
Энэ оны эхний хагаст түүхий эдийн хомстол, томоохон боомтуудын үйл ажиллагаа гацсанаас болж удаашраад байсан БНХАУ-ын экспортын салбарын өсөлт өнгөрсөн сард 2021 оны мөн үеийнхээс 18 хувиар өсчээ.
Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргасан статистик судалгаараар тус улсын 7-р сарын экспортын өсөлт хурдацтайгаар нэмэгдэж, олон улсын шинжээчдийн таамгийг эвдэж чаджээ.
Шинжээчид БНХАУ-ын 7-р сарын экспортын өсөлт хамгийн ихдээ 15 хувьд хүрнэ, энэ нь Европ, АНУ, Их Британи болон Австрали зэрэг улс орнууд эдийн засгийн уналтын шинж тэмдэг үзүүлж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байсан юм.
Хятадын томоохон боомтуудын 8-д нь өнгөрсөн 6-р сард чингэлэг тээвэрлэлт 8.4 хувийн өсөлттэй байсан бол энэ үзүүлэлт 7-р сард 14. 5 хувь болтлоо өсчээ. Түүнчлэн коронавирусын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь олон хоногоор гацсан Шанхайн боомтын чингэлэг тээвэрлэлтийн өсөлт мөн адил 7-р сард рекорд тогтоосон байна.
Экспорт нэмэгдсэнээр өнгөрсөн сард Хятадын худалдааны ашиг нь 101.3 тэрбум ам. долларт хүрч, рекорд тогтоожээ. Нөгөө талаас Хятадын импортын үзүүлэлт доогуур хэвээр байна. Өнгөрсөн 7-р сарын импортын өсөлт жилийн өмнөхөөс 2.3 хувиар л өссөн үзүүлэлттэй байна.
Бээжин 2022 онд эдийн засгийн өсөлтийг 5.5 хувьд хүргэх зорилтондоо хүрч чадахгүй байж болзошгүй хэмээн анхааруулаад байгаа билээ.
Түүгээр ч зогсохгүй ОУВС өнгөрсөн 4-р сард БНХАУ-ын 2022 оны эдийн засгийн өсөлт ойролцоогоор 4.4 хувьтай байна хэмээн мэдэгдэж байсан бол 7-р сарын сүүлээр коронавирусын цар тахалтай холбоотой хөл хорио, үл хөдлөх зах зээлийн хямрал зэргээс болж Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд 3.3 хувьтай байх болно хэмээн урьдчилан тооцолжээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.