Зээл болон барьцааны гэрээнд анхаарах зүйлс

Twitter Print
2021 оны 03-р сар 18-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

• Зээл болон барьцаа (хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө)-ны гэрээнд Монгол Улсын Иргэний хуулийн зээлийн гэрээ, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зохицуулалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль үйлчилнэ.

• Барьцаалан зээлдэх газар болон банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг бичгээр байгуулна. Талууд хүү авахаар тогтоосон бол зээлийн гэрээг мөн бичгээр хийх бөгөөд бичгээр хийгээгүй бол хүү авах эрхээ алдана. Барьцааны гэрээг мөн бичгээр байгуулна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулахаас гадна улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагуудыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус байна. Талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болно.

• Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж болох бөгөөд харин анзыг хэрэглэхгүй.

• Ямар ч тохиолдолд барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусдад түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар шилжүүлэх, давхар барьцаалах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд барьцаалагчийн зөвшөөрлийг авах шаардлагагүй. Үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Өөрөөр хэлбэл өмчлөгчийн эрхийг хязгаарлахыг хуулиар хориглосон байна.

• Аливаа нөхцөл байдлаас шалтгаалан гэрээгээ цуцлах гэж байгаа бол нөгөө талдаа заавал мэдэгдэнэ. Энэ мэдэгдэх хугацааг гэрээнд заах хэрэгтэй бөгөөд ингэж зааж өгөөгүйгээс зээлдүүлэгч зээлдэгчийг зээлээ төлж чадахгүй байгааг мэдсээр байж, олон сарын хүү авах гэж цуцалдаггүй тохиолдол их гарах болсон.

• Гэрээнд цуцлах хугацаа заагаагүй бол цуцлах тухай мэдэгдсэнээс хойш, нөгөө тал нэмэлт хугацаа тогтоогоогүй, үүргээ биелүүлээгүй хэвээрээ байвал гэрээг цуцалж, цуцлагдсанаас үүссэн хохирлоо нэхэмжилж, шүүхэд хандаж болно. Зарим тохиолдолд цуцлах хугацаа болон тохиолдлыг гэрээнд заасан хэрнээ зээлдүүлэгч гэрээг цуцалдаггүй, хүүг явуулсаар байдаг. Тиймээс зээлдэгч зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн бол тэр тухайгаа зээлдүүлэгчид бичгээр мэдэгдэж, мэдэгдлийнхээ нэг хувийг хүлээн авсан этгээдээр гарын үсэг зуруулан авч үлдэх эсхүл баталгаат шуудангаар цуцлах хүсэлтээ явуулж, цуцалмаар байгаагаа илэрхийлж байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд зээлдэгч санхүүгийн хүнд байдалд орж гэрээгээ цуцлах талаар шүүхэд хандах улсын тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй байдаг бөгөөд зээлдүүлэгч нар энэ байдлыг далимдуулан гэрээ цуцлах нөхцөл байдал үүсчихээд байхад цуцлах талаар шүүхэд ханддаггүй байна.

• Нөгөө талаас зээлдүүлэгч цуцлах талаар шүүхэд хандсан байхад зарим зээлдэгч санхүүгийн хүнд байдалд орсон хэрнээ барьцаагаа алдана гэж эмээн, гэрээгээ цуцлахгүй гэж маргадаг. Үл хөдлөх эд хөрөнгийн тухайд гэрээний үүргээ биелүүлээгүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нөгөө талд шилжинэ гэж тохирсон гэрээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд нөгөө тал нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг л шаардах эрхтэй. Үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн тухайд үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд заавал шүүхээр орно, шийдвэр гүйцэтгэлийн шатанд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоно, дуудлага худалдаа болно гээд нэлээн урт хугацааны үйл явц болдог бөгөөд энэ хооронд зээлдэгч мөнгөө төлөх бүрэн боломжтой.

• Зээлдэгчийн хувьд гол нь үүргээ биелүүлж чадахгүй болвол зээлдүүлэгчид дээр дурдсаны дагуу мэдэгдэж байх, төлж чадахгүй байгаагаа нотлох баримтуудыг цуглуулж байх, боломжтой бол өөрөө гэрээ цуцлах талаар шүүхэд хандаж, хүүгээ зогсоох хэрэгтэй. Шүүхэд хандсанаар тэр хүртэлх хугацааны үүрэг буюу үндсэн зээл, хүү нэхэмжлэх ёстой байдаг бол сүүлийн үед шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад гэрээний үүрэг зогсдоггүй, нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх зээлийг барьцааны зүйлээс биш өөр газраас өөр арга замаар төлүүлэх (уг нь бол санхүүгийн хүнд байдалд орвол барьцаагаараа зээлээ төлнө гэж барьцааны гэрээ хийж байгаа, гэтэл барьцаанаасаа гадна өөр хаанаас мөнгө олж, гэрээ дуусаагүй байхад зээлээ төлөх нь ойлгомжгүй), нэхэмжлэл гаргах хүртэлх өдрийн үндсэн зээл, хүүг нэхэмжлэх биш харин шүүх хурал явагдах өдөр хүртэлх хүүг нэмж нэхэх зэргээр зээлдэгчид хэт их эдийн засгийн дарамт үүсгэсэн шийдвэрүүд гарч байна.

• Зээлдүүлэгчийн хувьд зээлдэгчийн хувийн шинж байдал, ажил хэрэг, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалтай холбоотой бичиг баримтуудыг сайн шалгаж авах, зээлийн хэмжээндээ тохирсон, зээлийн үүргээ хангаж чадахуйц барьцаа авах, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд газрын эрхийг хамт барьцаалах, зээлдэгч үүргээ биелүүлэхгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн тухайд шүүх рүү хандаж, албадан худалдах шийдвэр гаргуулах хэрэгтэй. Үл хөдлөх эд хөрөнгийн тухайд шударга байдлаар үнэ тогтоох, зээлдэгчийг нэмж өрөнд унагахгүй байх үүднээс үнэлгээн дээр маргах эрхийг хуулиар олгосон байдгийг ойлгож, хугацаа зарцуулагдана гэдгийг мэддэг байх хэрэгтэй.

• Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдал үүсвэл урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал тохиолдсоныг МҮХАҮТ-аас авсан гэрчилгээ болон бусад үйл баримтаар нотолж, үүнээс шалтгаалаад гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байгаагаа нөгөө талдаа мэдэгдсэн байна.

• Аливаа гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг (зээлийн гэрээний үүргийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээний хувьд үндсэн гэрээ болох зээлийн гэрээний 3 жил гэсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тоолж болохыг анхаарах) бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх 6 сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно.

Хуульч, өмгөөлөгч П.Анударь

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.