
ИД ШӨНӨ ДУНДЫН ИХ ЦАГААН ЦАСАН
Цас гэдэг чинь ингэж тэнгэр тэрчигээрээ малгайлан буух шиг асгаран цутган ордогсон бил үү хэмээн анх л ертөнцөд хөл тавьж байгаа харийн хүн шиг гайхахаар шөнө дундаас эхлэн их хотыг хайлган хаврын уулгамч их цасан хучин авав.
Цонхоор бахдан сүрдэн, нүд үл салган харж зогсоо надад л гэхэд, энэ шөнө, ажин түжин энэ цагаан шөнө, хорвоо дэлхий дээр цаснаас өөр юу ч байдаггүй юм шиг, огтын байхгүй юм шиг баттайяа санагдана. Одоо гагц малгайлан асгарах үй түмэн цасан ширхэг, одоо гагц хурын үнэр тээсэн холын зоргоор салхин... Өөр юу ч хараанд эс тусч, өөр юу ч чихэнд эс анирдах ажээ.
“Цас цас асгарна, шөнө шөнө нөмөрнө, яарсан ч юм шиг, адгасан ч юм шиг, яасан ч хурдан бэ, хөөх ямар түргэн бэ” хэмээн цасан ширхэг асгаран буух хэмнэлээр Роберт Фростын нэгэнтээ шүлэглэсэн мөр бадаг ч сэтгэлд минь бас бүүр түүрхэн буух л янзтай.
Хэдхэн цагийн дараа үүрийн гэгээ үүлэн цаанаас бүүдийн цайхад, хөвчин дэлхий цасан дороос суниан өндийнө.
“Цас, цас чи яах гэж ингэж намайг дарав” хэмээн байгаль дэлхий тэнгэр өөд өлийн асуухад, “Хээ, газар дэлхий минь би чамайг ариулах л гэсэн юм, рашаалах гэсэн юм, ургуулах л гэсэн юм, төлжүүлэх л гэсэн юм, өөр би яах ч гээгүй” хэмээн цасан ширхгээ шидлэн цацлан, эрхлэх мэт өгүүлэх болно.
Тийм ээ, тийм, хаврын дунд сарын шувтаргын энэ их цагаан цасан бол хүний сэтгэлийг зөөллөсөн, газрын шимийг дуудсан, өвчин хуучны урхаг гэмийг үлдэн хөөсөн дээд тэнгэрийн ариун гэгээн хишиг ч гэж хэлж болох буй за!
Шөнө дундын их цагаан цасан асгарсаар авай...
До.Чулуунбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.