Талийгаач эмэгтэйг Шунхлай компани байнгын дарамтанд ажиллуулжээ

Twitter Print
2014 оны 08-р сар 29-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Төв аймгийн Зуунмод хотод "Шунхлай" шатахуун түгээх станцын түгээгчийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг энэ сарын 17-нд гарсан. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 17-ны 23:45 цагийн орчимд нэгэн иргэн шатахуун авах гэж очоод түгээгч эмэгтэйг амиа алдсан байхыг харж дуудлага өгсөн байдаг. Ирсэн дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн албан хаагч нар хэргийн газарт очиход шатахуун түгээгч 35 настай Ц-г хүзүү, хэвлийн тус газарт нь хутгалж амь насыг нь хөнөөж, орлогын мөнгө болох сая орчим төгрөгийг нь аваад зугтсан байсан байна. Цагдаа нар гэмт хэрэгтнийг илрүүлэхээр шуурхай ажиллаж байгаа бөгөөд одоогоор гэмт хэрэгтэн хэн болохыг илрүүлээгүй байна.

Хохирогч 1975 онд төрсөн, өрх толгойлсон эмэгтэй гэнэ. Дээд сургуулийн хоёрдугаар курсийн оюутан охин, есдүгээр ангийн сурагч хүү, 80 гарсан ээжийнхээ хамт Зуунмод суманд амьдардаг байжээ.

Охиныхоо сургалтын төлбөр, хоногийн бор хоолоо залгуулахын тулд зүтгэж явсан эмэгтэй шуналдаа хөтлөгдсөн харгис нэгний гарт өртсөн нь энэ.

Талийгаачийн дүү болон хүүхдүүд нь цагдаа нарт  “ШТС-д түгээгчээр ороод дөрвөн жил болж байсан. Энэ хугацаанд нэг ч удаа ээлжийн амралт авч үзээгүй. Бие нь өвдөж байсан ч ажиллаж байдаг хүн. Энэ жил анх удаа ээлжийн амралт авч айраг, цагаан дээр гарч, төрөлх Баян сумынхаа ойд оролцож байхад нь ажлаас нь дуудсаар байгаад хугацаанаас нь өмнө ажилд нь оруулсан” гэж мэдүүлсэн байна. Гэр бүлтэйгээ сүүлчийн удаа уулзаж "ажилдаа явлаа" гээд инээмсэглээд явсан охиноо "эргээд ирэхгүй  аяндаа" үүрд мөнх явсан гэж хөөрхий ээж нь хэрхэн мэдэх билээ. 

Цаг наргүй ажиллаж, утасны цаанаас тушаах даргын үг, ажиллаж чадахгүй бол өөр хүнийг ажилд авна хэмээн сүрдүүлэн барин дуудсан гэдэг. Түүний ажиллаж байсан ШТС-д даргатайгаа нийлээд ердөө гуравхан хүн ажилладаг байна. Уг нь таван хүн ажиллах ёстой аж. Энэ байдлаас залхсан бүсгүй ажлаа солих юмсан, үнэхээр дарамттай байна. Дарамтладаггүй газарт ажилд орохсон гэж гэрийнхэндээ ярьдаг байжээ. Ядаж утас барьдаггүй, холбоо сүлжээ муутай зэлүүд газарт ганц эмэгтэй түгээгч өдөр дараалан ажиллаж байгааг гэмт хэрэгтэн анхааралдаа авсан бололтой. Ном журмандаа бол ШТС-ууд бие хамгаалагчтай хамт түгээгчийг ажиллуулдаг учиртай. Гэтэл эзгүй зэлүүд газар ямар ч хамгаалалтгүй ганц эмэгтэйг дарамтан дунд ажиллуулсаар байж.

Мөн талийгаач ганцаараа өдөр дараалан ажиллаж байснаа төвдөө нууж, М гэгчтэй хамт ээлжлэн гарч байгаа гэж хэлж байсан байна. Ямар учраас талийгаач эмэгтэй дээд албан тушаалнуудтайгаа утсаар холбогдох бүрт худал мэдээлэл өгдөг байв? Хэрэв хоёр хүн тулаа хийж байгаа гээд дарга нартаа хэлчихвэл ажлаасаа халагдана гэх айдас түүнийг худал хэлүүлдэг байсан уу. 

Амьдралын төлөө ажилдаа чин үнэнч зүтгэсэн талийгаач Н.Цэцэгмаа гэх эмэгтэй ажлаа хийж яваад бусдын гарт амиа алдсан. “Шунхлай” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдөр эрдэнэт хүний амь нас хохироод байна. Тиймээс “Шунхлай” ХХК-наас талийгаач эмэгтэйн амь насыг нэхье. Хэрэв ээлжийнхээ амралтыг авчихаад байхад нь утсаар дуудаж ажилд нь оруулаагүй бол талийгаач эмэгтэй өдийд хоёр хүүхэд, өндөр настай ээжийнхээ дэргэд байж, нэг гэр бүл өнчирч үлдэхгүй байсан юм.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.