Унгар улсад ЕБС-д өдөр бүр биеийн тамирын хичээл ордог

Twitter Print
2021 оны 01-р сар 18-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Унгар улсын FIDESZ нам 2010 онд Засгийн эрхэнд гарсан даруйдаа эрх зүйн шинэтгэл хийж олон шинэ хууль баталсан юм. 1998-2002 онд засгийн эрх бариад, 2002-2010 хүртэл засгийн эрх барихад 8 жилийн турш бэлтгэл хийж, програм хөтөлбөрөө боловсруулсан болохоор арга ч үгүй бизээ.

Шинэ үндсэн хуулиас эхлээд олон сонирхолтой хуулиуд байлаа. Тийм ч учраас одоо хүртэл засгийн эрхэнд үлдэж, 3 ч удаа дийлэнх олохийн санал аваад байна. Тэдгээр хуулиудын нэг нь "нийтийн биеийн тамирын тухай хууль" (Nemzeti köznevelesi törvény) байлаа. Энэ хууль ёсоор 2012 оны хичээлийн шинэ жилээс 1,5,9-р ангийн сурагчдад долоо хоногт 5 удаа буюу өдөр бүр биеийн тамирын хичээл орохоор болж жил бүр хамрах хүрээ нэмэгдсээр 2015 оноос Унгар улсад бүх сургуульд, бүх сурагч долоо хоногт 5 цагийн биеийн тамирын хичээлд хамрагдаж эхэлсэн байна.

Яг одоогийн байдлаар Унгар улсад ЕБС-ийн сурагчид долоо хоногт 5 цагийн биеийн тамирын хичээлд хамрагдах бөгөөд энэ 5 цагийн багадаа 2 цаг нь дараах чиглэлүүдээр орно. Үүнд: усанд сэлэлт, ардын (үндэстний) бүжиг, спорт тоглоомууд (энд сургууль өөрийн боломжоос шалтгаалан 2 хүртэл спорт тоглоом сонгож болно) гадаа талбайн спортууд, мөн долоо хоногт заавал 2 хүртэл цагаар зохион байгуулах байгальд алхах зугаалах, унгарын уламжлалт түүхэн спортууд (нум сум), хөдөлгөөний болон чадвар эвсэл сайжруулах тоглоомууд, багийн тоглолтууд орохоос гадна сургуулиуд дээр спортын секц дугуйлан хичээллүүлдэг юм байна. Газар дээр нь сургуулиуд дээр очоод үзэхээр энэ долоо хоногийн 5 цагийн биеийн тамирын хичээлийг маш энгийн байдлаар шийдсэн байна. Долоо хоногийн 2 цагийг уламжлалт биеийн тамирын хичээлээр ороод, 2 цагийг долоо хоногийн нэг тогтмол өдөр хот болон сургуулийн ойрхон байх газрууд руу явган аялал хийх, үлдсэн нэг цагийг үндэсний бүжгийн сургалтаар шийдвэрлэсэн сургууль байна.

Ийм боломжгүй зарим сургууль нь аль нэг спортын холбоотой тохиролцон хичээл авдаг байна. Жишээ нь Унгарын жүдо бөхийн холбоо 50 орчим сургуультай гэрээ байгуулан татами байрлуулж зөвхөн уналтын техникүүд зааж байгаа бол шатрын холбоо нь клубүүдээрээ дамжуулан олон сургуульд шатрын хичээл орж байна. Энэ бүхнийг харахад долоо хоногийн 5 цагийн биеийн тамирын хичээл орох нь тийм ч хүндрэлтэй хэцүү зүйл биш гагцхүү шийдвэр гаргах, зохион байгуулалт хийх л асуудал юм байна. Биеийн тамирын хичээлийг өдөр бүр оруулах асуудлыг шүүмжилж байсан улс төрчдийн шүлс нь хатаж ч амжаагүй байхад үр дүн гарч эхэлж байх шиг байна. Урд нь та бүхэнд танилцуулсан гэр бүлийг дэмжих бодлоготой энэ биеийн тамирын хичээлийн бодлого нь уялдаад улс орны ирээдүй, бидний амьдралын утга учир болсон хүүхдэд эрүүл саруул амьдралын зуршлыг бий болгож, бие хаа, сэтгэл санааны хувьд айхтар өв тэгш биш ч гэсэн барууны улсуудыг бодвол хавьгүй эрүүл, илүүдэл жингүй, эх орон үндэстэнээ хүндэтгэн үздэг хүмүүжлийг суулгаж байна. Унгарт ирсэн хэн ч хэт илүүдэл жинтэй хүн, ялангуяа хүүхэд бараг байхгүй болохыг харах байх. Энэ нь ч хүүхдүүд долоо хоногт өдөр тутам ямар нэгэн хэмжээгээр хөдөлгөөн хийж байгаатай холбоотой байх. Сүүлийн жилүүдэд жижиг тосгодыг дугуйн замаар холбох ажил амжилттай сайн явагдаж байгаа нь нэг талдаа дэд бүтцийн ажил мэт боловч нөгөө талдаа эрүүл саруул амьдралын нэг тал юм.Унгарын ерөнхий сайд Орбан Викторыг сөрөг хүчнийхэн нь болоод барууны улс төрчид стадион барихаас өөрийг мэдэхгүй гэж шүүмжилж байсан, гэтэл Орбан Виктор болон түүний ЗГ-ын хүүхдэд, гэр бүлд чиглэсэн, Унгар үндэстний өв соёл уламжлалыг дээдэлсэн, ажлын байрт суурилсан бодлого нь амжилттай хэрэгжиж төрөлт болон нэг гэр бүлд буй дундаж хүүхдийн тоо нэмэгдэж, ажилгүй хүмүүсийн тоо багассаар байна.

Нийтийн биеийн тамирт оруулсан хөрөнгө оруулалтын 1 евро нь эрүүл мэндийн салбарт 3 еврогийн хэмнэлтийг авчирдаг гэдэг нь батлагдаж эхэлж байх шиг. Одоогийн байдлаар Унгарын бараг бүх сургууль хүүхдүүдээ аль ойрхоны усан санд сэлэлтээр хичээллүүлэх боломжтой, спортын заалтай, үгүйдээ нилээд олон төрлийн спортоор хичээллэх боломжтой болоод байна.

Эрүүл биед саруул ухаан оршино гэж. Эрүүл мэндийн болон боловсролын салбарын шинэчлэл, хөгжлийг нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тэр дундаа хүүхдүүдийг тогтмол хөдөлгөөн хийх энгийн ажлаас эхэлсэн нь Унгарын хувьд хамгийн оновчтой сонголт байсан болтой. Спортын байгууламж эмнэлэг хоёрын аль нь чухал вэ? Мэдээж яг энэ мөчид эмнэлэг нь хамаагүй чухал. Гэвч эмнэлэгт очих шаардлагагүй эрүүл саруул иргэдийг спортын байгууламж, нийтийн биеийн тамир урт хугацаанд хүмүүжүүлэх учраас аливаа зүйлсийн аль нь илүү, аль нь мууг тодорхойлох нь чухал биш харин юмс үзэгдлийн зөв харьцааг олох нь л чухал юм.

Монголын бараг бүх спортын холбоод ЕБС-д өөрийн спортыг хөтөлбөр болгох юмсан гэж ярьдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэж чадсан Унгар улсын туршлага энэ байна.

З.Батбаяр, Унгар улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.