Д.Урианхай: Өөрийгөө хайрлахаас түрүүнд бусдыг хайрлахад монголчуудын мөн чанар оршдог

Twitter Print
2021 оны 08-р сар 21-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Өнөөгийн нийгэмд хүний ариун сайхан сэтгэлээр амьдрахаар зорьж яваа мань мэтэд гашуунаар мэгшин харуусмаар өдөр олон л давтагдах юм, эсэргүүцмээр үйлдэл, зөрчилдмөөр үзэгдэл олон л тохиолдох юм байна шүү дээ, хө!

Тэр бүгдэд би жигтэйхэн залуу халуун сэтгэлээр эмзэглэх юм. Заримдаа ч бүр цамцаа ураад цээжээ маажмаар, заримдаа ч бүр хэнгэнэтлээ уйлмаар л “шизотоод” явчихна. Гэхдээ миний нулимсанд ач холбогдол өгөх хэрэггүй ээ! Өвгөрөөд нулимс султай болчихоод байгаа ч юм биш хар багын, идэр залуугийн л уйланхай амьтан! Би баярлахдаа ч уйлчихдаг, гомдохдоо ч уйлчихдаг.

Гол нь Монгол минь л намайг уйлуулдаг юм. Сайнд нь ч уйлдаг, мууд нь ч уйлдаг. Монголоо даанч их хайрладагтаа тэр шүү дээ. Тоодоггүй, хайрладаггүй байсансан бол юундаа тэгтлээ усан нүдлээд байв гэж.

Санаа амар унтаж босоод л, идэж уугаад л уйлахаасаа ярвайх нь олон байх байсан биз. Хүний амьдралын эцсийн үнэмлэхүй зорилго бол баяр жаргалыг эдлэхэд л оршдог. Би хар залуугаасаа л ингэж итгэсээр насныхаа “Гималай”-д гарч явна даа.

Хүнийг баярлуулах чинь өөрийгөө давхар баярлуулж байгаа хэрэг. Баярлаж байгаа “амьтныг” харах л хүний дээд баяр байдаг. Үнэн баяр л жинхэнэ жаргал юм.

Хүн үхэхдээ ч жаргалтай, баяртай үхэж болох нэг аугаа боломж бий. Тэр бол амьдралдаа маш олон хүнийг баярлуулах явдал юм. Буян үйлдэх гэдэг бол өөрийн шаргуу, бүтээлч үйл ажиллагаагаараа бүтээж буй болгосон хөрөнгө, хуримтлалаа хамгийн зөв зарцуулахыг хэлж байгаа юм.

Хамгийн зөв юм гэж ямар зүйлийг хэлэх вэ гэвэл мөн чанараараа ариун, бурханлаг үйл ажиллагааг л хэлнэ. Буян үйлдэхийн тулд буяны хөрөнгөө хураах хэрэгтэй. Энэ хөрөнгө маш идэвхтэй ажил хөдөлмөр, оюун ухаан, чин үнэнч сэтгэлийн эрчим хүч нэхсэн хүнд хэцүү тэмцлээр буй болдог.

Буян бол туйлын хүнлэг, бурханлаг, хамгийн хүчирхэг үйл ажиллагааны ялалт мөн.

Би хувьдаа хүний нийгмийн хөгжил бол их олон юм хэрэглэхэд бус, бага цөөн юмыг ухаалаг, гоо сайхнаар хэрэглэх, хэрэглээндээ дээд зэргийн хэмнэлтийн зарчим баримтлах, тэр бага, ариун сайхан, хэрэглээнээсээ их аз жаргал, амар амгаланг олж хүний амьдралын үнэ цэнэ, баяр бахыг бүрэн мэдэрч чадах сэтгэл, оюуны чадварт хүрэх үйл явц л гэж бодоод явдаг.

Шувууд тэнгэрээр нисээд байгааг хараад их гайхан боддог доо. Хүйтэн салхитай өдөр тугал, бяруу мөөрөхөөр их өрөвддөг. Уулын хөндийн адаг руу толгод, дөрөлж даваад далд орчихсон зам руу ширтэж зогсох дуртай байсан. Яагаад ч юм бүү мэд, жаахан гуниглуун явдаг хүүхэд л байж дээ.

Өөрийгөө хайрлахаас түрүүнд бусдыг хайрлахад монголчуудын мөн чанар оршдог.

Түүхэн зохиолд түүхэн үйл явдлуудыг биш, түүхэнд болсон тухайн үйл явдлуудыг дүгнэж өөрийн үзэл бодлоо уран сайхнаар илэрхийлээд, түүхэн хүмүүсийн уран сайхны дүрийг бүтээх хэрэгтэй. Түүхэнд бичигдсэнээс илүү үнэнийг хэн нэгэн зохиолч өөрийнхөө зөн билгээр, дотоод мэдрэмжээр, баясалгалаараа ч юм уу бүтээсэн дүр бол магадгүй түүхэнд бүтээсэн гавьяа, гэм ялаас нь илүүтэй тэр хүний үнэн болж үлдэх байх аа.

Миний ганцхан өрөвддөг зүйл бол Монголын ард түмэн.

Би бол 1990 оноос хойших “шинэ” Монголд амьд үлдчихээд байгаа ганц “хуучин хүү”. Хааяа нэг ширээ сандлаасаа ховхрон нийслэлийн гудамжаар яаруухан алхахдаа “соёл”-ыг нь гайхаад л, утаанд нь уцаарлаад л, батгана шиг шавалдаж, жоом шиг тарсан машинуудаас нь үнхэлцэгээ хагартал айгаад л, над мэтийн “амьдралын ёроолынхон” хэзээ ч худалдан авч чадахгүй хэт үнэтэй гадаад бараа таваарт дарагдсан дэлгүүрүүдийнх нь илбэ, солонгонд толгой сэгсрээд л, баруунаа бөхийж ургасан мододтой ой ширэнгэнд ганцаараа зүүнээ бөхийж ургасан хөгшин хар мод болсон шиг л сэтгэгдэлтэй явдаг.

Улстөрийн нэр томьёогоор бол Урианхай гэдэг өвгөн иргэн Монголын сүүлчийн ганц Марксист! Хараад байхад улс орнуудын хөгжилд явж явж ганц л нууц байна шүү дээ. Би яахав нууц гэж л хэлж байгаа болохоос биш, үнэндээ бол нууц ч биш, ил нэгэн үнэн юм.

Юу гэвэл, эх орондоо хайртай ард түмэнтэй улс л хамгийн түрүүнд хөгжчихсөн байна.

Эх орондоо хайртай байна гэдэг бол өөртөө агуу том шаардлагатай, ажил бүтээлийн үүрэг хариуцлагатай амьдрана гэсэн үг!

Германы алдарт зохиолч Б. Брехт “Эх орноо хайрладаг чин хайр л аль ч утгаараа баатруудыг төрүүлдэг. Баатрууд төрдөггүй эх орон хамгийн золгүй эх орон” гэж хэлсэн байдаг юм шүү! Айхтар үг шүү.

Өнөөдрийн хүн төрөлхтний амьдарч буй арга загвар, үг яриа, бодол санаа, явдал мөрийг хараад байхад хүн сармагчингаас үүссэн гэхэд итгэхээсээ түрүүнд хүн эцэстээ сармагчин болж хувирна гэж итгэхэд илүү хялбар байхаар харагдаж байна.

Хагацал гэдэг зүйрлэх юмгүй хэцүү зовлон ч гэлээ хэн нэгэнд амьдралын үнэнийг ухаарах, сэтгэлийнхээ гүнээс аж төрөхүйг танин мэдэхэд тусалдаг. Амьдын хагацлыг сэтгэлийнхээ гүнээс мэдэрсэн, туйлдаа хүртэл цөхөрч үзсэн эр хүн ганцаар байхдаа олон л зүйл боддог юм билээ. Хагацал хүнийг хатуужуулахын хэрээр их өрөвч, уян зөөлөн болгодог шиг санагдсан. Цаашилбал нийгмийн амьдралд өрнөж буй үйл явдлуудыг урьд харж байснаас өөрөөр тольдоход тус болдог.

Д.Урианхайн ярилцлагуудаас тоймлон авав

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.