Улс орнуудад хөл хорио тогтоосноор гэр бүлийн хүчирхийлэл нэмэгджээ

Twitter Print
2020 оны 04-р сар 06-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш коронавирусын цар тахлын улмаас улс орнуудад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эрх баригчид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг давхар эрчимжүүлэхийг уриалжээ.

Тэрээр улс орнуудыг хүчээ нэгтгэн, КОВИД-19 халдварт өвчний эсрэг хамтдаа тэмцэхийн тулд зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаанаа зогсоохыг уриалсан билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, "Хүчирхийлэл зөвхөн дайны талбараар хязгаарлагддаг биш юм. Олон олон охид бүсгүйчүүдийг бидний хамгийн аюулгүй гэж үздэг газар буюу орон гэрт нь аюул хүлээж байдаг. Өнөөдөр би гэр орон дахь энх тайван байдалд уриалж байна." хэмээн уриалга гаргажээ. Антониу Гутеррешийн хэлж байгаагаар сүүлийн хэдэн долоо хоногт эдийн засаг, нийгмийн дарамт нэмэгдэхийн хэрээр дэлхий даяар гэр бүлийн хүчирхийллийн тоо огцом нэмэгдэж, тусламжийн утсанд дуудлага өгч буй эмэгтэйчүүдийн тоо хоёр дахин өсчээ.

Түүнчлэн улс орнууд коронавирусын халдварын эсрэг тэмцэх үндэсний бодлогодоо охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн улмаас хохирол амссан эмэгтэйчүүдийн хохирлыг барагдуулах тухай онцгойлон тусгахыг уриалсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тусламжийн үйлчилгээ үзүүлдэг утас, цахим платформууд, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх, улс орнуудын шүүхийн тогтолцоог охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийг хатуу хяналтанд авах нөхцөл бололцоогоор хангах шаардлагатай байгааг онцолжээ.

Өнгөрсөн сарын 11-нд ДЭМБ-аас коронавирусын халдварын дэгдэлтийг цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн мэдэгдсэн ба одоогийн байдлаар дэлхий дахинаа коронавирусын халдвараар 1.13 сая хүн өвчилсний, 63 мянга нь нас бараад байна.

Эх сурвалж: Ria.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.