Токиогоос эх орондоо ирсэн Австралийн тамирчид 28 хоногийн тусгаарлалтанд байна

Twitter Print
2021 оны 08-р сар 12-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

Токиогийн Зуны Олимпын наадамд оролцсон Австралийн зарим тамирчид эх орондоо ирээд 28 хоногийн тусгаарлалтанд оржээ.

Австралид гадаадын орнуудаас ирж буй бүх иргэдийг 2 долоо хоног тусгасрлаж байгаа ба Сидней хотоор дамжин Өмнөд Австрали муж руу зорчсон тамирчид дээрх хоёр долоо хоногоос гадна нэмж хоёр долоо хоног тусгаарлалтанд орох болсон нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.

Үүнтэй холбоотойгоор Австралийн Олимпын хороо, "Бусад улс орнууд эх орондоо ирж буй тамирчдаа угтан, баярлаж байхад манай улс өөрсдийн тамирчиддаа хүнлэг бус, хүйтэн сэтгэлээр хандаж байна. Манай улс тамирчдаа Олимпын наадамд улс эх орноо бахархалтайгаар төлөөлснийх нь төлөө шийтгэж байна" хэмээн мэдэгджээ.

Олимпын наадамд оролцсон Австралийн 16 тамирчин Сидней хотод тусгаарлагдаж байгаа бол Өмнөд Австрали мужийн удирдлагууд Нью Саут Уэльс мужийн Сидней хотод коронавирусын "дельта" хувилбар тархсан байх өндөр эрсдэлтэй хэмээн үзэн Австралийн Олимпын хорооны хүсэлтийг үл харгалзан Сидней хотоос ирж буй тамирчдыг 28 хоног тусгаарлаж байгаа гэжээ.

Австралийн Олимпын хорооны дарга Мэтт Кэрролл, "Олимпод оролцсон манай тамирчид бүгд коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсанаас гадна Токио хотод байхдаа хатуу хяналтанд байж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаж, өдөр болгон коронавирусын шинжилгээ өгч байсан. Тамирчдын өмнөөс өгсөн бидний хүсэлтийг хүлээж аваагүй явдалдаа Өмнөд Австрали мужийн удирдлагууд ямар ч тайлбар өгөөгүй" хэмээн онцолжээ.

Австралийн Спортын Институтын ахлах эмч Дэвид Хьюзийн үзэж байгаагаар 28 хоног тусгарлалтанд байх нь тамирчдын бие болон сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аж.

Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Австралид коронавирусын халдварын 37 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас 947 хүн нас барсан билээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/sport/olympics

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.