Месси бол "Ямаа" юм

Twitter Print
2021 оны 08-р сар 10-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Энэ залуу дэлхийн гайхамшиг. Гайхамшиг учраас "Барса"-гаас явж буй түүх нь дэлхийг донсолгож байна. Явахаас ч өөр аргагүй байлаа. Өөрөө хүссэн ч, баг нь хичээсэн ч дүрэм гэдэг зүйлд чөдөрлүүлчихлээ.

Леонель Месси дэлхийн хөлбөмбөгийг өөрчилсөн гэдэгтэй хэн ч маргахгүй. Маргах хүн байвал! "Inmessionante" гэдэг испани үгийг тайлж ойлгох гээд үзээрэй. Мессигийн тоглолтын хэв маягт өгсөн нэр томъёо. Испани хэлний толь бичигт орсон ч үг. Дэлхийн No1 спортод өөрийн гэсэн хэв маягийг хүлээн зөвшөөрүүлж, тусгай нэр томъёотой болно гэдэг аугаа хүний л хийж чаддаг үйл юм. Яг л дизель моторыг бүтээсэн Рудольф Дизель шиг.

Месси хөдөлмөр хүнийг бий болгосны аугаа жишээ юм. Өсөлтийн гормоны хомсдолтой гэдэг оношийг 11 настайдаа тогтоолгосон ч тэрбээр хөлбөмбөгийн бэлтгэлээ илүү их хийсэн. Их хийж ур суусныхаа хүчээр алдарт "Барселона" багтай 13 насандаа гэрээ байгуулсан байдаг. Гэрээгээр шинэ баг нь түүний эмчилгээнд шаардлагатай жилийн 100 мянган еврогийн зардлыг даах үүрэг хүлээсэн. "Барса"-гийн спортын захирал Решак ирээдүйд шуугиулах алт шиг хөлбөмбөгчнийг өөр багт алдчихгүйн тулд Месситэй хийсэн анхны уулзалт дээр гэрээг сальфеткин дээр бичиж байгуулсан. Он сар нь 2000 оны 12 сарын 14. Энэ гэрээг сүүлд нортариатаар албажуулсан түүхтэй. Сальфектин дээрх гэрээ үнэт өв болон өнөөдөр Андорра улсын Credit Andorra банкинд хадгалагдаж байна.

Лионель Андрес Мессигийн судсаар итали, испани цус гүйж байгаа. Түүний удмынхан IX зууны төгсгөлд Аргентинд анхлан суурьшжээ. Месси болохоор Росарио хотод мэндэлсэн. Латин Америкийн ард түмнүүдийн шүтээн, цуут тэмцэгч Эрнесто Че Гиварагийн төрөлх хот. Эндээс мөн Макси Родригес, Ди Мариа, Мауро Икарди гэсэн хөлбөмбөгийн алдартнууд төрөн гарсан.

Лионель нэрний угшил нь Грек хэлнээс гаралтай. Арслан гэж орчуулагдана. Леон, Леонардо, Лев гэсэн орон орны нэрнүүдтэй угшил болоод утга нэг юм.

Түүнийг "Бүүрэг", мөн "Жаал" гэж хочилдог. Хурдан хөдөлгөөнтэй, маневр сайтайгаар нь "Бүүрэг" гэх бол намхан нуруугаар нь "Жаал" гэж нэрлэдэг. Гэхдээ Месси "Ямаа" нэрэндээ илүү дуртай. Хүмүүс хошигнож л ингэж дууддаг болохоос уг нь бол G.O.A.T. буюу Greatest Of All Time юм. Бүх үеийн хамгийн аугаа. Аугаа хүн ч гэсэн өөрийн гэсэн шүтээнтэй байдаг. Тэр нь Пабло Аймар. 2000 оны эхээр Европт мандаж явсан аргентин хагас хамгаалагч юм.

Ийм гайхалтай түүхтэй гайхалтай хөлбөмбөгчин багаа сэлгэж байна. Месси багаа сэлгэсэн болохоор хөгжөөн дэмжигчид нь ч гэсэн сэлгэж таарна. "Пари-Сен-Жермен"-д очвол хэдэн жил тэднийг л дэмжиж таарна мань мэт нь. Францын багийн катар эзний төлөвлөгөөгөөр бол Месси Катарт 2022 онд болох ДАШТ-ий гол нүүр царай болох юм. Учир нь катарчууд өөрийн орондоо зохиох тэмцээнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг ДАШТ болгохыг зорьж буй. Тэгэхээр Месси найз Неймарынхаа хамтаар түйвээж өгөх биз ээ.

Месси "Барса"-гаас явсан нь гунигтай ч, замналынх нь нэгэн шинэ, бас амттай мөчлөг эхэлж байна. Тийм ч учраас дэлхийн бүх хэвлэл, телевиз, сайт, радио гагцхүү түүний талаар мэдээлж байна. Энэ донсолгосон хэрэг мөн бээз? Диего Марадона "Барселона"-гаас "Наполи"-д очсоноос хойш хэн нэгэн хөлбөмбөгчин ертөнц дэлхийг ингэж донсолгож байсангүй. Месси үнэхээр аугаа юм.

Жалсрайн БАЯРЖАРГАЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.