
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО ШҮҮГЧ НАРЫН АВЛИГЫН ХОРОО ЮМ УУ?
“Шүүхийн сахилгын хороо“ гэгчийг шинэчлэн байгуулаад удаагүй байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Шүүхээс хараат бусаар ажилллаж, шүүгчийн гаргасан алдаа зөрчилд сахилгын болон бусад шийтгэл оногдуулж, шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй байгууллага юм. Олон жил шүүхэд бугшсан авлигал хээл хахууль албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоож, “ХОНГИЛ”-ын гэх тодотголтой шүүгч нарыг цэвэрлэх олон нийтийн шахалт дээр үндэслэгдэж байгуулагдсан юм.
Харамсалтай нь, гараан дээрээ бүдэрч УИХ-ын томилгооны сонсголоос эхлээд шүүмжлэл дагуулсан. Учир нь, шүүхэд олон жил бугшсан хонгил, сүлжээний эд эс болох шүүгч С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын хүмүүс Сахилгын хорооны гишүүнээр томилогдсон нь Шударга ёсыг тогтооно гэсэн олны итгэл рүү ус цацав. Энэ ч удалгүй нотлогдож, нөгөө л Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, Улсын Дээд шүүхийн тамгын газрын дарга С.Амардэлгэр нарыг өмгөөлж, хамгаалах ажлаа эхлүүлэв.
Ганцхан жишээгээр тэд өөрсдийгөө хэрхэн хамгаалдаг сүлжээг тайлбарлая.
С.Амардэлгэр, Х.Сонинбаяр нар ОХУ-ын иргэний олон тэрбумаар үнэлэгдэх хувьцааг бусдад хууль бусаар шилжүүлсэн хэрэгт нэр холбогддог. Тэднийг уг асуудлаар нь шалгахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос чиглэл болгосны дагуу Шүүхийн сахилгын хороогоор авч хэлэлцэхээр болсон. Энэ дагуу хэргийг ХЭН авч хэлэлцэхийг Сахилгын хорооны гишүүд “Сугалаа”-гаар тодруулахад, С.Энхтөр гишүүнд таарчээ.
С.Энхтөр хэргийг авч хэлэлцээд С.Амардэлгэр, Х.Сонинбаяр нарт хэрэг үүсгэхээс татгалзсан захирамж гаргасан байна. Хамгийн сонирхолтой нь шүүгч С.Энхтөр нь өмнө нь энэ хэргийг шийдвэрлэхэд өөрөө оролцсон шүүгчдийн нэг бөгөөд С.Амардэлгэрийн хууль бус шийдвэрийг баталгаажуулсан этгээд ажээ.
Сахилгын хорооны гишүүн С.Энхтөр нь эл гомдлыг авч хэлэлцэх ёс зүйн бөгөөд эрх зүйн чадамжгүй этгээд байсан. Шүүхийн тухай хуульд заасны дагуу сонирхлын зөрчил үүсэх тул сайн дураараа татгалзан гарах үүрэгтэй байжээ. Гэтэл зориуд энэ үүргээ биелүүлэлгүйгээр үл барам С.Амардэлгэрийг хамгаалсан шийдвэрийг гаргасан байна. Түүнд энэ хэргийг шийдвэрлэх “Сугалаа” таарсан гэх ч сугалаа сугалах үйл явцыг баримтжуулсан бичлэгт С.Энхтөр сугалаа сугалж буй үйл явц байдаггүй.
Шүүгч асан С.Амардэлгэр зориудаар С.Энхтөрийг өөрийгөө хамгаалуулсан шийдвэр гаргуулахаар сугалаа сугалах үйл явцыг хуурамчаар зохион байгуулсан гэж хардах үндэслэл болж байна.
Үүгээр зогсохгүй С.Энхтөрийн хуудуутай захирамжийг цуцлуулахаар хохирогчдын гаргасан гомдлыг авч хэлэлцэх ёстой хоёр шүүгч бус гишүүний нэг нь мөн л С.Амардэлгэр, Х.Сонинбаяр нартай ашиг сонирхлын зөрчил бүхий, олон жил хамт ажилласан, хамт нэг сургуульд сурч байсан оюутан цагийн сайн найз Д.Эрдэнэчулууныг томилуулжээ. Тохуурхаж байгаа биз.
Сүлжээнийхэн бие биеэ хамгаалахын тулд Сахилгын хороонд орцгоожээ. Д.Эрдэнэчулуун нь УИХ-ын томилгооны сонсголын үеэр хамгийн их шүүмжлэл дагуулсан, хамгийн бага саналаар сонгогдсон.УИХ-ын гишүүдээс “Шүүхийн шинэчлэлийг гацаагч” нэр зүүсэн эрхэм юм. Түүний эхнэр нь өдгөө Улсын Дээд шүүхэд шүүгчээр ажилладаг. Улсын Дээд шүүхийн тамгын газрын дарга С.Амардэлгэрийн удирдлагад ажилладаг шүүгч юм.
Ийнхүү олон жил яригдаж, олон хүний хичээл зүтгэлээр бий болсон Шүүхийн шинэчлэл нь С.Амардэлгэр гэгч ганцхан хүний савраас гаралгүй нурж унаж байна. С.Амардэлгэр бол үндэслэлгүйгээр хөлжсөн гэх 17 шүүгчийн нэгээр тодорч албан тушаалаасаа түдгэлзүүлэгдэж байсан хүн. Гэвч төд удалгүй Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга болж, шүүгч нарын болон ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгох, томилох үйл явцыг гардан зохион байгуулах болсон гэдэг.
Шүүхийн шинэчлэл хэрэгжиж эхэлснээс хойш хийсэн түүний анхны ажил нь ийнхүү Сахилгын хороонд шургуулсан “Хонгилын шүүгч” нараараа өөрийнхөө гэмт хэргийг нуун дарагдуулах гэсэн оролдлого болж байна.
Эндээс харахад У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “Хүн засаглахгүй хууль засаглана” гэсэн алдарт тунхаглал амьдрал дээр огт хэрэгжээгүй, бахь байдгаараа, нөгөө л С.Амардэлгэр, Х.Сонинбаяр нарын Аалзны тор шиг хэрсэн авлигалын сүлжээ үргэлжилсээр байгаагаас харагдаж байна.
Өнөөдөр С.Амардэлгэрийг дийлэх ямар ч албан тушаалтан алга. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч түүний дэргэд жижигдэж байна гээд хэлчихвэл хилсдэхгүй болов уу. Эсвэл У.Хүрэлсүх Ерөнхийлөгч С.Амардэлгэр, Х.Сонинбаяр нарт дааж давшгүй том өртэй болчихсон юм болов уу. АН-ыг задалж, хуваахад энэ хоёр хүний үүрэг өндөр байснаас харвал МАН-ыг сонгуульд ялуулж, У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход шүүгчдийн үүрэг оролцоо их байсан хэрэг үү?
Ямартай ч Шүүхэд шинэчлэл явахгүй нь ээ. Хонгил хэвээр байж хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байх нь ээ! Шударга бусын энэ хонгилоор чирүүлэх ээлж дарааллаа хүлээн өөр дээрээ иртэл бид чимээгүй харсаар суух уу?
Шүүгчдийн талаар үлээх ШҮГЭЛ үргэлжлэх болно.
Сэтгүүлч Б.Отгон
2022.02.08