Сталины үеийн амьдралын тухай 12 баримт (1879-1953)

Twitter Print
2020 оны 12-р сар 27-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

1. Сталины үед тэтгэвэр гэж байсангүй. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох нийтлэг эрх зөвхөн 1935 онд гарч иржээ. Гэхдээ тэтгэвэр төлөх үүргийг хамтралын аж ахуй, үйлдвэр аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцаж, хөрөнгө мөнгө босгож, тэндээсээ ахмадуудад тогтмол бус багавтар шалихгүй төлбөр төлдөг байв. Үндсэндээ бол тэтгэвэр авагчид нь зөвхөн хүүхдүүдийнхээ тусламжинд л найддаг байжээ.

2. Хамтралын тариачид цалингүй ажилладаг байжээ. Тэд хэдийгээр бүхэлдээ хамтралын аж ахуйдаа хөдөлмөр өдрийн нормоор ажилладаг байсан ч, бодит хөлсөөр л ихэвчлэн төлбөр тооцоогоо хийдэг байлаа. Нормативыг зөрчсөн тохиолдолд ажлын хөдөлмөр өдрүүдээсээ хасуулдаг байжээ. Тариачид тодорхой өсөн нэмэгдэж байдаг ажлын өдрүүдэд л ажиллах ёстой байв. Үүний зэрэгцээ, тариачид орон нутгийн зам барих, засах ажилд жилд 1-2 долоо хоног үнэ хөлсгүй ажиллах ёстой байлаа. Тариаланчид олноороо дүрвэж явдаг болсон тул 1932 онд тэднийг зөвшөөрөлгүй дураараа хамтралын аж ахуйгаас гарах мөн боловсрол эзэмшихийг нь хоригложээ. Тариаланчдад паспорт олгодоггүй байлаа. Дашрамд дурдахад Сталины удирдлаган дор тариачид улс орны нийт хүн амын 60 орчим хувийг эзэлж байв.

3. Сталины үед долоо хоногт зөвхөн 1 өдөр л амардаг байв. (1930-аад оноос хойш ажлын 5 өдөр, 1 амралтын өдөртэй "зургаа дахь хагас ажлын өдөртэй", 1940 оноос хойш - ажлын 6 өдөр, ажлын 8 цаг, амралтын 1 өдөртэй байсан юм). Үүний зэрэгцээ, 1939 оноос хойш ажилчин хүн нь ажлаасаа гарч, өөр газар шилжин явах эрхгүй болжээ.

4. Боловсролыг төлбөртэй болгожээ (8-10 ба түүнээс дээш). Сталин төлбөртэй боловсролыг нэвтрүүлсний дараа дунд сургуулийн төгсөгчдийн тоо, дунд, тусгай. боловсролын байгууллагууд, их дээд сургуулиудын тоо 2 дахин буурчээ. Олон хүүхэдтэй гэр бүл, ялангуяа хамтын аж ахуй эрхэлдэг гэр бүл хүүхдүүдээ сурч боловсруулах чадваргүй болсон юм.

5. Нийтийн орон сууц гэж бараг барьдаггүй байжээ. Нийтийн орон сууц, түүнчлэн улсын тэтгэвэр, үнэгүй боловсрол зэрэг нь Сталиныг нас барсны дараа буюу Хрущевийн засаглалын үед л гарч ирсэн юм. "Сталинка" гэж нэрлэгддэг орон сууцыг маш бага хэмжээгээр барьсан байдаг.

6. Эгэл жирийн хүний ​​татварын ачаалал нь 50-70% байжээ. Сталины үед татвар нь маш том эзлэхүүнтэй бөгөөд байнга өсөн нэмэгддэг байв, ялангуяа тариачидтай холбоотойгоор төрөөс тасралтгүй өсөн нэмэгдэж буй татварын алба гувчуурыг оноож өгдөг байлаа. 1930 оны Сталины татварын шинэчлэлийн үр дүнд маш олон утгагүй зүйл ангиуд гарч ирсэн бөгөөд үүнд нь жишээлбэл, бильярдын татвар; радио хүлээн авагчын татвар, нохойн татвар; зурагт хуудасны татвар, эхнэргүйн болоод бага насны хүүхдээс авах татвар; загас барих татвар; тээврийн хэрэгслийн албан татвар (унадаг дугуй ч орно) ...гм байжээ.

7. Сталин 1932 онд "намын дээд арга хэмжээ" гэгдэх ВКП (б) -аас гарсан удирдагчдын цалингийн хязгаарыг цуцалжээ. Үүний үр дүнд дээд удирдлагуудын цалин хөлс мэдэгдэхүйц нэмэгдэж эхэлсэн ажээ. Жишээлбэл, Сталины өөрийн нь цалин 225 рублээс 10 мянган рубль болж өссөн байдаг.

8. Ажилчин хүний ​​цалингийн гуравны хоёр нь зөвхөн түүний хоол хүнсэнд зарцуулагддаг байв. 1953 оны мэдээллээр дундаж цалин нь 800 хүртэл рубль, хүнсний зардлын сагс нь (1950 оны нормативаар) сардаа 510 рубль болж байжээ.

9. Эмч нарын хувьд маш бага цалин авдаг байжээ. Хэрэв 1940 онд армийн дэслэгч 500 рубль, ахмад 800 рубль авдаг байсан бол ерөнхий мэргэжлийн эмч 250 орчим рубль авсан нь армийн дэслэгчээс 2 дахин бага байв. 1950 он хүртэл "хүнсний сагс" гэсэн ойлголт нь зарчмын хувьд байхгүй байв. Хэрэв орчин үеийн орос хэлний энэ ойлготыг аваад 1940 оны үнэ рүү хөрвүүлбэл, хүнсний сагс нь 236 р. болон гарч ирнэ (ерөнхий мэргэжлийн эмчийн бараг бүх цалин нь зөвхөн хоол хүнснийх нь зардал болж хувирна гэсэн үг).

10. Өргөн хэрэглээний барааны хомсдол, далд инфляцийн үе дэхь Сталины "үнийн бууралт" нь утгагүй зүйл байсан бөгөөд зах зээлийн салбарт өссөн бодит үнийг тусгаж чаддаггүй байлаа. 1947 оны мөнгөний шинэчлэлээс харахад инфляци нь бас нэлээд их ач холбогдолтой байсан нь харагддаг. Мужийн мөнгөний нийлүүлэлт нь 4 дахин буурсан (хүмүүсээс мөнгө татах "санхүүгийн сэлгэлт" гэгч нь эрт үед хийгдсэн байсан ч) байлаа. Хэдэн сая хүмүүс өөрсдийнхөө хадгаламжийн мөнгөө алджээ. Тэр жилдээ 1.5 сая хүн нас барсан өлсгөлөн болжээ.

11. Бодит байдал дээрээ бол Сталины үе гэгдэх 1927-1953 онуудад үнэ өссөн бөгөөд 15-20 удаагийн цалингийн бүх өсөлт нь "идэгдсэн" байдаг. Сталины үед улс орон нь дайны өмнөх үеийнхээ үнийн доод түвшинд хэзээ ч эргэж очоогүй юм. Үүнтэй зэрэгцээд шинэ албан татваруудыг нэвтрүүлж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах норматив нь улам бүр буурсаар байлаа. "Хямдралтай" бараа бүтээгдэхүүний дунд томоохон алдагдал гарч байсан бөгөөд тосгоны хувьд энэ нь хэд дахин их болж байлаа. Хэдийгээр хангалттай бараа байсан ч ажилчид АНУ-аас 5.6 дахин бага, Их Британиас 3.6 дахин бага, Германтай харьцуулахад 2.3 дахин бага, Францаас арай жаахан илүүтэй худалдан авах чадвартай байлаа.

12. Нэг эмэгтэйд ногдох төрөлт 7 хүүхдээс 3 хүүхэд болтлоо буурчээ (энэ нь Оросын түүхэн дэх хамгийн огцом уналт байлаа). Үүний зэрэгцээ антибиотик хэрэглэж эхэлсэн (Дэлхийн хоёрдугаар дайны үеэр) болоод тус улс шинэ газар нутгийг байлдан дагуулсанаас болж ЗСБНХУ-ын хүн ам Сталины үед 50 сая хүнээр нэмэгджээ.

Дээврийн хөндийгөөс орчуулсан Норзонгийн Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.