Хинамацүри(雛祭り)буюу Охидын баяр

Twitter Print
2021 оны 03-р сар 03-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Охин хүүхэдтэй Япон гэр бүлийн хувьд нэгэн чухал баяр бол охидуудыг эрүүл энх, жаргалтай өсч бойжихыг бэлэгдэн 3 дугаар сарын 3–нд тэмдэглэдэг, эртний уламжлалт Хинамацүри буюу Охидын баяр юм.

Энэ өдөр охидууддаа зориулан айлууд хина нингёо хэмээн нэрлэгддэг гоёмсог хүүхэлдэйнүүдийг улаан хивсэнцрээр бүрж шат маягаар 3, 5, 7 тавцан давхарласан тавиур дээр өрж тавин чимэглэдэг.

Энэхүү тавиураа жүрж болон тоорын цэцэг дэлбээгээр гоёно. Энэхүү гоёл чимэглэл бүхнийг энэ баярт зориулан нээгдэх Хина но ичи буюу Хина баярын зах дээрээс худалдаж авдаг. Охидуудынхаа баярт бэлтгэн зах дэлгүүрээр явж буй аав ээжүүд хоорондоо ярьж хөөрөлдөн, өмнө нь худалдан авсан гоёл чимэглэлээ хэрхэн хадгалж байгаа болон энэ жил ямар хүүхэлдэй авах гэж байгаа зэргээ нэг нэгэндээ сонин болгон ярьж уулзалдах нь тэдний хувьд бас л нэгэн баяр болдог.

Энэ баяраар охидууд гоёмсог сайхан кимоно өмсөж, айлд зочлон, нэг нэгэндээ бэлэг барьцгаана. Баярын өдөр охидууд амттан, будааны мочи гурилаар хийсэн боов идэцгээдэг.

May be an image of indoor

Баяраар аав ээж нь үндэснийхээ хувцсаар гоёсон охидууддаа зочид гийчидтэй хэрхэн зөв харьцаж мэндчилэх, биеэ яаж авч явахыг нь зааж сургадаг байна.

Гоёмсог сайхан хүүхэлдэй тоглоомын чимэглэл, үндэсний хувцас кимоно, амттан идээ будаа, зөв сайхан мэндчилгээ хүндэтгэлийн үг хэллэг сурах гэх мэт Хина баярын уур амьсгал нь Япон охидуудын хувьд насан туршдаа үл мартагдах сайхан үйл явдал болдог билээ.

Дэлэгийн Төмөрбаатар

Япон судлаач

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.