Бээжин ховор металлын экспортондоо хязгаарлалт тогтоожээ

Twitter Print
2023 оны 07-р сар 06-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Хятадын эрх баригчид үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс компьютерийн чип, цахилгаан машин, iPhone гар утас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигладаг гали, германий зэрэг ховор металлын экспортондоо хязгаарлалт тогтоож буйгаа мэдэгджээ. Үүгээрээ Бээжин Вашингтоны зүгээс Бээжинд технологийн зарим бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ зогсоох шийдвэр гаргасанд хариу өгч байна хэмээн ажиглагчид үзэж байна.

Нөгөө талаас Вашингтон Бээжин өөр бусад ховор металлуудынхаа экспортыг хязгаарлахвий гэсэн айдастай байгаа аж. 2010 онд Бээжин газар нутгийн маргаантай асуудлаас болж Япон улсад экспортлох ховор металлынхаа хэмжээг хязгаарлаж байсан удаатай билээ. Үүнээс болж Японд үнийн огцом өсөлт үүсэж, Токио ховор металлын импортын өөр эх үүсвэр олох шаардлагатай болсон юм.

Ховор металлуудад химийн үелэх системийн 17 элемент багтдаг бөгөөд эдгээр металлыг лазер, цэргийн техник, цахилгааг машины соронз, салхины эрчим хүчний турбин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, iPhone гар утас зэргийн үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг.

Америкийн Газар зүйн албанаас мэдээлснээр 2022 онд дэлхийн ховор металлын нийт олборлолтын 70 хувийг БНХАУ дангаараа эзэлжээ. Хятадын араас АНУ, Австрали, Мьянмар, Тайланд зэрэг орнууд бичигдсэн байна.

Нөгөө талаас Хятадын ховор металлын экспорт буурсан байна. 2023 оны эхний 5 сарын байдлаар Хятад 20 987 тонн ховор металл экспортлосон нь өмнөх оныхоос 4.4 хувиар буурсан үзүүлэлт аж.

2022 онд Бээжин нийтдээ 48 728 тонн ховор металл экспортлосон нь 2021 оныхоос 0.4 хувиар буурсан үзүүлэлт юм.

АНУ ховор металлынхаа дийлэнх хувийг Хятадаас авдаг байсан ба 2014-2017 онд Хятадаас ховор металлынхаа 80 хувийг импортлодог байсан бол 2018-2021 онд 74 хувь болжээ. 44 сая тоннын нөөцтэйгээр Хятад улс дэлхийд тэргүүлдэг. Тус улсын ховор элементийн нөөц дэлхийн нийт нөөцийн 34 хувийг эзэлдэг байна. Түүний араас Вьетнам, ОХУ болон Бразил улс тус бүр 20 сая гаруй тонн, Энэтхэг 6.9 сая тонн, Австрали 4.2 сая тонн, АНУ2.3 сая тонны нөөцтэй бичигддэг.

Ховор элементүүд нь байгальд маш бага концентрацитайгаар, ихэнхдээ өөр хоорондоо эсвэл уран, тори зэрэг цацраг идэвхт бодистой холилдсон байдалтай олддог байна. Холилдсон байгаа элементүүдийг ялгаж салгах нь маш нарийн түвэгтэй үйл явц бөгөөд энэ үйл явцын үеэр маш хортой хог хаягдал гардаг байна. Энэ шалтгаанаар барууны компаниудын дийлэнх нь уг салбараас гарч, БНХАУ уг салбарын гол тоглогч болж үлдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.