
АНУ-ын Лос Анжелес хотноо Америкийн Кино Академийн шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслол болж өнгөрлөө. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолын шилдгээр Америкийн найруулагч Шан Хэйдэрийн "CODA: Child Of Deaf Adults" уран сайхны кино шалгарлаа.
Тус кинонд тоглосон жүжигчин Трой Коцур Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртэж, Оскарын шагнал гардуулах ёслолын түүхэнд энэ төрөлд шагнал хүртсэн сонсголын бэрхшээлтэй хоёр дахь жүжигчин болж байгаа аж. Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй тэрээр тайзан дээр гарч шагналаа авах үедээ, "Энэ шагналыг сонсголын бэрхшээлтэй хүмүүс, тэдний хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүст зориулж байна. Энэ бол бидний мөч." хэмээн онцолжээ.
Шилдэг найруулагчийн шагналыг "The Power Of The Dog" киноны найруулагч Жэйн Кэмпион хүртжээ. Түүнээс гадна тэрээр Оскарын Шилдэг найруулагч төрөлд хоёр удаа нэр дэвшсэн анхны эмэгтэй найруулагч болсон байна. "
King Richard" уран сайхны кинонд газрын теннисний алдартай тамирчид болох эгч дүү Уиллиамсын аав, дасгалжуулагчийн дүрийг бүтээсэн Уилл Смит Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртжээ. Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг гардуулахаас өмнө тайзнаа жүжигчин Крис Рок Уилл Смитын гэргий Жада-Пинкэтт Смитын талаар хошигносонд жүжигчин Уилл Смит бухимдан тайзнаа гарч, Крис Рокийг алгадсан нь энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын хамгийн их шуугиан тарьсан явдал болсон юм.
Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Жэссика Чэстэйн "The Eyes Of Tammy Faye" кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн байна.
Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчнээр "Westside Story" мюзиклд тоглосон Ариана ДеБос тодорчээ.
Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн киногоор "Энканто", Шилдэг кино зохиолын шагналыг Ирландын жүжигчин, найруулагч Кеннет Брана хүртжээ.
Жэймс Бондын тухай "No Time To Die" уран сайхны киноны No Time To Die нэртэй дуугаараа дуучин Билли Айлиш Шилдэг дууны шагналыг гардан авсан бол хамгийн олон төрөлд нэр дэвшсэн "Dune" уран сайхны кино төрөлд ялалт байгуулжээ.
Шагнал гардуулах ёслолоос өмнөх улаан хивсний ёслолын үеэр зарим жүжигчид, уран бүтээлчид дайныг эсэргүүцэж, Украиныг дэмжиж буйгаа илэрхийлж, Украины туг бүхий алчуур, энгэрийн тэмдэг зэргийг зүүж, хөх өнгийн тууз уясан байсан ба шагнал гардуулах ёслолын үеэр Украин улсын иргэдийг дэмжиж буйн илэрхийлэл болгон нэг минут дуугүй байж хүндэтгэл үзүүлсэн юм.
Эх сурвалж: meduza.news
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Эрка
(202.55.188.33) 2020-07-10 16:30Сайхан сэтгэлт хүмүүст бүгдэд нь баярлалаа. Буян нь дэлгэрэг ээ
Хариулах