Тэр өөрт байгаа бүх зүйлээ өгсөн юм...

Twitter Print
2022 оны 10-р сар 23-нд 18:32 цагт
Мэдээний зураг,

Худалдагч дэлгүүрийнхээ лангууны ард зогсоод хүнгүй гудамж руу харна. Нэг бяцхан охин дэлгүүр рүү нь шуудхан алхаж ирээд, шилэн үзмэрт нь бараг л наалдчихав. Тэгээд хайж байсан зүйлээ олов бололтой, баярласнаасаа болоод нүд нь баясан гялалзав. Тэр дотогш орж, оюу зүүлт үзүүлэхийг хүслээ.

- Үүнийг би эгчдээ зориулж авах гэсэн юм. Та сайхан боож өгч чадах уу? хэмээн охин асуув. Дэлгүүрийн эзэн нь жаахан охин руу итгэлгүйхэн харснаа:

- Чамд хэр их мөнгө байгаа юм бэ дээ?

Охин халааснаасаа алчууранд боосон юм гаргаж ирэн, лангуун дээр дэлгэхэд, цөөн хэдэн тооны задгай мөнгө харагдав. Тэгээд их л итгэлтэй гэгч нь дуугаар,

- Энэ хангалттай юу? гэв.

Цөөхөн хэдэн жижиг зооснууд байлаа. Охин тун ч бахархалтай нь аргагүй цааш үргэлжлүүлэн:

- Би ганцхан эгчдээ л бэлэг өгөхийг хүссэн юм л даа. Ээжийг өнгөрснөөс хойш эгч минь л биднийг харж өсгөсөөр, өөртөө ямар ч завгүй болсон. Өнөөдөр түүний төрсөн өдөр нь юм л даа, тэр ийм зүүлт аваад их баярлах байх даа, тэд нүднийх нь өнгөтэй энэ зүүлт яг тохирно гэж би бодож байна.

Худалдагч зүүлтийг аван, дэлгүүрийн арын өрөө рүү орж, бяцхан хайрцаг авчраад, дотор нь өнөөх оюу зүүлтийг хийн, туузаар ороож боогоод, цацаглан зангидав.

- За май! гэж тэр охинд хэлээд,

- Үүнийгээ болгоомжтой авч яваарай! гэж захив. Бяцхан охин гүйж гараад гэр рүүгээ чавхдав.

Ажлын өдөр дуусах дөхөж байтал нэгэн залуухан бүсгүй дэлгүүрийн үүдээр орж ирэв. Тэр худалдагчын мэдэх өнөөх бяцхан хайрцаг мөн боодлын цаас болон зангилаатай туузыг нь лангуун дээр тус тусад нь гаргаж тавилаа.

- Энэ зүүлтийг эндээс худалдаж авсан уу? Ямар үнэтэй байсан юм бэ?

- Аан! - гэж дэлгүүрийн эзэн хэлээд,

- Манай дэлгүүрт байгаа ямар ч бүтээгдэхүүний үнэ өртөг нь үргэлж миний болон үйлчлүүлэгчийн хооронд байгуулсан нууц гэрээнд л байдаг юм.

Бүсгүй:

- Гэхдээ дүү маань ердөө хэдхэн зоосон мөнгөтэй байсан юм л даа. Гэтэл энэ оюу зүүлт чинь жинхэнэ юм байна шүү дээ, тийм үү? Энэ зүүлт маш үнэтэй эд байх ёстой. Бид үүний чинь үнийг нь төлж чадахгүй шүү дээ.

Дэлгүүрийн эзэн хайрцагтай зүүлтийг аваад, баглаа боодлыг нь тун нямбай, дотно дулаахан сэтгэлээр дахин сэргээж боогоод бүсгүйд эргүүлж өгөөд:

- Тэр их өндөр үнэ төлсөн юм шүү... Бүр насанд хүрсэн ямар ч хүний төлж чадахаас ч илүүг төлсөн. Тэр өөрт байгаа бүх зүйлээ өгсөн юм...

Бруно Ферреро

Норзон Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.