Johnson & Johnson компанийн нэг тун вакциныг аюулгүй бөгөөд үр дүнтэй гэж үзжээ

Twitter Print
2021 оны 02-р сар 25-нд 17:48 цагт
Мэдээний зураг,

Америкийн Хүнс ба Эмийн хяналтын албанаас хийсэн шалгалтаар Америкийн Johnson & Johnson компанийн нэг тун бүхий коронавирусын эсрэг вакцин нь аюулгүй бөгөөд үр дүнтэй нь тогтоогджээ.

Ингэснээр Johnson & Johnson компанийн вакцин АНУ-д зөвшөөрөгдөх коронавирусын эсрэг 3 дахь вакцин болох юм. Түүнчлэн Johnson & Johnson компанийн вакциныг энгийн хөргүүрт хадгалж болох нь Pfizer, Moderna компанийн вакцинуудтай харьцуулахад зардал багатайд тооцогдож байгаа аж. Johnson & Johnson компани өөрийн гаргаж авсан коронавирусын эсрэг вакциныхаа клиникийн туршилтын үр дүнг өнгөрсөн сард танилцуулсан ба тус компанийн вакциныг үйлдвэрлэж буй Janssen компани илүү нарийвчилсан тайланг Америкийн Хүнс ба Эмийн хяналтын албанд илгээжээ.

Ингэснээр Америкийн Хүнс ба Эмийн хяналтын алба Johnson & Johnson компанийн коронавирусын эсрэг вакцин нь КОВИД-19 өвчний хөнгөн ба хүнд хэлбэрээс үр дүнтэй хамгаалж чадна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Johnson & Johnson компанийн вакцины АНУ, Өмнөд Африк, Бразил зэрэг улсад явагдсан клиникийн туршилтаар тухайн вакцин нь коронавирусын халдварын хүнд хэлбэрээс өндөр үр дүнтэйгээр сэргийлж байгаа нь тогтоогдсон байна. Клиникийн туршилтын үр дүнд Johnson & Johnson компанийн вакцин коронавирусын халдварын хүндрэлээс 85 гаруй хувийн үр дүнтэйгээр сэргийлж, коронавирусын халдвараас 66 хувийн үр дүнтэй хамгаалах аж.

АНУ-ын Хүнс, Эмийн Хяналтын албанд бүртгүүлэх хүсэлтээ өгөөд байгаа Johnson&Johnson компанийн вакцин өмнөх вакцинуудаас ялгарах хэд хэдэн давуу талтай юм байна. Үүнд:

- Нэг тунгаар дархлаа тогтооно

- Вакцин тарьснаас хойш 14 хоногийн дараа буюу дархлаа хурдан тогтоно

- Хадгалах нөхцөл энгийн, ердийн хөргөгчид хадгалах боломжтой

- Үнийн хувьд хямд байх ажээ.

Тус вакцины хадгалах нөхцөл энгийн, нэг тунгаар тарих тул хөгжиж байгаа, бага орлоготой улс орнуудад хамгийн тохиромжтой вакцин байж болохоор юм.

 

Тус компанийн коронавирусын эсрэг вакцины клиникийн туршилтанд оролцсон иргэдийн дунд нас баралт бүртгэгдээгүй бөгөөд вакцин тариулснаас хойш 28 хоногт ямар нэг байдлаар эмнэлэгт хандсан хүн байгаагүй гэжээ. Америкийн Хүнс бх Эмийн хяналтын алба Johnson & Johnson компанийн вакцинд ирэх баасан гарагт албан ёсны зөвшөөрөл олгох төлөвтэй байгаа ба Цагаан ордны зүгээс ирэх 7 хоногт Johnson & Johnson компанийн коронавирусын эсрэг 3 сая гаруй тун вакциныг бүс нутгуудад хуваарилан өгөхөөр төлөвлөжээ.

Johnson & Johnson компанийн зүгээс 3-р сарын сүүл гэхэд нийт 20 сая тун вакциныг нийлүүлж, ирэх 6-р сар гэхэд АНУ-д 100 сая тун вакциныг нийлүүлэхээр төлөвлөснөө мэдэгджээ. Тус компанийн вакцинаас Их Британи улс 30 сая тун, Европын холбоо 200 сая тун, Канад 38 сая тун, Ковакс хөтөлбөрт багтсан улс орнууд 500 сая тунг тус тус авахаар захиалгаа өгчээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.