Дуугүй өнгөрч боломгүй түүхэн өдөр - Хоёрдугаар сарын 3

Twitter Print
2023 оны 02-р сар 03-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Монголын түүхийн маш чухал түүхэн 102 жилийн өдөр!

102 жилийн өмнө энэ өдөр Барон Унгерний цэрэг Нийслэл Хүрээнд байсан хятадын 15.000 хятад цэргийг хөөн гаргаж Хүрээг чөлөөлөн Монгол орон тусгаар тогтноход тустай томоохон үйл явдал болсон. 1917 онд Орост болсон Октябрын хувьсгалын дараа Орос орон улаан, цагаанаараа хуваагдсан. Иргэний дайнд автсан Зөвлөлт Орос хөрш улсуудтайгаа, түүний дотор Хятадтай аль болох зөрчилдөхгүй байх чиг барьж байсан.

1919 оны 12 сард Монголын автономит эрхийг устгаж, зөвхөн Хүрээнд гэхэд Сю генералын 15 мянган Хятад цэрэг байрласан байв. Октябрийн хувьсгалын тухай мэдээлэл, оросын хувьсгалын нөлөө Монголд нэвтэрч бсан ч Зөвлөлт Орос Хятадтай зөрчилдөхгүйн үүднээс Монголд ил тод үйл ажиллагаа явуулж, Хятадын эсрэг Монголчуудын тэмцлийг ил дэмжих боломжгүй байв. Чухам энэ үед Атаман Семёновын хамт Алс Дорнод, Даурт төвлөрөн Зөвлөлт засгийн эсрэг тэмцэж бсан Барон Унгерн 1920 оны намар өөрийн цөөхөн цэрэгтэй Дорнод хавиар Монголын нутагт нэвтэрч улмаар 1920 оны 10 сард Хүрээнд байрлаж бсан хятад цэргийн хуран руу дайрчээ.

Дайралт амжилтгүй болслн тул тэрээр ухарч, одоогийн Багануурын баруун хойд орчимд өвөлжин монгол цэргээр хүчээ зузаатгаж, 2021 оны 1 дүгээр сарын сүүлчийн өдрүүдэд Хүрээ рүү хөдөлж, 1921 оны 2-р сарын 1-нд өөрийн цэрэгт бсан түвд салаагаа явуулж хятад цэргийн хяналтад одоогийн Богдын музейн буюу ногоон ордондоо гэрийн хорионд бсан Монгол Улсын төрийн тэргүүн-Богд Хааныг оргуулан Богд Уул давуулан Манзшир хийдэд аваачжээ. Үүний дараа 2-р сарын 1-2-ны шөнө дараалан Богд Уул, Баян Зүрх Уул, Чингэлтэй Хайрханы зүгээс Маймаа хотод байрласан хятад цэргийн байрлал руу удаа дараа довтолж, шөнөдөө олон тооны гал асааж, олон цэрэгтэй мэт сүрийг үзүүлэн айлгах, буулгаж авах тактик хэрэглэжээ.

1921 оны 2 дугаар сарын 3-ны өглөө хятад цэргийн үндсэн бүрэлдэхүүн Хүрээнээс баруун хойш хойд хилийн зүг зугтаж, зарим ангиуд Налайхаар дамжин Чойрын зам руу зугтаж, Монголын нийслэл хятад цэргээс бүрэн чөлөөлөгджээ. Чойрын зүг зугтсан хятад цэргмйн нэхэн очиж устгасан, цаанаас хүч нэмэгдүүлэхээр ирж явсан хятад цэргийг амдаж цохисон, хойд хил рүү зугтсан хятад цэргийн зарим хэсэг буцаж эргэн урагш Хятадын зүг хөдлөхөд одоогийн Лүн сумын нутагт Улаан хадны тулалдаанаар амдан тосч, буулган авч, зэвсгийг нь хураан хил хүртэл гаргаж өгсөн гээд олон үйл явдал, туладаанууд 1921 оны 2-3 дугаар сард болсон. Хойд зүгт зугтсан гамин цэргийн гол хүч Хиагт хүрч, Оросын тал зэвсэгтэй нь Хиагтаас Улаан-Үд хүргэж, галт тэргэнд суулган Хятадад буцаасан. 3 сарын 1-нд Хиагтад МАН нам байгуулж, 3 сарын 18-нд Хиагт руу дайрах үед тэнд үнэндээ хятад цэргийн хилийн харуулийн анги үлдсэн байлаа!

Барон Унгерн улаантны эсрэг тэмцэлдээ Монголыг түшиц газар болгох зорилготой байсныг хэнч маргахгүй! Тэрээр Хүрээг чөлөөлсний дараа Богд Хааныг хаан ширээнд нь эгүүлэн залж, Монголын хууль ёсны Засгмйн газар, засаглалыг сэргээн тогтоож дэмжин тусласан. Хүрээг хогноос салгах, цахилгаан холбоог сэргээх, цахилгаан станц, цэмбэ, ноосны үйлдвэр ажиллуулах гээд богино хугацаанд олон зүйл хийсэн. Засгмйн газрын өрийн бичиг -бонд ч гаргаж амжсан байдаг.

Эд бүгдийг товчлоод Бароны гавьяаны тухай ганцхан зүйлийг онцлоход Барон Унгерн Монголд орж ирж Хүрээг чөлөөлж, хятад цэргийг Монголоос хөөн гаргаснаар Зөвлөлт Оросоос Монголд цэргээ оруулж, Монгол Улс хятадын нөлөөнөөс гарч, тусгаар тогтнох боломжийг нь дэмжих боломж, бас далимыг Зөвлөлт Орост олгож өгсөн явдал юм! Боломж гэдэг нь Монголд бсан хятад цэргийг Барон Унгерн хөөж гаргаснаар улаан арми Монголд орж ирэхэд хятад цэрэгтэй шууд тулалдахгүй, Зөвлөлт Орос хөрш Хятадтай шууд зөрчилд орохгүй боломж үүссэн. Далим гэдэг нь Зөвлөлт засгийн эсрэг тэмцэж буй цагаантны анги нэгтгэлүүд, түүний дотор Барон Унгерний цэрэг Монголд байрлаж, Зөвлөлт Орос руу халдах болсон тул хил хязгаарынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс Монголд байрласан цагаантны хүчийг дарахын тулд Монголд улаан арми орж ирж байгаа гэсэн тайлбарыг олон улсын тавцанд, хөрш Хятадад тайлбарлах шалтаг олдсон.

Тухайн үед 1920-оод онд Зүүн Туркестан, одоогийн Шинжаанд яг ийм байдалтай бсан бөгөөд тэнд Улаан арми орж чадаагүйгээс Шинжаан Хятадын хэсэг болон баталгаажсан. Дайны цагийн ороо бусгаа үед Бароны цэрэг, улаантан аль аль талаас нь л тагнуул туршуул, урвагч нэрээр өчиггүй бууддаг юмнууд байсан байх. Гагцхүү ялан дийлсэн улаан арми, Зөвлөлт засаг, коммунист суртал ухуулгын дүнд Бароныг галзуу, дээрэмчин удамтай гэх мэт хамгийн муу дүрээр тодруулж, бидний тархи толгойд буулгаж, нөгөө талаас улаан армийн дэмждэгтэйгээр Монголд тогтсон Ардын Засгийг бэхжүүлэх суртал ухуулга, өөр үзэл бодол, өөрийн хэргээс өөрц бүхнийг үгүйсгэдэг коммунист үзэл суртлаар Барон Унгерний Монголын түүхэнд "санамсаргүйгээр" гүйцэтгэсэн түүхэн үүргийг мартуулж, дурсахгүй байдлаар 100 жил өнгөрч, өнөөдөр бид тусгаар тогтнолын энэхүү түүхэн өдрөө мэддэггүй, дурсдаггүй, төр засаг нь ган хийлгүй, өнөөх л Ардын журамт цэрэг Монголыг гамингаас чөлөөлсөн домогтоо итгэн 100 жил тэмдэглэхээр улсаараа бэлтгээд сууж байгаа нь харамсалтай!

Олон улсын харилцааны мэргэжилтэн, дипломатын хувьд судлахад ч Зөвлөлт Оросын тухайн үеийн байдал, байр суурь нь тухайн үеийн цаашлын үйл явдлын өрнөлөас маш тодорхой харагддаг. 1921 оны 11 сарын 5-нд Зөвлөлт Орос Улс Хэмжээт Эрхт Богд Хаант Монгол Улстай (1924 онд Богд хаан таалал төгсч, анхны үндсэн хуулиар Бүгд Найрамдах Улс тунхаглагдах хүртэл олон улсын жишгээр бол Монгол Улс ийм төртэй бсан шүү) тусгаар улс хэмээн үзэж Найрамдал, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан боловч 1924 онд Зөвлөлт Орос, Хятадын хооронд байгуулсан хэлэлцээрт Монголыг Хятадын хэсэг хэмээн хүлээн зөвшөөрсөн. Олон улсын эрх зүйн хувьд энэ нь 1945 онд Чангийн Засгмйн газар БНМАУ-ыг Ялт, Подстамын тохиролцооны дагуу хүлээн зөвшөөрөх хүртэл хүчин төгөлдөр бсан статус гэсэн үг!

Манай залуу түүхчид энэ мэт түүхийн эмзэг, будилаантай, сургамжтай гэрээ хэлэлцээр, цаг үеийн түүхийг ул суурьтай судлаж, олон нийтэд үнэн зөвөөр нь гарган тавина биз ээ! Энэ мэт түүхэн үнэнийг сэргээн байж өнөөгийн Монголын нийгэмд үндэсний эвлэрэл бий болгох хөрс суурь тавигдана! Тусгаар тогтнолын түүхэнд тэмдэглэгдэх өдрийн мэнд Та бүхэнд өргөн дэвшүүлье!

Л.Пүрэвсүрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.