Та экстроверт ба интровертийн аль нь вэ?

Twitter Print
2022 оны 01-р сар 05-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

Та АЛЬ нь вэ? бичээд байгаарай...

Экстроверт ба интроверт байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Чөлөөт уулзалтанд хамтдаа байх дуртай хүмүүстэйгээ байна гэж төсөөлье. Экстроверт хүн бол тэр уулзалт дээрээс өөрийнхөө дотоод сэтгэлийг цэнэгээр дүүргэж байгаа мэт мэдрэмж аваад улам ихийг хийх эрч хүчийг авна. Улмаар уулзалтаа цааш нь хэрхэн үргэлжлүүлэх талаар бодож эхэлдэг. Харин интроверт хүн бол тэр уулзалт хэчнээн гоё байсан ч, тэр хүн хэчнээн нийгэмшсэн, харилцааны ур чадвартай хүн байсан ч шууд гэр рүүгээ харихыг илүүд үзнэ.

Интроверт хүмүүс ерөнхийдөө нэг хүнтэй суугаад ярилцах дуртай, өөрийнхөө эрч хүчийг гэр бүлдээ, эсвэл хамгийн сайн мэддэг, хамгийн дуртай зүйл, хайрладаг хүмүүстээ зарцуулах дуртай байдаг. Интроверт жүжигчид тайзан дээр, эсвэл камерын өмнө бүтээх ёстой дүрээ аз жаргалтай, чадварлаг бүтээдэг, бие сэтгэл нь ч хөнгөн байдаг. Харин ажлынхаа дараа хүлээн авалт эсвэл бүжгийн үдэшлэгт орох дуртай биш, төвөгшөөдөг.

Өөрийнхөө чаддаг зүйлийг хийнэ гэдэг бол бүх хяналт өөрийн гарт байна гэсэн үг. Интроверт хүмүүсийн мэдрэлийн эсүүд аливаа зүйлд мэдрэг бөгөөд маш их хэмжээгээр ажиллаж байдаг. Мэдрэлийн тогтолцоо нь гаднаас замбараагүй үйл явдлууд орж ирвэл “бөмбөгдөлт” мэт хүлээж авдаг.

Экстроверт нь олон хүнтэй танилцаж, харилцмаар байдаг ч яг яаж гэдэг учраа олоогүй байх нь түгээмэл. Төгс экстроверт, эсвэл төгс интроверт гэсэн ойлголт байхгүй. Гаднаасаа харагдах байдал, дотроо мэдрэх мэдрэмж хоёр өөр байж болдог. Жишээлбэл, гаднаа экстроверт байх гэж хичээдэг ч дотроо “энэ дуу шуугианаас хол байх юм сан” гэж боддог хүмүүс бий.

Интроверт даргатай байгууллага өндөр бүтээмжтэй байдаг нь судалгаагаар нотлогджээ. Гэвч экстроверт дарга нар ажилтнууддаа илүү таалагддаг. Ихэнх тохиолдолд интроверт хүмүүсийг удирдах албан тушаалд тохирохгүй гэж үзэх нь бий. Хамгийн тод жишээ бол Билл Гэйтс. Тэр өөрөө энэ талаар ярьсан байдаг. Их том бэрхшээлтэй тулгарвал тэрнийхээ талаар гурваас ч олон өдөр сууж тасралтгүй уншиж судалдаг арга барилтай. Манлайлагч нь өөрийгөө тусгаарлаад хэд хоногоор алга болоход хамт олонд нь хэцүү байсан гэдэг. Харин Стив Балмер нь Билл Гэйтсийг олон хоног бодол санаагаа цэгцлэх гээд чимээгүй алга болох зуур үүссэн нөхцөл байдлыг намжаах, байгууллагын өдөр тутмын асуудлыг цэгцлэхийг хичээдэг байжээ.

Цахиурын хөндийн оффис гэж нэг агуулах маягийн том талбайд олноороо сууж ажилладаг гэдгийг хүмүүс мэднэ. Тэнд хувийн орон зайгаа үүсгэх боломжгүй. Иймэрхүү төрлийн оффисуудад хийгдсэн судалгаанаас үзэхэд “Би ерөөсөө төвлөрч чаддаггүй, ажлын бүтээмж удаан байдаг. Даргадаа хэлбэл намайг багаар ажиллах чадваргүй гээд бодчихно” гэж ажилтнууд нь хариулжээ. Олон хүн тиймэрхүү нээлттэй оффист дургүй байдаг ч нөгөө талаар өөртөө илүү анхаарах, шинэ зүйл суралцахад нээлттэй орчин болдог ажээ.

Интроверт хүмүүсийг олон нийтээс зугтаадаг, нийгмийн харилцаанд орох дургүй гэж бодвол маш буруу ойлголт болно. Интровертууд олон нийттэй өөр аргаар харилцахыг хүсдэг.

Ч.Буянбадрах

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.