Цар тахлын үед ажил олгогчдыг дэмжих зорилгоор Дэлхийн банкнаас 20 сая ам.долларын зээл олгоно

Twitter Print
2020 оны 06-р сар 24-нд 17:25 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс Монгол Улсад Онцгой байдлын үеийн хөнгөлөлт болон  хөдөлмөр эрхлэлтийн төсөлд зориулан Олон Улсын Хөгжлийн Ассоциациас 20 сая ам. долларын хөнгөлттэй зээл олгохоор баталжээ.

Төслийн хүрээнд КОВИД-19 цар тахлаас үүдсэн хямралын энэ үед зохих шалгуурыг хангасан ажилчид, ажил олгогчдод түр хугацааны дэмжлэг үзүүлж, ажил хайгч болон бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээл дээрх боломжийг илүү хүртээмжтэй болгоход туслах юм. 

Тус төсөл нь Засгийн газрын зүгээс КОВИД-19 цар тахлын үед зохих шалгуурыг хангасан ажил олгогчид болон ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлээс түр хугацаанд чөлөөлөх арга хэмжээг дэмжинэ. КОВИД-19 цар тахлын хямралын үед бичил бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд дэмжлэг үзүүлснээр урт хугацааны ажилгүйдэл нэмэгдэх, ажиллах хүчний эрэлт буурах эрсдлийг бууруулна. Иймд төслийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдэд бизнесээ эхлүүлж, өргөжүүлэхэд туслах зорилгоор санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлнэ. Мөн ажил олгогчдын зүгээс шаарддаг ур чадварыг ажил хайгчдад эзэмшүүлэхэд туслах ур чадвар олгох шинэлэг хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлнэ. 

Мөн тус төсөл нь ажил хайгчдад илүү үр дүнтэйгээр ажил олоход нь туслах хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудыг шинэчлэн сайжруулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжинэ. Энэ хүрээнд үйлчилгээний орчинг сайжруулах, ажлын зохион байгуулалтыг шинэчлэх, мэдээллийн системийг сайжруулах болон шийдвэр гаргахад хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэнэ. Мөн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн цар хүрээ, чанар, хүртээмжийг сайжруулна. Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер Андрей Михнев “Төслийн хүрээнд, ажил олгогч болон ажилчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх үйл ажиллагааг дэмжиж байгаа нь бизнесээ хаах, эсвэл олон тооны ажилчдыг халж цомхотголгүйгээр КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн хямралыг хурдан даван туулахад тусална. Энэхүү төсөл нь мөн хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдал, үр ашгийг дээшлүүлснээр Монголчууд хямралыг хурдан даван туулж, илүү сайн ажлын байртай болоход нь туслах болно” гэв. 

Б.Индра

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.