Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ, гэхдээ...

Twitter Print
2021 оны 08-р сар 04-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын хуралдааны мэдээллийг танилцуулах үеэр Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. Тэрээр:

-Нэг хичээлийн жилд 160-180 хоног танхимаар хичээллэдэг. Танхимаар хичээллэх 62-68 хувийн боломжоо алдсан. Хоёр жилийн хугацаанд цахимаар буюу алсын зайн хувилбараар хичээлээ хийлээ. Үүнээс үүдсэн олон том асуудал үүссэний дотор сургалтын хоцрогдол төдийгүй, сэтгэл санааны хямрал нүүрлэлээ. Энэ нь нэг үеийн бодитой сүйрэл үүсгэж байгаа бөгөөд зөвхөн манай улс төдийгүй дэлхий дахинд учирч буй аюул юм.

Яагаад хичээл сургуулийг нээх үндэслэл үүсэв ээ гэхээр нэгдүгээрт, хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд тог цахилгаангүй, интернэтгүй, компьютергүйгээс 185 мянган хүүхэд Монгол Улсын хэмжээнд хичээлийн хоцрогдолд орсон. Түүнээс гадна 470-500 мянга орчим хүүхэд хичээлийн бодитой хоцрогдолд оржээ. Иймээс хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-ээс эхэлж, тодорхой үе шаттайгаар танхимын болон танхимын бус гэсэн хослуулсан хувилбараар явах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Мөн өөр нэг шалтгаан нь вакцинжуулалтын хувь өндөр байна. Нийт хамрагдах ёстой иргэдийн 60 хувь нь вакцинжуулалт хийгдсэн. Багш нарын 90 гаруй хувь нь хичээл эхлэхэд вакцинд хамрагдсан байх болно. Хүүхдүүдийн 270 мянга нь вакцинд хамрагдах ёстойгоос 220 мянга орчим хүүхэд хоёр дох тунгаа авсан. Эрдэмтдийн тооцоогоор вакцинжуулалт ийм өндөр байгаа тул халдварын тоо буурах таамаглалтай байна.

ЦЭЦЭРЛЭГИЙГ ХЭРХЭХ ВЭ?

Цэцэрлэгийн 4, 5 насныхны хичээл мөн танхимаар болон танхимын бусаар адилхан эхэлнэ. Тав хоног хичээлдээ ирнэ, тав хоног гэрээсээ цахимаар хичээллэнэ. Сургууль мөн адил.

Энэ стратеги хоёр янзаар явагдана. 100 хувь халдваргүй ногоон бүсэд бүрэн танхимаар хичээллэнэ. Бусад газрын хувьд тав хоног цахимаар, тав хоног танхимаар хичээллэнэ.

2-3 насны хүүхдүүдийн хувьд эрсдлийн үнэлгээ хийнэ. Томуугийн вакцинд хамруулж, үүний хувийг харж байж хэзээнээс цэцэрлэгт ямар хэлбэрээр авах вэ гэдгийг есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр төлөвлөгөөг танилцуулна.

ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖУУДЫГ ЯАХ ВЭ?

Есдүгээр сарын 1-нээс цахимаар хичээл эхэлнэ. Есдүгээр сарын 13-ныг хүртэл цахимаар явагдана. Харин 13-наас цахим болон танхимын хосолсон сургалт эхлүүлнэ. Энэ нь элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой. Ковидын улмаас элсэлтийн шалгалтдаа орж чадаагүй хүүхдүүдийг хоёр дох удаа шалгалтдаа орох боломжийг бий болгож байгаа тул есдүгээр сарын 13-наас танхимаар эхлүүлэх юм.

Тусгай байраар ашиглагдаж байгаа цэцэрлэг, сургууль, дотуур байруудыг ариутгах ажлыг наймдугаар сарын 15-наас эхэлнэ.

ГАДААДАД СУРАЛЦДАГ ОЮУТНУУДЫН АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ?

ОХУ-д 8 мянга, Хятад улсад 13 мянга орчим оюутан манай улсаас суралцдаг. Мөн хувиараа тэтгэлэгээр суралцдаг оюутнуудад хичээлдээ хамрагдах боломжоор нь хангана. Өчигдрөөс манай яам болон Хятад улсын Боловсролын яамтай яриа хэлэлцээ үүсгэж байна. Аль болох цаг хугацаанд нь хичээлдээ хамрагдах боломжоор хангахын тулд чадах чинээгээрээ ажиллаж байна.

Гэхдээ хичээл эхлүүлэх энэ шийдвэр нь маш их эрсдэл дагуулж байна гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй байна. Яагаад гэвэл 0-11 хүртэл насны хүүхдүүдийн өвчлөлийн тоо өндөр байна. Улсын хэмжээнд халдвар авсан 180 гаруй мянган иргэдийн 20 гаруй мянга нь хүүхэд. Тиймээс цаашдаа ч энэ хүүхдүүдийн эрсдлийг зөв тооцох ёстой юм.

Зургаан настай хүүхдийн бүртгэлийн асуудлаар ирэх баасан гарагт хэвлэлийн хурал зарлан, эргэж мэдээлэх болно гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.