Ким Чен Уны санхүүч их хэмжээний мөнгө хулгайлан зугтжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 01-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

БНАСАУ-ын дарга Ким Чен Уны хувийн санхүүч гэддэг Юн Дэ Хен улсынхаа сангаас дор хаяж таван сая ам.доллар хулгайлан зугтсан тухай БНСУ-ын “Чуннан Илбо” сонин уламжилжээ. Тус сонинд, “Хойд Солонгосын “Чосон Дайсон” банкны тэргүүн Юн Дэ Хен ОХУ-ын Находка боомтод сураггүй алга болсон байна. Тэрээр биедээ таван сая ам.доллартай явсан бөгөөд гуравдагч орноос орогнол хүссэн байж болзошгүй” гэж бичсэн байна.

Юн Дэ Хен нь эх орондоо байрладаггүй, харин Оросын хойд хэсэгт нууцаар байрлаж Хойдын удирдагчдын мөнгө санхүүгийн асуудлыг зохицуулдаг байсан байна. Энэхүү хэрэг явдалтай холбогдуулан Хойд Солонгосын эрх баригчид Оросын эрх баригчид, холбогдох албаны хүмүүсээс Юн Дэ Хеныг үтэр түргэн барьж эх оронд нь хүлээлгэн өгөхийг шаардаж байгаа гэнэ. 

Юн Дэ Хен нь Ким Чен Ун болон түүний эцэг Ким Чен Ирын хувийн санхүүч байсан бөгөөд гадаадын банкуудад байрлуулсан нууц активуудыг удирддаг байжээ. АНУ 2010 оны 11-р сард Юн Дэ Хений хянадаг “Чосон Дайсон” банкийг БНАСАУ-ын хилийн чанадад явуулдаг хууль бус санхүүгийн ажиллагаанд хамаатай учир хар жагсаалтдаа оруулж байжээ.

2013 онд АНУ, БНСУ-ын тагнуулчид БНХАУ-ын банкуудад Юн Дэ Хений байрлуулсан БНАСАУ-ын удирдагчдын мөнгийг илрүүлсэн тухайгаа мэдэгдэж байсан удаатай. Үүний дараахан БНАСАУ цөмийн туршилт явуулсан бөгөөд НҮБ-ын гишүүн орнууд тус улсын банкуудын төлөөлөгчийн газрыг нээх, хамтарсан үйлдвэр байгуулах, их хэмжээний мөнгө гуйвуулахыг хоригложээ.

Харин энэхүү мэдээллийг Өмнөд Солонгосын Тагнуулын алба нотлоогүй байна.

Эх сурвалж: http://www.bangkokpost.com/news/asia/429368/north-korean-banker-linked-to-slush-funds-flees-report-says

Э. Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.