36 сар шимтгэл төлсөн талийгаачийн ар гэрт 620 мянган төгрөгийн тэтгэмж олгодог

Twitter Print
2016 оны 08-р сар 22-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн даатгалын шимтгэл 36 сар тогтмол төлсөн даатгуулагчийн ар гэрийнхэнд 620 мянган төгрөгийн оршуулгын тэтгэмж авах эрх үүсдгийг Та мэдэх үү?

Өмнө нь энэхүү үнэн дүн 300 мянган төгрөг байсан бол 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс хоёр дахин нэмэгдсэн юм байна.

Тэгвэл таны хуулийн мэдлэгт зориулан оршуулгын тэтгэмж болоод тэжээгчээ алдсаны тэтгэврийн талаарх иргэдийн мэдвэл зохих асуулт хариултыг бэлтгэлээ.

“ЭММ 09 В” Маягтын тухай

Талийгаач өвчний улмаас эмнэлэгт нас барсан тохиолдолд:
-Талийгаач нь өвчний улмаас эмнэлэгт нас барсан үед тухайн эмнэлгийн дүн бүртгэлээс “ЭММ 09 В” маягтыг авна.

Гэртээ нас барсан тохиолдолд:
Талийгаач гэртээ нас барсан бөгөөд түргэн тусламж дуудсан бол түргэний эмчийн бичиг ба талийгчийн гар картыг авч тухайн бурхан болоочийн харьяаллын дагуу өрхийн болон багийн эмнэлэгт хандан тодорхойлолт бичүүлж авна. Тодорхойлолтыг харьяа дүүргийн нэгдсэн эмнэлгийн дүн бүртгэлээс “ЭММ 09 В” маягтыг бичүүлж авна.

Нийслэлийн бүртгэлийн газрын дүн бүртгэлээс хасалт хийлгэхэд ямар материал бүрдүүлэх вэ?

НУБГ-ын дүн бүртгэлээс хасалт хийлгэхэд бүрдүүлэх материал:

1.Бурхан болоочийн иргэний үнэмлэх /насанд хүрээгүй хүүхэд бол төрсний гэрчилгээ эцэг эхийн иргэний үнэмлэх, гэрлэлтийн батлах, бичиг баримтгүй хүн оршин сууж байсан бол Нийслэлийн улсын бүртгэлийн газраас оршин сууж байсан хаягтай тодорхойлолт авчирна/

2.Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа “ЭММ 09 В маягт”

3.Нас барсны гэрчилгээ авахад бүртгэлийн хураамж төлөхгүй.

4.Нас барсны гэрчилгээ авах гэж буй иргэн нь бурхан болоочийн ойр дотны (аав ээж, төрсөн ах эгч дүү, үр хүүхэд, гэр бүлийн) хүн ирж авна.

Дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлээд ‘’Улаанбаатар Буян’’ ХХК-ны нэг давхарт байрлах Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын мэргэжилтнээс нас барсны гэрчилгээ авна. Ажлын өдрүүдэд 09.00-17.00 цаг хүртэл ажилладаг юм байна.

Ажиллах цагийн хуваарийн хувьд:
 Даваа /09.00-17.00/
Мягмар /13.00-17.00/
Лхагва /09.00-17.00/
Пүрэв /09.00-17.00/
Баасан /09.00-17.00/
Бямба /09.00-15.00/
Нямд /амарна/

Оршуулгын тэтгэмжийг хэрхэн авах вэ?

Нас барсны гэрчилгээг авсны дараа бурхан болоочийн харьяалагдах хороон дээр очиж, хасалт хийлгэх бөгөөд оршуулгын тэтгэмж авах талийгаачийн ар гэрийнхэн өөрсдийн гараар өргөдлийн маягт бөглөж бичнэ. Нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн даатгуулагч нас барсан бол ар гэрт нь оршуулгын тэтгэмж болох 620 мянган төгрөгийг нэг удаа олгох юм байна.

Оршуулгын тэтгэмж авах эрх хэрхэн үүсдэг вэ?

1.Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

2.Даатгуулагч үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.

3.Нийгмийн даатгалын хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх хэрхэн үүсэх вэ?

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсвэл тахир дутуу болохын өмнөх таван жилийн гурван жилд төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацаа

1.Оршуулгын тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай бол 6 сарын дотор холбогдох баримт бичгийг хамтаар бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө.

2. Бүрдүүлэх бичиг, баримт:

-Өргөдөл
-Нас барсан гэрчилгээний хуулбар
-Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр байвал/
-Тэтгэврийн дэвтэр /тэтгэвэр авагч бол /

3.Нийгмийн даатгалын байгууллага оршуулгын тэтгэмж авах өргөдлийг хүлээж авснаас хойш 24 цагийн дотор шийдвэрлэнэ.

4.Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор тэтгэвэр тогтоолгох өргөдөл, холбогдох баримт бичгийн хамтаар бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө

5.Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоолгох өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.