Вагнер группын цэргүүд ухарч, Е.Пригожин Беларусь руу явахаар боллоо

Twitter Print
2023 оны 06-р сар 25-нд 07:22 цагт
Мэдээний зураг,

Вагнер группын цэргүүд ухарч, Е. Пригожин Беларусь руу явахаар болжээ

Оросын Вагнер хувийн цэргийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин Москва хотод ойртоод байсан  хөлсний цэргүүддээ ухрахыг тушааж, өөрөө цэргүүдийнхээ хамтаар Ростовоос гарчээ. Тэрээр энэхүү шийдвэрээрээ "Орос хүний цусыг урсгахаас" зайлсхийхийг хүссэн хэмээн мэдэгдсэн байна.

Кремлийн мэдээлж байгаагаар Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Вагнер группын тэргүүнийг таньдаг учраас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй зөвшилцөж,  зуучлагчийн хувиар ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.

А. Лукашенко, Е. Пригожин нарын хэлэлцээрийн үр дүнд Евгений Пригожины талаас цэргийн бослого үймээнээ зогсоож, ОХУ-аас гарч Беларусь руу нүүхээр болсон бол ОХУ-ын талаас түүний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг цуцалж, зохион байгуулсан "Шударга ёсны төлөөх жагсаал"-д нь оролцсон хөлсний цэргүүдэд нь ямар нэг шийтгэл оноохгүй гэж тохирсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин өмнө нь бослого үймээнд оролцсон хүмүүсийг хатуу шийтгэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Гэсэн ч түүний хувьд мөргөлдөөн үүсэх, цус урсгахаас сэргийлэх нь гол зорилго байсан гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д. Песков онцолжээ.

Е. Пригожин хөлсний цэргүүдийнхээ хамт Ростов-на-Дону хотыг чөлөөлсөн байна.

Беларусийн төрийн тэргүүн А. Лукашенкогийн мэдэгдсэнээр Оросын Ерөнхийлөгч түүнд дээрх хэлэлцээрт зуучлагчаар ажилласан явдалд  талархаж буйгаа илэрхийлжээ.

Вагнер группын цэргүүд Москва хотоос 360 орчим км зайд байрлах Липецк мужид орж ирсэн байсан ба В. Путины хувьд Москвагаас зугтан баруун хойд зүг рүү ниссэн хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.