Гааг дахь Олон улсын Эрүүгийн шүүхээс Влалимир Путиныг баривчлах шийдвэр гаргажээ

Twitter Print
2023 оны 03-р сар 18-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

В. Путины өөр улс орнууд руу зорчих боломж хязгаарлагдаж байна

Гааг дахь Олон Улсын Эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах захирамж гаргажээ.

Шүүх Оросын төрийн тэргүүн В. Путин, Оросын хүүхдийн эрхийн комиссар Мария Алексеевна Львова-Белова нар ОХУ Украин руу довтолсноос хойш буюу 2022 оны 2-р сарын 24-ноос Украинаас хүүхдүүдийг хууль бусаар ОХУ-д аваачсан явдалд буруутай гэсэн үндэслэлээр  хариуцлага хүлээх ёстой гэж үзжээ.

Москва Олон Улсын Эрүүгийн шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, В. Путиныг баривчлах захирамж гаргасныг "байж боломгүй" явдал хэмээн тодорхойлжээ.

Олон Улсын Эрүүгийн шүүхийн эрх мэдэл зөвхөн гишүүн орнуудад нь үйлчлэх бөгөөд ОХУ тус байгууллагын албан ёсны гишүүн биш учраас ОУЭШ-ийн шийдвэрээс онцын үр дүн гарахгүй байж болох ч ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины бусад улс орон руу зорчих боломж хязгаарлагдах юм. ОХУ-ын Украинд явуулж буй дайнд Украины талыг дэмжиж буйгаа илэрхийлсэн улс орнууд руу В. Путин зорчсон тохиолдолд түүнийг баривчилж болзошгүй гэдгийг ОУЭШ онцолжээ.

ОУЭШ-ээс гаргасан мэдэгдэлд ОХУ-ын Ерөнхийлөгч дайны гэмт хэргүүдээ шууд ба шууд бусаар үйлдсэн гэх үндэслэл байгаа ба В. Путин Ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан хүүхдүүдийг эх орноос нь хууль бусаар гаргах явдлыг зогсоогоогүй гэж буруутгажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Олон Улсын Эрүүгийн шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа ба ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин "дайны гэмт хэрэгтэн гэдэг нь гарцаагүй" хэмээн мэдэгджээ.

ОУЭШ В. Путин болон Мария Львова-Белова нарыг баривчлах тухай захирамжаа нууцлахаар төлөвлөж байсан ч уг шийдвэрийг ил болгох нь өөр гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж чадна гэж үзжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОУЭШ-ийн шийдвэрийг "хүчин төгөлдөр бус" хэмээн тодорхойлсон бол ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев В. Путиныг баривчлах захирамжийг ариун цэврийн цаастай зүйрлэжээ.

Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйн ойрын түнш Иван Жданов ОУЭШ-ийн шийдвэр нь бэлгэ тэмдэг бүхий алхам хэдий ч чухал шйдвэр гэдгийг онцолсон бол Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОУЭШ-ийн прокурор Карим Ханд талархаж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.