Б.Догмид - “Бал” даргыг дайлсан нь

Twitter Print
2020 оны 04-р сар 06-нд 20:23 цагт
Мэдээний зураг,

Жараад онд манай Алтанширээ сум малаа өсгөж, соёл урлагаа хөгжүүлсний төлөө Сайд нарын Зөвлөлийн дурсгалын туг, мөнгөн шагналаар шагнагдан мандаж байсэн тэр жил Цэдэнбал дарга айлчлан ирсэн юм билээ.

Тэрбээр хөдөөгийн хүмүүсийн бодол хүсэл, малчдын амьдрал ахуй, мал аж ахуйн материаллаг баазтай танилцжээ. Очихоос нь бараг сарын өмнөөс эхлэн Бал даргын орох айл, уулзах хүний хэлэх үг, өмсөх дээл хувцас, унах морь, тохох эмээл, үзүүлэх хашаа худаг, явах зам маршрутыг урьдчилан тогтоож, замынх нь хайрга чулууг түүж, харгана бутыг нь ногооноор будахаас наахнуур бэлтгэл ажил хийжээ. Аймгийн сайн малчин Аюурзанын хашаа бууц, хот хороог хүртэл нэгдлээс хүмүүс гарган цэвэрлүүлж, сумын эмч, багш тэргүүтэй арай гайгүй гэсэн царай зүстэй охид, хүүхнүүдийг шилэн аягачин, шивэгчнээр томилон бэлдүүлсэн байна.

Хамгийн гол нь өрхийн тэргүүн Аюурзана хар бор ажил, мал ахуйд сайн ч яриа хөөрөө нь баахан задгай, хаашаа хамаагүй хадуурч халтирдаг, аманцар хүн учраас Цэдэнбал даргатай уулзаад юу ярихыг нь цаасан дээр бичүүлж, зөвхөн асуусан асуултад нь маш товч бөгөөд цэгцтэй хариулах зааварчилгааг сумын намын үүрийн даргаас авчээ. Тэгээд товлосон өдөр болж аймгийн намын хорооны товчооны гишүүд, сумын дарга нар тэргүүтэй арваад машинтай хүмүүс Цэдэнбал даргыг дагалдан Аюурзанынд ирэв гэнэ. Гэрийн хойморьт зассан идээ будааны ард Бал дарга, гэрийн эзэн хоёр зэрэгцэн морилж, аймгийн дарга нар дэргэд нь шадарлан суусны дараа ажил амьдралын халуун яриа өрнөжээ.

Хавар цаг байсан тул Бал дарга ус бэлчээр, өвс тэжээлийн хүрэлцээ, төл бойжилт ямар байгаа тухай сонирхоход Аюурзана өврөөсөө цаас гарган, намын дарга руу харснаа:

- Манай сумынхан ч өвс хадлангийн талаар умаахан шүү дээ. Яриад байх юм тун багатай улс. Учир юун хэмээвээс хадуур тармуураар авах өвс ургадаггүй учраас өвс хадна гэж ярихын оронд өвс түүнэ гэж ярьдаг хүмүүс. Өвс ногоо тачир ургадаг ч гэсэн малын хошуу уран юм болохоороо ам нь хөдлөөд л байдаг юм. Мал яах вэ. Малчин бидний гарт орсон ажил. Санаа зовох юм байхгүй дарга минь. Харин та нэрэлхэлгүй юм идэж, уу. Хөдөөний бид чинь хамаагүй шүү дээ. Юм байвал хуваагаад л цохичихно. Эхнэр хүүхдүүд маань ч энээ тэрээ, цаашаа наашаа гэж маяглахгүй амар.

- Танайх хүүхэд, ач гуч олонтой юу гэвэл:

- Хамт олон, дарга нарынхаа буянаар хүний өөрийн нийлсэн овоо хэдэн хүүхэд байна. Би шүтлэгтэй хүн болохоороо хүүхэд, мал хоёроо тоолох дургүй.

- Худаг, усны хүрэлцээ хангамж гайгүй биз дээ?

- Манай нутагт задгай ус, булаг шанд ховор учраас усны асуудал хүнд дээ. Суганыхаа булчирхайг цочтол ховоо татаж, насаараа худаг шавхаж явна. Өдөржин өцгөнөж, шөнөжин оцгоноод ч бүтэх ажил алга. Гэтэл хажуунаас нь нэг дарга:

- Нөхөр Аюурзана! Даргатай зөв боловсон харьцана шүү. Бүдүүлэг үг, хэллэг хэрэглэхийг хориглож байна гэвэл, Бал дарга түүнийг өмөөрч,

- Ямар илтгэл тавьж байгаа биш, цаас хараад яах вэ. Буруу ярьж, зөв ойлгодог ч гэж үг бий. Аюурзана та өөрийнхөөрөө чөлөөтэй ярь. Танай суурийнхан ойрын болон хэтийн ямар ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна даа, Аюурзана гуай.

- Төлөвлөгөө ч байнаа байна. Гэтэл тэр төлөвлөгөө маань биелүүлэх аргагүй болчихоод байна. Би улсын сайн малчны болзлыг аль эрт хэдэн жилийн өмнө хоёр ч удаа хангасан хүн. Гэтэл гэр бүлийн талаар тогтворгүй гээд ... Бал дарга цочих мэт Аюурзана руу нэг том харснаа:

- Юун, яасан гэр бүл ... байдаг билээ ...

- Тэр жил би улсын сайн малчны зөвлөгөөнд шалгарч Москвад айлчлах урилгаар шагнуулсан юм. Тэгээд буудлын үйлчлэгч орос эхнэрийг эгдүү хүргээд байхаар нь санаандгүй нэг үнсээд, буцахдаа баярлалаа гээд хэлэх гэсэн чинь үгээ андуураад “Хайртай, дуртай” гээд хэлчихсэн юм байх аа. Бас нэг муу орос цагдаа бүсэндээ хавчуулсан хэт хутгыг маань хурааж авах гээд ноцолдоод байхаар нь дургүй хүрээд барьж аваад тонгорчихсон чинь чулуун шалан дээр толгойг нь хагалчихаж. Энэ бүхнийг маань биднийг авч явсан ХААЯ-ны нэг дарга Зөвлөлтийн хүнтэй зүй бусаар харьцсан гээд манай сумын дарга нарт албан бичгээр мэдэгдчихэж. Түүнээс хойш намайг гэр бүлийн талаар тогтворгүй, завхай зайдан явдалтай, архи дарс ууж, цагдаагийн эрх чөлөөнд халдсан гээд дээшээ гаргахаа байчихсан юм гэв. Гэтэл сумын дарга тэсвэр алдан:

- Нөхөр Аюурзана амаа татаж, үгээ бодож яриарай гэхэд хэдэн хундага архи татсан Аюурзанын дуу чангарч:

- Таны гадуур хүүхдүүд энэ суманд минийхээс олон байх шүү. Ний нуугүй хэлэхэд та бид хоёр адилхан хэн хэнийгээ зэмлэх эрхгүй улсууд шүү. Гэрт байсан хүмүүс цөм эвгүй байдалд орж чимээгүй болоход Бал дарга ярианы сэдвийг өөр зүг рүү эргүүлэн:

- Эрхэм дарга нар минь энэ мэт жижиг сажиг инээдмийн юмаар нөхөр Аюурзанын ажил, хөдөлмөрийг дарж болохгүй шүү. Андуурах явдал хэнд ч байдаг. Би анх Зөвлөлтөд сургуульд оччихоод бас хэн нэгэнд баяртай гэж хэлэх гээд “Прощай” гэж хэлээд хүн гомдоож байсан удаа бий. “Прощай” гэж юу гэсэн утгатай үг билээ гэж нийтийн дунд асуулт тавихад, буруу хэлчих вий гэж болгоомжлоод нэг ч дарга ам нээгээгүй гэдэг. “Прощай” гэдэг маань монголоор үүрд баяртай, хагацъя гэдэг үг байж шүү дээ. Тэгэхээр Аюурзанын улсын сайн малчны тодорхойлолтыг миний нэр дээр явуулаарай. За Аюурзана та бид хоёр бага сага адал, явдалтай ч гэсэн сайхан танилцлаа. Танай гэр бүлийнхэнд амжилт, аз жаргал ерөөе гэж хэлээд гарын бэлгээ гардуулан явахаар босох гэтэл Аюурзана шил архи задлан дунд гарын хоёр мөнгөн аяганд мэлтэлзүүлэн дүүргэж:

- Дарга минь, мунхаг намайгаа өршөөгөөрэй. Та бид хоёр дахиад уулзаа ч билүү, үгүй ч билүү. Хоёулаа нэг хундага тулгачихъя гээд хоёр гардан барихад, даргын комиссар нь хориглох гэсэн боловч Аюурзана:

- Би сайн ч муу ч гэрийн эзэн, төрийн эзэндээ юу барихаа чамаар заалгахгүй гэж зандарсанд хэн ч дахин хориглож чадсангүй. Тэгээд тэр хоёр аягатай архиа тулган хоёул ёроолыг нь гартал хөнтөрчихөөд тэврэлдэн салсан гэдэг.

Төгсгөл үгүй төрийн албанд зүтгэж, залуу насаа элээсэн Цэдэнбал дарга маань дуртай айлдаа ороод аяга цай уучих эрх мэдэлгүй явсан ч, Алтанширээгийн Аюурзана хэмээх тэр хээ шаагүй, бүдүүн хадуун хөдөөх эрийн буянаар анх удаа аяга дүүрэн сархад таалсан ч байж магадгүй хэмээн манай сумынхан өөрсдөө дайлуулсан юм шиг одоо хүртэл их л олзуурхан дурсан ярьцгаадаг юм.

2020.04.05

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Уншигч

      (64.119.22.103) 2020-04-07 10:05
      • 0
      • 0

      Б.Догмид сүүлийн үед баахан худлаа юм бичдэг болж дээ. Хүн хөгшрөөд ирэхээрээ мэдэх юм ихдээд, худлаа буудах нь ихдээд, өөрийгөө дөвийлгөөд эхэлдэг дээ.Догмид тэр замаар орж дээ. Тулхтай хөгшрөхсөн дөө.

      Хариулах