Б.Цэрэннадмид: Намайг ирэхгүй бол энэ хавийнхан уух кофегүй болчихно шүү дээ

Twitter Print
2014 оны 08-р сар 30-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

...Хөдөөнөөс дөнгөж ирээд цай зардаг байсан. Айлд зүгээр суугаад байж болохгүй шүү дээ. Хүмүүс цайг маань их дуртай худалдаж авна. Даанч ашиг нь бага. Тэгээд л тамхи зарахаар шийдсэн. Анх гудамжинд их ганган хувцастай наймаа хийж байлаа. Савхин дээлтэй гээд бод доо. Тэгсэн нэг өдөр цагдаа хүрч ирээд миний зарж байсан барааг хураачихдаг юм байна.

Цагдаагийн араас дагаж алхсаар хэлтэс дээр ирсэн. Учир байдлаа хэлж гуйлаа, азаар тэр цагдаа намайг хараад өрөвдсөн үү яасан, барааг минь буцаагаад өгчихсөн...

Хүний амьдралын жирийн л нэгэн ажлын өдөр. Нар манддагаараа мандаж, их хотын бужигнасан амьдралын энгийн л нэг өглөө. Хүмүүсийн хөл хө­дөлгөөн эхлэхтэй зэрэгцэн гартаа дааж ядсан том цүнх барьсан эмээ өглөө бүр автобуснаас бууж харагдана.

Цагийн аясыг үл анзааран өвөл, хавар, зун, бас намаржин байшингийн нөмөр, булан тохой бараадан жижигхэн хайрцаг өмнөө тавин жижиглэнгийн худалдаа эрхлэх олон хүний нэг нь энэ хөгшин юм.

Түүний хажуугаар өнгөрөх болгонд “Хүүхдүүд нь яагаад хөгшин эхийгээ хөхөө өвлийн хүйтэн, зуны аагим халуунд өдөржин гадаа суулгадаг байна аа” гэж бодогдоно. 

Хэдийгээр гар дээрээс худалдаа хийхийг хуулиар хориглосон ч, гудамж талбайд зарж буй чихэр, жимсхэн эрүүл ахуйн хувьд эрсдэлтэй гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг ч уйгагүй зогсох эмээг харахаар тэрхүү бодол минь хормын төдийд хаашаа ч юм сарнин оддог. Тэгээд л өөрийн эрхгүй халаас руугаа гараа явуулан эмээгээс ганц кофе ч болох нь ээ авахгүй бол муу хүн болчих юм шиг санагдаад болдоггүй юм.

Миний мэдэхийн Б.Цэрэн­надмид эмээ XIII хорооллын авто­бусны буудал дээр их олон жил тамхи, чихэр, ундаа, ус гээд юухан ийхэн зарж амжиргаагаа залгуулж байгаа. Ажил голж, амьдрал бүрхэг байна гэж гом­доллодог залхаг залуусын дэргэд эмээ их ажилсаг, хөдөлмөрч хүн шиг санагддагаа нуух юун.

Өглөө бүр ажилдаа явахдаа автобусны буудал дээр таардаг түүнтэй уулзаж, нэг сайхан ярилцах юмсан гэж бодож явсаар сая нэг санасандаа хүрч Б.Цэрэннадмид гуайтай уулзсан юм.

Ингээд эмээгийн байнга зогсч наймаагаа хийдэг XIII хороолын автобусны буудлыг зорилоо. Бид­нийг очиход эмээ урьдынхаараа наймаагаа хийсээр сууж байв. Эмээгийн хажуугаар зөрсөн хүн болгон түүний биеийг асууж, ядарч цангаж байгааг нь лавлана.

Арга ч үгүй биз дээ, арав гаруй жил энэ л буудал дээр зогсч, жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа болохоор ганц би ч биш бүгд л таньж, мэддэг болсон биз ээ.

Б.Цэрэннадмид гуайд учир байдлаа хэлж ойлгуулсны эцэст “Эгэл амьдрал” буландаа урьж, ярилцсан юм.

-За, сайн байна уу та?

-Сайн сайн.

-Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Цэрэннадмид гэдэг. Энэ жил 67 хүрч байна. Хэнтий аймгийн Галшар сумынх. Бага нас маань хөдөө мал дээр өнгөрсөн. Хожим цахилгаанчин мэргэжил эзэмшиж, насаараа уурхайд ажилласан.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Хүү, охин хоёртой.

-Та байнга л энд жижиглэнгийн худалдаа эрхэлж харагддаг. Энд сууж наймаа хийгээд хэдэн жил болж байна вэ?

-19 жил.

-Тэгэхээр хотод эрт орж иржээ?

-1996 онд хотод орж ирсэн. Том хүү маань их сургуулийн хуваарь авч оюутан болсон юм. Төд удалгүй бага охин маань ч оюутан болсон. Тэднийгээ дагаад Улаанбаатар хотод орж ирсэн дээ. Хоёр хүүхдээ хүнээс дутаачихгүй гэсэндээ эрдэм мэдлэгтэй болгох гэж их зүтгэсэн. 

-Тухайн үед их хотын амьдрал таныг хэрхэн угтаж авав?

-Эхний хоёр жил их зовсон. Учраа олохгүй олон ч газраар явсан. Социализмийн үеийн бид ямар бэлэн мөнгөтэй байсан биш. Амьдрал үнэхээр хэцүү байсан. Хотынхон айхтар муухай ааштай. Юм асуухаар өөдөөс загнана, зандрана. Гэтэл хөдөөний надаас л бүх зүйл шалтгаалдаг байсан юм билээ. Би бүх хүнтэй дуугарч, тэд ч надад бүгдийг зааж, туслах ёстой гэж бодож байсан.

Гэтэл хот газрынхан тийм биш байсан л даа. Автобус асуухаар хэлж өгдөггүй байсан нь мэдэхгүй болоод л дуугардаггүй байсан юм билээ. Хамгийн сонин нь өнөөдөр би өөрөө тийм болчихсон байх юм. 

-Наймаагаа анх хэдэн төгрөгөөр эхэлж байв даа?

-Их сонин хувь тавилангаар наймаа хийж эхэлсэн. Хөдөөнөөс орж ирээд хамаг мөнгөө дуусгачихсан. Хамгийн сүүлийнхээ 1000 төгрөгөөр наймаагаа эхлүүлж байлаа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг бий. Анх жижиг хайрцаг 50 төгрөгөөр худалдаж аваад үлдсэн мөнгөөр нь тамхи, хэдэн чихэр авч зарж эхэлсэн.

-Ашиг хэр олох уу?

-Сайн байсан. 1000 төгрөг маань нугардаг байлаа. Би өдөрт 200 төгрөг далд хийнэ. Оймсондоо хийгээд өөрөөсөө хүртэл нуучихна. Арав хоногт 2000 төгрөг болно. 1996 онд энэ бол их мөнгө. 

Харин өдөрт хоёр ширхэг л бууз иднэ. Тухайн үед Техникийн захын ойролцоо нутгийнхаа айлындаа байсан юм. Тэднийдээ өдөрт 250 төгрөг үлдээнэ. Миний үлдээсэн мөнгөөр захаас хоосон яс худалдаж аваад шулж хоол хийж иддэг. Амьдрал ингэж л эхэлсэн.

-Наймаа хийх санаагаа яаж олж авсан юм бэ?

-Хөдөөнөөс дөнгөж ирээд цай зардаг байсан. Айлд зүгээр суугаад байж болохгүй шүү дээ. Хүмүүс цайг маань их дуртай худалдаж авна. Даанч ашиг нь бага. Тэгээд л тамхи зарахаар шийдсэн. Анх гудамжинд их ганган хувцастай наймаа хийж байлаа. Савхин дээлтэй гээд бод доо. 

Тэгсэн нэг өдөр цагдаа хүрч ирээд миний зарж байсан барааг минь хураачихдаг юм байна. Цагдаагийн араас дагаж алхсаар хэлтэс дээр ирсэн. Учир байдлаа хэлж гуйлаа, азаар тэр цагдаа намайг хараад өрөвдсөн үү яасан, барааг минь буцаагаад өгчихсөн.

Хүн ямар нэгэн зүйл хийхгүй бол эрүүл мэндэд их муу. Ямар нэгэн байдлаар юу ч хамаагүй хийж л байх хэрэгтэй. Дуртай зүйлээ хийх шиг сайхан зүйл байхгүй.

Үнэндээ 1999 он хүртэл наймаа их ашигтай байсан. Гэвч 2000 оноос хүн бүхэн ширхэгийн тамхи зардаг болчихсон. Зах зээл ч хүнд болсон. Зах зээлээ дагаад хүмүүс хүртэл тамхиныхаа татдаг тоог цөөлсөн.

Тэгэхээр нь би модтой чихэр, хятад чавга зарж эхэлсэн. Хятад чавга их сайн гүйнэ. Тэр намар самар ч их ургасан. Ингээд нэг хайрцаг байсан бол хоёр гурван хайрцаг бараа зардаг болсон. 

-Амьдрал ахуй тань ч гэсэн дээшилсэн үү?

-Нэг үеэ бодоход сайжирсан. Амьдрал хамаагүй дээр болсон. Ардчиллын буянаар өөрийн гэсэн газартай болсон. Хоёр хүүхэд маань ч ажилчин болсон. Гурвуулаа нийлж байгаад авсан газартаа хашаа хатгаж байшин барьсан. 

Өдийгөөс төдийг хүртэл би хэнээс ч хоолны мөнгө гуйгаагүй. Бор зүрхээрээ л амьдарч, ам­жиргаагаа залгуулж ирсэн. Хүн орлоготой байх шиг сайхан зүйл байхгүй.

Хүнд хийх ажилтай байх шиг сайхан зүйл байдаггүй. Ямар ч ажлыг голохгүй хийдэг, хувирч чаддаг л байх ёстой гэж боддог. Энэ л онолоор хоёр хүүхдээ өсгөсөн. Одоо хоёр хүүхэд маань тус тусынхаа ажлаа хийгээд сайхан амьдарч яваа.

-Одоо наймаа тань хэчнээн төгрөгөнд эргэлдэж байна вэ?

- Боломжийн хэмжээнд 300-400 мянган төгрөг.

-Ингэхэд хүүхдүүд тань наймаагаа хийхээ боль гэж хэлэх юм уу?

-Байнга боль гэдэг. Өөдөөс нь би та хоёр надаас уйдаа юу гэж хэлдэг юм. /Инээв/ Хүн ямар нэгэн зүйл хийхгүй бол эрүүл мэндэд их муу. Ямар нэгэн байдлаар юу ч хамаагүй хийж л байх хэрэгтэй. Дуртай зүйлээ хийх шиг сайхан зүйл байхгүй. Би юу ч хийхгүй гэрт суувал даралттай болохоос эхлээд өвчний үүр уурхай болно шүү дээ. Тиймээс дуртай зүйлээ хийгээд, хэнээс ч гуйхгүй амьдрахыг хүсч байна.

-Таны нэг өдрийн ажил яаж эхэлдэг вэ?

-Би өглөө 06:20 цагт гэрээсээ гардаг. Явсаар 06:50 цагт энэ автобусныхаа буудал дээр ирдэг. Тэгээд л орой 21:00 цаг хүртэл сууна. Үнэнийг хэлэхэд өглөө наймаа тийм ч сайн байдаггүй. Гэсэн ч би өглөө эрт ирэх ёстой гэж боддог.

-Яагаад?

-Би энд 19 жил ажиллалаа. Ашиг муутай нь хамаагүй ээ, надаас өглөө бүр кофе худалдаж аваад сурчихсан хүмүүс бий. Намайг ирэхгүй бол тэд маань уух кофегүй болчихно шүү дээ. Ингэж бодохоор л өглөө эрт ирмээр санагддаг. Наймаа минь ашиггүй байсан ч гэсэн тэдэндээ ганц кофег нь өгөх гэж ажилдаа яардаг.

-Та байнга хүмүүстэй харьцаж байдаг. Хуучин цагийг бодоход сүүлийн үед иргэдийн зан ааш, хоорондын харилцаа ямар болж байна вэ?

-Хуучин бид дэндүү налгар байж. Одоо хүмүүс хүн чанар муудсан гэж ярьдаг. Би тэгж бодохгүй байна. Харин ч цэгцтэй болсон. Залуучууд нэг үеэ бодоход манайх, танайх гэдгээ ялгадаг болчихсон байна.

Эмээ бид хоёр ийн хөөрөлдөв. Б.Цэрэннадмид гуай надтай ярилцах зуураа ч наймаагаа хий­сээр. Лав гурван мянган төг­рөгийн зүйл зарсан байх шүү. Үйлч­лүүлэгчид нь ч ганцхан түүнийг зорьж ирээд худалдаа хийх юм гээч. Бахархмаар ч юм шиг.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.