Францад бясааны тархалт огцом нэмэгджээ

Twitter Print
2023 оны 10-р сар 01-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

Францад бясааны тархалт огцом нэмэгджээ

Парис хотын захиргаа 2024 Зуны Олимпын наадмаас өмнө бясааны тархалтын эсрэг арга хэмжээ авахыг уриалж, Францын Тээврийн сайд нийтийн тээврийн операторуудад нийтийн тээврийн зөөлөн суудал дотор бясаа үржихээс сэргийлэхийг үүрэг болгожээ.

Нийгмийн сүлжээгээр Францын нийслэл Парис хотын нийтийн тээвэр, хурдан галт тэрэг төдийгүй Шарль де Голлийн олон улсын нисэх онгоцны буудалд хүртэл бясаа байгааг харуулсан бичлэгүүд нийтлэгджээ.

Уг асуудлаас болж жуулчид Парис хотын метро болон орон нутгийн галт тэргэний суудалд сууж явахаас зайлсхийж, зогсоогоороо зорчих болсон байна.

Түүнчлэн хортон шавьж устгалын компаниудаар айл өрхүүд үйлчлүүлэх явдал нэмэгдсэн байна.

Парис хотын захиргаа Францын Ерөнхий сайд Элизабет Борноос хортон шавьжийн тархалт нэмэгдэж буй асуудалтай үндэсний хэмжээнд тэмцэх комисс томилохыг хүссэн байна.

Парис хотын орлогч дарга Эммануэль Грегуар, "Бясааны халдварыг хаанаас ч авах боломжтой. Бясаа гэрт чинь  үржээд тархах хүртэл гэртээ бясаа авчирсан гэдгээ ч мэдэх аргагүй. Ийм зүйл хэнтэй ч тохиолдож болно." хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр хотын захиргаанд бясаатай холбоотой дуудлага ирэх нь олширсон ба сүүлийн хэдэн долоо хоногуулад хортон шавьж устгалын компаниудын эрэлт огцом өссөн аж. Хортон шавьж устгалын өндөр үнэтэй үйлчилгээг авч чадахгүй байгаа бага орлоготой айл өрхүүдийн хувьд энэ нь тулгамдсан асуудал болоод байгаа ба Францын засгийн газар үр дүнтэй арга хэмжээг шуурхай авах хэрэгтэй байгааг Эммануэль Грегуар онцолжээ.

1950-аад оноос хойш тархалт нь багассан бясаа нь сүүлийн жилүүдэд химийн бдисуудад тэсвэртэй болж, тархалт нь нэмэгджээ. Бясаа нь орны матрасс төдийгүй хувцас, дэвсгэр даавуу, гэрийн тавилга, хана шалны завсар амьдарч, шөнөдөө хүн амьтны цус сордог хортон шавьж юм. Бясаа нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхөөс гадна нойрны эмгэг, сэтгэл түгшилт, сэтгэл гутралд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

Францын үндэсний эрүүл мэнд, эрүүл ахуйг хариуцсан агентлаг 2017-2022 оны хооронд Францын нийт айл өрхүүдийн 11 хувь нь бясаатай болохыг тогтоожээ.

Галт тэрэгний оператор компаниуд хортон шавьжны тархалтаас сэргийлж галт тэрэгнүүд, зорчигчлын суудлыг тогтмол ариутгаж, цэвэрлэдэг хэмээн мэдэгджээ.

Францын зүүний Ла Франс намын тэргүүн Матильд Пано 2019 онд анх түүнийг засгийн газраас бясааны тархалтын эсрэг арга хэмжээ авах шуурхай төлөвлөгөө гаргахыг хүсэж байхад хүмүүс түүнийг шоолж байсныг онцолж, бясаанаас болж олон сая айл өрхүүд зовж байна гэжээ. Түүний хэлснээр засгийн газар бясааг  нийгмийн эрүүл мэндийн асуудал болохыг хүлээн зөвшөөрч, иргэдийг өөрсдийг нь уг асуудалтай тэмцэхийг шаардах бус үндэсний хэмжээнд нэгдсэн арга хэмжээ авах ёстой аж.

Матильда Пано Францын засгийн газар хортон шавьж устгалын үйлчилгээний үнийг тогтоож, үр дүн өгөхөө больсон химийн бодиснуудыг ашиглахыг хориглох ёстой гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж:  meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.