.Гантулгын хүүхдүүд. Энэ жил 6, 8-р ангид орох хоёр хүү малчин аав ээж дээрээ малаа хариулан зуныг өнгөрөөж байна. Хоёр хүү дороо 3 дүүтэй гээд бодохоор яалт ч үгүй ажлын хүнд энэ хоёрт л оногдох аж. Б. Гантулгынх хонь, ямаа, үхэр, адуу гээд мал малын л захтай юм. Хоёр хүү ээлжлэн хонь, адуундаа явна.
Сургуульдаа бол хэний ч дор орохгүй сурлагатай гэнэ. Хоёулаа хурдан морь унах, бөх барилдах дуртай гэлээ. Адуугаа эргүүлж яваа нэг нь хонио хариулж яваа дээрээ шуугиад л очих юм. Хэд сайн ноцолдож (барилдаж) аваад буцаад давхих нь хөөрхөн. Тэгэхнээ ах нь дүүдээ унаад байдаг юм байна. Дүүгээсээ даагаа нэхэх гэж ийнхүү очоод өгөө аваатай болохоороо буцаад давхидаг аж. Морийг бол ёстой эдлэх шиг л болох юм. Хамгийн дуртай зүйл чинь юу вэ гэвэл, хоёулаа "хурдан морь унаад салхи татуулан давхих" гэлээ. Тэдний морь унаж, ажил төрлөө хийж байгааг харахад "Монгол хүн морьтойгоо төрсөн" гэх мөрүүд санаанд орно. Морь уначихсан гэж бодож, тэрэндээ санаа чилээж байгаа юм ер алга, морь унан ажлаа хийх нь бидний цай ууж, хоолоо идэхтэй л адил амархан бололтой.
Ном их уншиж байна уу гэвэл, "Энэ их ажлын хажуугаар хэдийдээ ном уншиж хэвтэх вэ дээ" гэнэ. Та хоёр яаж амарч байна даа гэсэнд, хоёр биен рүүгээ нэг харсанаа "Бид малдаа хайртай" гэлээ.
Идэрбатын Тэмүүлэн: Агаарт гэр бүлийхэнтэйгээ гоё байна
Өвөө, эмээтэйгээ зуслан дээр амарч байна. Эмээ өвөөдөө туслахын хажуугаар найзуудтайгаа тоглож өнгөрөөдөг. Халуун өдөр усаар байлдаж тоглодог. Гэхдээ жаахан хүүхэд гол руу хамаагүй явж болохгүй болохоор энүүхэнд жижиг голд тоглоно.
Бас багшийнхаа цээжлээрэй гэсэн даалгавруудыг хийж байгаа. Заримдаа аав ээж зөвшөөрвөл нэтээс гоё сонирхолтой үлгэр уншдаг. Надад байхгүй үлгэрүүд танай сонин дээр байдгийн ш дээ. Өөрөө уншина, залхуу хүрээд байвал эгчээрээ уншуулдаг.
Зуслан дээр дандаа гадаа байх нь сайхан. Дугуйгаа унаад л давхиж өгнө. Шөнө унтахаас нааш гэртээ бараг ордоггүй. Хотод бол гэртээ үлдээд хааяа цонхоороо хараад "гарах юмсан" гэж бодно. Зун битгий дуусаасай гэж хүсч байна.
Би том болоод аав шигээ мундаг бизнесмэн болно.
Хүрэл-Эрдэнийн Эрдэнэбаяр: Би жаахан ядарч байна
Энэ сайхан өнөр бүлийн дунд нь зогсоо хүүг Х.Эрдэнэбаяр гэдэг. 8 настай. Энэ жил Баянхонгор аймгийн Заг сумын сургуулийн 4-р ангид орно. Хүүгийн аав сургуулийн Нийгмийн ажилтан бол ээж нь Алсын зайн сургалтыг арга зүйч гэнэ.
Хүү 6 нас хүртлээ ганцаараа, аав ээжийнхаа хайранд бөмбөрч өсчээ. Хоёр жилийн өмнө Хос-Эрдэнэ, Хосбаяр нэртэй хоёр ихэр эрэгтэй дүүтэй болжээ. Харин энэ жил ээж нь Их-Эрдэнэ, Ихбаяр нэртэй хоёр ихэр хүү төрүүлснээр хоёр жилийн дотор хүү 4 дүүтэй болжээ.
Ээж аав хоёр нь хоёр нялх хүүгээ тэврээд завгүй тул Эрдэнэбаяр хүүд 2 настай хоёр ихэр дүүгээ харах хүндхэн алба ноогджээ. Ядаж байхад нөгөө хоёр нь дүрсгүй гэж жигтэйхэн. Хоёулаа болохоор догиж ахыгаа цохих, чимхэх, зугтаах гээд хөөрхөн "хорлох" юм. Хүү тэр болгонд ахын буурь зааж цохиод авахгүй мөртлөө зогсоо чөлөөгүй хоёр дүүгийнхээ араас санаа тавин элдэх юм. Хариуцлагатай гэж жигтэйхэн.
Харин энэ зурган дээр олон инээсэн хүний дунд ганцаараа уравгардуу зогсоно. Дүүдээ цохиулаад өвдсөн үү, аав ээж нь дүү нарт нь анхаарал тавиад төдийлөн анзаарахгүй болсонд дотроо гомдолтой байна уу, юу ч болсон уйлсан байсан. "За, зураг авлаа шүү, инээгээрэй" гэсэнд "Би ядраад байна" гэсэн юм.
Хөөрхөн дүү нар нь энх тунх өсч том болоод, удахгүй тэдэнтэйгээ инээд цалгиулан наадах цаг хурдан ирээсэй гэж чамд хүсье, Эрдэнэбаяр аа. Жаахан тэвчээрэй. Энэ зун жаахан тиймхэн өнгөрсөн ч ирэх олон олон он жилүүдэд зугаатай, сайхан амраарай.
Баянжаргалын Туул: Хотын төвөөр дугуйн замтай ч болоосой гэж мөрөөддөг
Би 14 настай. Энэ жил 9-р ангид орно. Зун эхлээд “Найрамдал” зуслан явсан. Зохион байгуулалт сайтай, олон арга хэмжээ, уралдаан зохион байгуулдаг болохоор сайхан санагддаг. Олон газрын хүүхдүүд амардаг болохоор олон найзтай болно. Бас Хэнтий аймгийн Биндэр суманд байх авга ахындаа очиж амарсан.
Чөлөөт цаг гарахаар ихэвчлэн өрөөндөө зургаа зураад л сууна. Өөрөө өөртөө сэтгэл ханамжтай байх л хамгийн аз жаргал. Сайн зурж дадлагажиж байгаад тэмцээн уралдаанд орно гэж боддог.
Би Математикт их сонирхолтой. Ирээдүйд сайн Эдийн засагч болох бодол байна. Гэрийнхэн маань ч гэсэн энэ шийдвэрт сэтгэл хангалуун байгаа.
Адал явдалтай ном, сэтгүүл уншиж, кино үзэх дуртай. “Хүүхдийн 108 цуврал” номноос ихэвчлэн авч уншдаг. Интернетийг өөртөө хэрэгтэй мэдээлэл цуглуулах, мөн номын санд байхгүй номыг “Biirbeh.mn” сайтаас унших зорилгоор хэрэглэдэг. Бид заримдаа тэр бүр сонин эргүүлж, зурагт үзэхгүй шүү дээ. Тиймээс нийгэмд болж байгаа мэдээлэл болоод өөрийн сонирхдог мэдээллийг нийгмийн сүлжээгээр авч чадаж байна. Зарим хүүхдүүд хэрэглээ гэхээс илүүтэй өөр буруу зүйлд ашиглаж, тоглоом тоглож донтдог нь үнэн.
Хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин Монголд байхгүй гэдэг. Би бол боломж байгаа гэж боддог. Чөлөөт цагаа яаж өнгөрөөх нь тухайн хүүхдийн ухамсраас шалтгаална. Найз нөхөдтэйгээ нийлээд Парк орж тоглоом тоглож, бас кино театр орж болно. Үнэхээр тоглоом тоглож, кино үзэх мөнгө байхгүй бол найзуудтайгаа нийлээд сагс, хөлбөмбөг тоглоод спортлог өнгөрүүлж болно ш дээ.
Монголд дугуйн замтай болохыг маш их мөрөөддөг. Хотын төвөөр дугуйн замтай болвол би хамгийн түрүүнд дугуйгаа гаргаад “ура” гээд л унана даа. /инээв/
Одгийвийн Алтанзэв, Одгийвийн Алтаннум: Хөдөөний хүмүүсийн хийдэг бүх ажлыг хийж сурна
О.Алтанзэв, О.Алтаннум хоёр бага ангийн сурагчид. Зун болгон хөдөө аль нэг тийшээ аав ээжийн хамт явдаг гэнэ. Энэ зун л гэхэд Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий аймгуудаар яваад иржээ. Ингэж аялаж явахад ер ядардаггүй, харин ч гоё байдаг гэнэ. Хөдөөний хүмүүсийн амьдарч байгаа байдал их таалагддаг гэлээ. Малаа хэрхэн хариулж, маллаж байгааг сурмаар байна гэсэн.
Баянхонгор аймагт байхдаа О.Алтанзэв өдрийн турш хонь хариулж, морь унаж үзсэн, бас Хэнтий аймагт хадлан хадаж байгаа хүмүүс дээр очиж бүтэн бухал хийжээ. Түүндээ тун ч сэтгэл хангалуун байгаа. Онон гол дээр загас барих нь хамгийн сайхан байсан. Даанч загас барьж чадаагүй гэнэ. Арга эвийг нь олбол бас болмоор юм байна лээ гэнэ. Ер нь л эр хүний хийдэг бүхий л ажлыг хийж сурах дуртай. Монгол эр хүн чинь мал хариулна, морь унана, загас барьж чадна, тийм ээ гэлээ.
Хөдөө яваагүй үедээ Монгол хэл болон Тооны нэмэлт хичээлүүд авч байгаа. Төгөлдөр хуурын хичээл бас заалгадаг юм байна.
Алтансүхийн Марал: Багшийн цээжил гэж өгсөн шүлгүүдийг цээжилж байна
Би энэ жил 2-р ангид орно. Аав ээж ажилтай болохоор дүү бид хоёр эмээ өвөө дээрээ голдуу байдаг. Бараг эмээгийн хүүхэд шүү дээ. Дүүгээ харж, аав ээждээ тус дэм болж байгаа гэж боддог.
Багшийнхаа өгсөн зуны гэрийн даалгаварыг бүгдийн нь хийгээд дуусгачихсан. Эмээ өдөр бүр үлгэрийн ном юм уу, багшийн цээжил гэсэн шүлгийг давтуулдаг.
Би зурах их дуртай. Харин манай дүү миний зурсан зургийг хааяа баллачихдаг шүү. Ихэвчлэн аав, ээж, дүү, эмээ, өвөөгийнхөө зургийг зурдаг. Бас монголын тал нутаг, ой мод, цэцэг, жимс гээд. Миний хамгийн гоё зурсан зургуудыг ээж маань хөргөгчний нүүрэнд наадаг. Тэр нь надад маш гоё санагддаг. Миний охины зурсан уран бүтээл гээд л их баярладаг.
Би эхлээд эмч болно гэж бодож байсан. Одоо яг энэ тэр гэж хэлж мэдэхгүй байна. Зурагт үзээд авьяаслаг нугараач хүүхдүүдийг хараад “Хөөх ямар гоё юм бэ, би яг эд нар шиг болмоор байна" гэж бодсон.
Ууганбаярын Мөнгөншагай: Намайг сургуульд орохоор энэ муу дүү минь яана даа
Энэ жаалхүүг Ууганбаярын Мөнгөншагай гэдэг. Одоо 5 настай. Энэ намар цэцэрлэгийн бэлтгэл ангид орно. Баянхонгор аймгийн Жаргалант сумын Дов хэмээх газар өвөө эмээ, аав ээж, дүү Мөнгөнчимэгийн хамт зусч байгаа. Аав ээж нь хонь мал гээд зав зай муутай. Харин Мөнгөншагай хүү хар үүрээр ээжийгээ үнээ саахаар гарснаас хойш дүүгээ харж үлдэнэ. Мөн хурга ишгээ харах, үнээ ивэлгэж өгөх гээд чамгүй ажилтай. "Намайг сургуульд орохоор энэ муу дүү минь яана даа" гэж санааширна. "Хүйтрээд нэг л биш ээ. Энэ зун ч олигтой зун болсонгүй дээ" гэж том хүн шиг ярих.
Эргэн тойрон дүүгээс нь өөр хүүхэд байхгүй тул хэзээний том хүн шиг л ярих юм. Ганц найз нь хар нохой нь. "Энэ зун сайхан амраад цэцэрлэгтээ очно. Бас сургуульд орно. Байранд сууна даа. Хэцүү л гэсэн. Хүүхдүүд болоод байхад би болох л байлгүй" хэмээн хээв нэг ярина. Ийм нэг хэвлүүхэн хүү хойтон жилээс сургуулиа тарахаар дүүдээ яаран яарсаар, ээж аавдаа туслахаар ирнэ.
За, ингээд уншигч та нартаа болон хөөрхөн дүү нартаа хот хөдөөгийн найз нар, дүү нар чинь хэрхэн яаж амарч байгааг сонирхууллаа. Зуны амралтаа хэрхэн өнгөрөөсөн талаараа бидэнд mongolcom.mn@gmail.com, ding_ding48@yahoo.com хаягаар захидал бичиж, зургаа илгээгээрэй.
Мэдээллийг бэлтгэсэн: Сэтгүүлч Ц.Мөнхбаяр, Г.Ганчимэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.