АНУ тусламжийн журмаар бусад улс орнууд руу 60 сая тун вакцин илгээнэ

Twitter Print
2021 оны 04-р сар 27-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

АНУ ойрын хугацаанд бусад улс орнууд руу AstraZeneca компанийн 60 сая тун вакциныг тусламжийн журмаар илгээнэ гэж Цагаан ордноос мэдээлжээ.

Ажиглагчид бусад улс орнуудад коронавирусын эсрэг вакцины хомсдол үүсээд байхад Вашингтон вакцин ихээр нөөцөлж байна хэмээн буруушааж байгаа билээ.

Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден AstraZeneca компанийн 4 сая тун вакциныг Мексик болон Канад руу илгээнэ хэмээн мэдэгдсэн ба Энэтхэгт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Вашингтон Энэтхэг рүү эрүүл мэндийн тусламж шуурхай илгээхээр болоод байгаа юм.

Өнгөрсөн даваа гарагт Цагаан ордноос мэдээлснээр ирэх долоо хоногуудад Америкийн Хүнс ба Эмийн хяналтын албанаас зөвшөөрөл авснаар AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцины 10 сая орчим тун экспортлоход бэлэн болох ба 50 сая тун вакцин үйлдвэрлэлтийн үе шатандаа явж байгаа гэжээ.

Түүнчлэн Вашингтон коронавирусын халдварын тархалттай тэмцэж буй Энэтхэгийн вакцин үйлдвэрлэгч нарт түүхий эд нийлүүлэхээ мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Жо Байден Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар холбогдож, АНУ Энэтхэг рүү хүчилтөрөгч, хүчилтөрөгчийн аппарат, коронавирусын эсрэг вакцины үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, оношлуур, халдвар хамгааллын өмсгөл, вирусын эм зэргийг шуурхай журмаар илгээнэ хэмээн амлажээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.