
Сайн байцгаана уу? Нүүр номын андуудаа. Намайг мэдэх нэг нь мэддэг л байх. Би бол хүн байхын үнэ цэнийг мэдэрсэн хамгийн үнэ цэнэгүй Монгол хүн байна. Би та нарт өөрийнхөө Европын Холбооны Улсын жолооны үнэмлэх, эрүүл мэндийн даатгал АОК-ийн гишүүний картаа танилцуулж байна.
Би Германы жолооны үнэмлэхтэй, ADAC байгууллагын гишүүн байлаа, Би эрүүл мэндээ Германы АОК компаниар даатгуулж, миний зохиол бүтээлийн эрхийг олон улсын GEMA байгууллага хамгаалдаг, миний уран бүтээлийг хамгаалах олон улсын дугаар 323 320. Би Герман улсад хүн байхын учир утга, иргэн хүний халдашгүй эрхийг мэддэг байлаа. Эдгээр байгууллагууд ямар учиртай гээч. Миний машин дэлхийн хаана ч эвдэрээд нам зогсоход ADAC шинэ машин гаргаж өгөх, эсвэл эвдэрсэн машиныг засаж өгдөг.
Би дэлхийн ямар ч улсад өвдлөө гэхэд эрүүл мэндийн даатгалын АОК байгууллага ADAC - ын нисдэг тэргээр Германаас нисэж ирээд аваад явна, миний бүтээлийг дэлхийн мухарт, эвдэрхий хүлээн авагчаар хангинахад GEMA байгууллага хамгаалж цацалтын тоогоор төлбөр авч өгдөг. Намайг хоёр хүүхэдтэй, хань ижилтэй нэг өрөө байранд амьдархад, хүүхдийн амьсгалах хүчил төрөгчийн талбай бага байна гэж хоёр өрөө байр олж өгдөг, сарын орлого муудахад ингэж амьдарч болохгүй, та нэмэлт ажил хий гэж ажлын байраар хангадаг тийм л нийгэмд би амьдарч байгаад эх орондоо ирсэн.
Би харь улсын сайханд нь саатаж амьдрах биш сиймхий ч гэсэн эх орондоо ирсэн тэр жил Чинбаа, Сарнай хоёр Америкаас эх орондоо амьдрахаар ирсэн. Бид үсрээд арав гаруй жил эх орондоо амьдарч байна. Бид эх орноо хайрлаж ирсэн. Эх орондоо ч хайртай жирийн нэгэн гэр бүлүүд. Надад олон сайхан урлагийн садан ах эгч, дүүс бий. Хамтдаа олон жил тоглосон морин хуурч анд минь хорт хавдараар нас барлаа, олон сайхан урлагийн нэрт зүтгэлтэн хүмүүс хорт хавдараар түлхүү өвдөж байна, хайрт хань минь энэ өвчнийг тойрсонгүй, Монголын орчин цагийн урлагийг хөгжүүлж яваа чадварлаг анд маань өнөөдөр бүтэн элгээ солиулаад эмнэлэгт хэвтэж байна. Юм л бол архитай холбож урлагийн хүний нэр хүндийг гутааж сэтгэдэгээ болих хэрэгтэй. Бид тийм ч архинд орчихсон хүмүүс биш.
Гурван жилийн өмнө хадам ах маань Германчуудтай машинтай аялалд гараад ОХУ-д маш том осолд орсон. Машин барьж явсан Герман жолоочийг нисдэг тэргээр газар дээрээс аваад явсан. Энэ бол Герман хүний үнэ цэнэ. Миний хадам ах хүнд бэртэл авсан ч цаашаа аялалаа үргэлжлүүлсэн. Өнгөрсөн хавар ах маань Герман улсад хүнд өвдөж эх оронд нь авч ирэхийн тулд бид ямар их зовлонг туулсан гээч. Өөрсдөө бүгдийг зохицуулж байж эх оронд нь авч ирээд хэд хоноод нас барсан. Монгол хүний үнэ цэнэ бол энэ.
Өнөөдөр бид Чинбаа, Сарнай нарынхаа төлөө зүтгэж байгаа нь нэг талдаа Монголын эрүүл мэндийн даатгалын байгууллагын ажлыг өөрсдөө хийж байгаа юм. Дэндүү аймаар нь энэ бүхний доор сөрөг коммент бичиж байгаа хүмүүсийн сэтгэлгээнд ямар ч хөгжил алга. Эх орныхоо төлөө, соён гэгээрлийн төлөө, Монгол улсыг дэлхийд тахладаг шижир авьяаслаг залуугаа хүртэл гутаан доромжлох өнгө аясаар өнөөдрийн нийгмийг шинжиж болно. Чинбаа нэг хормын өмнө өндийж босох ёстой. Түүний бүтээл хичнээн хүнийг амьдруулж, амьдралыг нь аз жаргалаар тэтгэж байгааг бид ойлгох ёстой. Түүний бүтээлийг үнэгүй ашигладаг сонсдог хэрнээ түүний бүтээлийг хамгаалах байгууллага Монголд алга.Өлсөж үхэхгүйн тулд атга гурил худалдаж авдаг хэрнээ эх орноо эгшиглүүлсэний төлөө яагаад уран бүтээлчдийн амьдралыг үнэ цэнэгүйгээр ойлгодог юм бол? Уран бүтээлч нарт хувийн бизнес байхгүй, байнгын цалин ч байхгүй, уран бүтээлээрээ олсон хэдэн цаасаараа уран бүтээлээ хийдэг, ямар ч улсын мөнгө авахгүйгээр эх орныхоо урлагийг хөгжүүлдэг, сурталчилдаг юм. Би тэдний нэг. Монгол улсын үнэ цэнэгүй иргэн байна.
Д.Ганпүрэв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.126.89.14) 2020-01-13 09:52Ард иргэдээсээ дээрэм хийж байж авдаг эрүүл мэндийн даатгалаа хэдэн дарга сайд нарынхаа ханшамж аялал амралт тансаглалд зарцуулаад жирийн иргэдээ хог мэт үздэг,жишээ даатгалаар хорооны эмч бөөн маяг болж бж хөнгөлттэй үнээр эм бичиж өгнө (хүнд өөрөөсөө зүгээр юм өгөх гэж бгаа юм шиг) тэгээд апетикт очино бүх апетикууд даатгалын лимит сар бүрийн 1-2нд дууссан гээд хөнгөлттэй үнээр эмээ өгөхгүй,өндөр үнэ хэлээд жишимч үгүй сууна,бид ингэн ингэн хүний ад болох гэж даатгал төлөх хэрэг бгаа юмуу ер нь
Хариулах
Н.Найдасүрэн
(192.82.71.248) 2020-01-07 19:14Манайхаан даанч дээ. Хүн өвдөж зовоод яая гэж байхад хандив энэ тэр өгөх дургүй бол зүгээр л чимээгүй байгаачээ.Өвдөж зовж яваа хүнийг элдэвээр бичнэ гэдэг бод үнэхээр сэтгэлд багтахгүй зүйл байна шүү.
Хариулах