ОХУ-д хорио цээрийн дэглэмийг зөрчсөн иргэнд 7 хүртэлх жилээр хорих ял ноогдуулахаар боллоо

Twitter Print
2020 оны 04-р сар 01-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын ДУМА хорио цээрийн дэглэмийг зөрчсөн иргэдэд ноогдуулах шийтгэлийг чангатгах тухай хуулийн төслийг дэмжсэн байна.

Үүнд хорио цээрийн дэглэмийг зөрчсөний улмаас олон тооны иргэдэд халдварт өвчин тараасан иргэнд 3 хүртэлх жилийн ял ноогдуулах мөн хорио цээрийн дэглэмийг зөрчиж, олон тооны иргэдэд халдварт өвчин тарааж, уг халдварт өвчний улмаас 2 ба түүнээс олон хүний амь нас эрсдвэл тухайн иргэнд 7 хүртэлх жилээр хорих ял ноогдуулах тухай тусгажээ. Коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас ОХУ-ын зарим бүс нутгууд, нийслэл Москва хотод хөл хорио тогтоогоод байгаа юм.

Тус улсад коронавирусын халдвар авсан 2337 тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварын улмаас 17 хүн нас бараад байгаа юм. Коронавирусын халдвар авсан иргэдийг эмчилж буй Коммунарка тосгоны эмнэлгийн дарга Денис Проценко коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, эмнэлгээ танилцуулсан билээ. Ерөнхийлөгч В. Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлж байгаагаар В. Путин тогтмол шинжилгээнд хамрагдаж байгаа учраас санаа зовох шаардлагагүй хэмээн мэдэгджээ. Хорио цээрийн журмыг зөрчигсдийн шийтгэлийг чангатгах нь ОХУ-ын иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилготой хэмээн ДУМА-ын дарга Вячеслав Володин онцолжээ.

Coronavirus: Russia includes jail terms to enforce crackdown - BBC ...

ОХУ-ын хувьд өнгөрсөн 2-р сараас эхлэн коронавирусын халдварын дэгдэлтийг хяналтандаа авахын тулд БНХАУ-тай хиллэдэг хилээ хаах, коронавирусын халдварын сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногийг улс даяар амралтын долоо хоног болгосон бол өнгөрсөн ням гарагт Москва хотын дарга Сергей Собянин тус хотод хорио цээрийн дэглэм тогтоож буйг мэдэгдсэн юм.

Москва хотын иргэд зөвхөн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах, гэртэйгээ хамгийн ойр дэлгүүр, эмийн сан орох, ажилдаа явах шаардлагатай тохиолдолд л гэрээсээ гарч болох юм. Хууль сахиулагчид хяналтын камер, утасны байршил тогтоогч зэрэг техник технологийн тусламжтайгаар хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлгөөнийг хянах аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.