
Монгол Улсын тогтож төлөвшөөгүй ардчилсан нийгэмд баг, хороо ч тэргүүлж үзээгүй банди нар төрийн босгоор алхаж байхаар нүд тайлсан нөхөд ч дээр байх. Ц.Элбэгдоржид энэ төрд хашиж үзээгүй алба бараг байхгүй, дахин давтагдахад бэрх амжилт тогтоосон хүн.
Манай нөхцөлд төрийн өндөр дээд албан тушаалд олон жил заларч, өөрийгөө тэнд байлгаж чадна гэдэг хүн бүхний санаанд багтах ажил биш. Энэ утгаараа Монгол Улсын хаан мэт явсан Н.Энхбаярыг замаасаа зайлуулах ажиллагааг удирдсан түүхэн хүнээр “өргөмжилдөг” биз. 1989 онд бага тушаалын офицер их улс төрд хөл тавьсан цагаас хойш хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан ховорхон тавилантай хүн.
Үүнээс гадна УИХ-ын Дэд дарга, АН-ын дарга, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож гээд ноёрхож явсан өргөн намтартай хүн учраас “дахин давтахад бэрх” гэж хэлсэн хэрэг. Түүнийг Ерөнхийлөгчийн тамгаа хүлээлгэн өгч байх үеэр НҮБ-д ажиллах санал тавьсан ч НҮБ-ын саналыг хүлээж аваагүй гэдгийг баттай эх сурвалж хэлсэн. Их улс төрд эргэн ирэх сонирхлоо тамгатайгаа хамт өгөөгүй нь эндээс харагдана. Тэр улс төрд олон дайсан бэлдсэн учраас эргэн ирэх боломжгүй, улс төрийн хэлмэгдэл ч хүлээж байхыг үгүйсгэхгүй хэмээж байв. Гэвч тэр эргэн ирэхээ мэдэгдэж байгаагийн цаана зүгээр нэг дон бус өөр учир шалтгаан байж болох юм.
Тэгэхээр нэгэн үйл явдлын тухай цухас дурдах нь илүү тодорхой болно. Нэгэнтээ “Улсаасаа баян Ерөнхийлөгч” нэр зүүж, бүхний хаан болчихоод байсан Н.Энхбаярыг тэр зайлуулж чадсан. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар улс төрийн ууган хүчин нэгэнт өндөр авсан дарангуйлагч Н.Энхбаяраасаа салж чадахгүйд хүрчээ. Ийнхүү 2008 оны намар МАН-ыг тэргүүлж байсан С.Баяр Ц.Элбэгдоржийг дуудан “Сонгуулиар чамайг дэмжиж, Н.Энхбаярын хэмжээлшгүй эрхийг хазаарлахгүй бол хэрээс хэтэрлээ” гэсэн гэдэг. Ингээд Ц.Элбэгдорж ууган намын дарга С.Баяраар дэмжүүлж, “Эм Си Эс”-ээр ивээн тэтгүүлж ахуй цагт Н.Энхбаяр бараг ялалтын хундага тулгахдаа тулчихсан байв.
Тойрон хүрээлэгчид нь ч ялна гэдэгт нь итгүүлж, вакумжсан орчинд урьдчилсан ялалт тэмдэглэж байхад нам дотроос нь давхар цохих, Ц.Элбэгдоржийн хувь улстөрчийн ажиллагаа гээд олон шалтгаалах зүйл нь түүнийг өвдөглүүлчихсэн. Н.Энхбаярын штаб дээр манай нэр бүхий бизнесмэн очиж, нэг тэрбум төгрөгийн хандив санал болгоход “Хэрэггүй, олон тэрбум төгрөг цугларчихсан байгаа. Харин чи Их тэнгэрт зохион байгуулах ялалтын баярыг нь тэмдэглэж өгөөрэй” гэсэн гэдэг. Арга ч үгүй, Н.Энхбаярын хувьд сонгогчдын дунд рейтэнг өндөр, Оюутолгойн гэрээг үзэглэсэн Засгийн газрыг далдаас атгадаг. УИХ-д 45 суудалтай олонхийн бүлгийг шантаажаар баздаг. Цөөнхийн бүлгийг хуулиар айлгадаг. Монголын нэртэй бизнесмэнүүд мөнгөө цүнхлээд гэрт гадаагүй уртаас урт дараалал үүсгэчихсэн.
Шүүх прокурор гээд хүчний байгууллагын толгойд өөрийнхөө хүмүүсийг залчихсан. Гэр бүл нь тагнуул хүчний байгууллагын бодлогод шууд оролцдог, хэвлэл мэдээллийг худалдаад авчихсан байхад Н.Энхбаяр юунаас айх юм бэ гэдгийг ч хэвлэлүүд онцолж байв. Н.Энхбаярыг ид мандан бадарч явах үед хэвлэл мэдээллийн 27 байгууллага оны онцлох хүнээр нэгэн жил тодруулж байснаас харвал яах аргагүй нөхцөл байдал өөр тийшээ эргэж байсан хэрэг. Эрх биш, улс үндэстнээ гэсэн акулууд үүнийг харсан учраас нам хамаагүй тэмцсэн болов уу. Энэ үед ерөнхийдөө л дарангуйлал, коммунизмын шинжтэй байсан нь худлаа биш.
Өнөөдөр ч энэ байдал эргэн давтагдах хандлагатай байгааг хаа хаанаа анзаарч, дуугарч эхэлжээ. Таслан зогсоохгүй бол хаашаа ч эргэж мэдэх нэгэн салхи сэвэлзэж буй. Үүнийг зогсоохын тулд хэн нэгэн эрх ашгийн сонирхолтой нөхрийг өндөр дээд суудлаас нь буулгах учиртай. “Ардчилсан” тодотголтой Ерөнхийлөгч асан нийгмийн үнэт зүйлийн төлөө улс төрд эргэн ирж байна уу гэсэн нэг эерэг бодол бас байна. Тийм дээ ч эргэн ирж байгаагаа Ерөнхийлөгч Х.Баттулгад юуны өмнө дуулгасан байж болох юм. Өчигдөр гэхэд Э.Бат-Үүл "Ц.Элбэгдорж, 1990 оны Элбэгээ хэвээрээ байна. Х.Баттулгын шүүхийн урилгаас айхгүй ирж, ардчиллаа хамгаалан тэмцэхээр ирж байна. Ардчилагчдыг шоронгоор айлгаж чадахгүй гэдгийг Гүржийн туршлага харуулсан. Ардчилагчид шоронгоос бүгд Мандела болон гарч ирдэг юм. Тэгэж ардаа аварна" хэмээн жиргэснээс харвал зөвхөн улс төрийн дон шүглэж бус тодорхой зорилгын төлөө эргэн ирж байж болох юм.
Түүнийг их улс төрд ад шоо үзэх, бүр өс хонзон авах шалтгаантай хэд хэдэн хүн байгаа.
Юуны өмнө Х.Баттулгын багийг “Төмөр зам”-ын гэрээгээр шахаж Б.Батзаяа, А.Гансүх нарыг шалгасан, цагдсан, хорьсон. Х.Баттулгад дөрвөн ч төрлийн зүйл ангиар хэрэг үүсгэн, хувийнх нь өмч болох Баянгол зочид буудалд ажиллагаа явуулсан гээд дурдвал юм бий. Тухайн цагт “Үүний цаана Ц.Элбэгдорж бий” хэмээн өдгөөгийн Ерөнхийлөгч мэдэгдэж байснаас харвал тэр лав түүнийг эргэн ирэхэд сайнаар хүлээн авахгүй. Тэр тусмаа өөрийнх нь нэр дээр хаяглан их улс төрд ирж байгаагаа мэдэгдсэн шүү дээ. Одоо хуулийн салбарыг толгойлж байгаа Ц.Нямдорж ч “Ц.Элбэгдоржийн хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрлээ” гэж байв. Үүнээс харвал өдгөө төрд эрх мэдэл бүхий өндөр сэнтийд заларч байгаа хоёр нөхөр лав босгоо өндөрлөсөн нь харагдана. Энэ л түүний хамгийн том эрсдэл, давах ёстой хамгийн өндөр босго.
Үүнээс гадна Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад багийг нь “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд шалган, ялласан. Н.Алтанхуяг ч “Биднийг хэлмэгдүүлж байна, цаана нь Ц.Элбэгдорж бий” гэж удаа дараа хэлж байв. Үүнээс гадна төрд нөлөөлөх албан тушаалгүй ч Н.Энхбаяраас эхлээд гомдол тээгчид чамгүй олон бий. Ерөнхийлөгч асны улс төрийн амьдрал хэрхэн өрнөж, хэрхэн өндөр босгоор давахыг л харах үлдлээ.
П.Бат-Эрдэнэ
Mongolchuud
(75.86.79.22) 2020-04-07 20:56Ard tumen Elbegdorjiig Mongoloo elgeer ni khevtuulj ongotei oodrei bolgonig khamtragssdtaigaa khulgailsanig medej baigaa shuu. Shudarga shuukhiin omno ter ochikh estoi. Mongolin ard tumen saruul ukhaantaig kharakh tsag irj baina.
Хариулах