ОХУ Финландад цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсооно

Twitter Print
2022 оны 05-р сар 14-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын эрчим хүчний РАО Нордик компани энэ бямба гарагаас Финландад цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоохоо мэдэгджээ. ОХУ-ын талаас мэдээлснээр энэ нь төлбөр тооцоотой холбоотой асуудлаас болсон аж.

Финландын Fingrid эрчим хүчний компаниас мэдэгдсэнээр ОХУ-ын нийлүүлж байсан цахилгаан эрчим хүч нь Финляндын нийт эрчим хүчний 10 орчим хувийг л эзэлдэг. Финланд улс Шведээс импортлох эрчим хүчээ нэмэгдүүлснээр ОХУ-ын импортыг нөхөж чадах учраас цахилгаан эрчим хүчний хомстол үүсэхгүй гэжээ.

Түүнээс гадна Финландад цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор эрчим хүчний эрэлт буурч, шинээр баригдаж буй атомын цахилгаан станц нь энэ зун нээлтээ хийснээр финландчууд ОХУ-ын цахилгаан эрчим хүчний импортыг өөрсдөө хангалттай нөхөж чадна гэж үзэж байна.

Финланд улсын хувьд НАТО-д элсэх хүсэлтээ өгөхөөр бэлтгэж байгаа тухайгаа мэдэгдсэн ба Финланд НАТО-гийн гишүүн орон болсон тохиолдолд ОХУ хариу арга хэмжээ авахаа мөн мэдэгдсэн билээ. Финланд улс хөрш ОХУ-тай зөрчилдөхөөс зайлсхийн НАТО-гийн гишүүн орон болох тухай сэдвийг өмнө нь хөнддөггүй байсан ч ОХУ Украин руу довтолсноос хойш Финландын эрх баригчид уг асуудлыг нухацтай авч үзэж, иргэд нь ч НАТО-д элсэхийг дэмжиж эхэлсэн юм. Финланд улс энэ ням гарагт НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор зарлах төлөвтэй байна.

РАО Нордик компани Финландад цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоосон нь Финланд НАТО-д элсэх гэж буй асуудалтай холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа ч ОХУ-ын эзэмшлийн РАО Нордик компани Финландын талтай 20 гаруй жил хамтран ажилласан хугацаанд ийм зүйл анх удаагаа тохиолдож байгааг онцолжээ.

ОХУ-ын РАО Нордик болон Финландын Фингрид компанийн аль аль нь төлбөр тооцооны асуудлын тухай тодорхой тайлбар өгөөгүй аж.

Өнгөрсөн сард ОХУ төлбөрөө рублиэр хийхээс татгалзсан шалтгаанаар Болгар болон Польшид байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон бол энэ долоо хоногт ОХУ-ын "Газпром" компани Польшийн нутаг дэвсгэр дээгүүр явж буй хийн хоолойгоороо хий дамжуулахаа зогсоохоо мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.